Х.Нямбаатар: Нийслэлийн усны салбарын шинэчлэл 2030 он хүртэл үргэлжилнэ

B Shurenchimeg
2026-05-03 15:31:40
Ангилал: Улаанбаатар

Монгол Улсын усны салбар, тэр дундаа Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээ, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй томоохон төслүүдийн талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатартай ярилцлаа. Энэхүү ярилцлагыг 2026 оны дөрөвдүгээр сард хийсэн болно. 

АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын буцалтгүй тусламжаар улаанбаатарчууд усан хангамждаа ойрын хэдэн жилдээ санаа зовохооргүй болж чадлаа. Усны компакт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн, ач холбогдлын хувьд мега төсөл гэж хэлж болохоор гурван төслийн эдийн засгийн үр ашгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? 

Усны компакт гэрээний хүрээнд хэрэгжсэн гурван төсөл нь Монгол Улсын усны салбарт стратегийн ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт боллоо. Зөвхөн эдийн засгийн өгөөжөөр хэмжихээс илүүтэй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулж, хотын цаашдын хөгжлийн суурийг бэхжүүлж буй нь хамгийн чухал. 

Нэгдүгээрт, Усны компакт гэрээний хүрээнд усны шинэ эх үүсвэрийг бий болгож, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг урт хугацаанд тогтвортой хангах боломж бүрдэж байна. Ингэснээр зөвхөн усны хэрэгцээг хангаад зогсохгүй хотын бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлтийг дэмжих үндсэн суурийг бүрэлдүүлж байгаа хэрэг. 

Хоёрдугаарт, дэвшилтэт ус цэвэршүүлэх үйлдвэр төслийн хүрээнд улсын хэмжээнд орчин үеийн өндөр түвшний ус цэвэршүүлэх технологийг Монголд нэвтрүүлсэн. Ингэснээр манай улсын усны чанар, аюулгүй байдал, найдвартай ажиллагаа шинэ шатанд гарч байна. Өөрөөр хэлбэл, бид зөвхөн усны нөөцөө нэмээд зогсохгүй тэр нөөцийг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулах боломжтой боллоо.

Гуравдугаарт, бохир усыг нэг удаа хэрэглээд хаяхгүйгээр бохир ус дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулна. Энэ бол бохир усыг дахин боловсруулах тогтолцооны эхлэл болох юм. Үр дүнд нь цэвэр усаа хэмнэнэ. Усны нөөцийг хамгаална. Тогтвортой хөгжлийг дэмжинэ зэргээр ач холбогдлыг нь харвал өргөн цар хүрээтэй. Дээрх гурван төсөл бол Монголын усны салбарт шинэ эх үүсвэр, шинэ технологи, шинэ тогтолцоог авчирч, усны салбарын тогтвортой хөгжлийг бий болгож байна. 

Усны компакт хөтөлбөр дууссаны дараа эдгээр байгууламжийн үйл ажиллагааны зардлыг ямар эх үүсвэрээр тогтвортой санхүүжүүлэхээр тооцоолж байгаа вэ? 

Мэдээж усны үйлчилгээний үнэ тариф нь бодит өртөг, зардлаа нөхөх хэмжээнд хүрэхгүй бол ийм том дэд бүтцийг урт хугацаанд тогтвортой ажиллуулахад хүндрэл үүснэ. Өөрөөр хэлбэл, үйлчилгээний байгууллага өртөг, зардлаа нөхөж чадахгүй бол цаашдын тогтвортой байдал эрсдэлд орно гэсэн үг. 

Өнөөдрийн байдлаар манай улсад нэг литр усны үйлчилгээний дундаж өртөг 2.65 төгрөг байгаа бол тариф нь дунджаар 1.18 төгрөг байна. Тиймээс үйлчилгээнийхээ тогтвортой ажиллагааг хангахын тулд усны тарифыг дунджаар гурван төгрөгт хүргэх шаардлага бий. 

Нийслэлийн усны хэрэглээ сүүлийн 10 жилд хэрхэн өссөн бэ, энэ өсөлт цаашид хэрхэн өөрчлөгдөх төлөвтэй байна вэ? Гүний усанд тулгуурласан өнөөгийн систем, хангамж урт хугацаандаа тогтвортой байж чадах уу? 

Улаанбаатар хотын хүн амын өсөлттэй зэрэгцэн усны хэрэглээ сүүлийн 10 жилийн хугацаанд хурдтай өсөж байна. Цаашид ч өснө. Арван жилийн өмнө Улаанбаатар хот батлагдсан гүний усны нөөцийнхөө 58 хувьтай тэнцэх хэмжээний усыг ашиглаж байсан. Харин 2025 оны байдлаар 70 хувьтай тэнцэх хэмжээний усыг өдөрт хэрэглэж байна. 12 хувийн өсөлттэй гэсэн үг. Усны хэрэглээ хурдтай өсөж байгаа учраас гүний усанд тулгуурласан өнөөгийн системээр урт хугацаандаа хэрэглээг хангана гэдэг сайн шийдэл биш. Усны компакт төслийн үр дүнд гүний усны хэрэглээг тогтвортой барьж, усны хэрэглээг нөхнө. Төслүүд бүрэн хэрэгжиж дуусаад, 2030 он гэхэд Улаанбаатар хотын иргэдийн усны хангамж, хэрэглээнд хэд хэдэн бодит өөрчлөлт гарна гэж харж байна. 

Нэгдүгээрт, усны хүртээмж нэмэгдэнэ. Шинэ дэд бүтцүүдийг төвлөрсөн шугам сүлжээнд холбох боломж бүрдэж, иргэдийн амьдралын чанарт шууд эерэг нөлөө үзүүлнэ. 

Хоёрдугаарт, бохир ус дахин боловсруулж, дулааны цахилгаан станц зэрэг томоохон хэрэглэгчид гүний ус хэрэглэхээ багасгаж, хэмнэсэн усыг иргэд, аж ахуйн нэгж хэрэглэнэ. 

Гуравдугаарт, дэвшилтэт ус цэвэршүүлэх технологи нэвтрүүлснээр олон улсын стандартад нийцсэн чанартай усыг шинэ эх үүсвэрээс хэрэглэгчдэд түгээх боломж бүрдэж байна. 

Дөрөвдүгээрт, ус хэрэглэх соёл, хандлага өөрчлөгдөнө. Усны нөөц хязгаарлагдмал гэдгийг ойлгож, хэмнэлттэй, ухаалаг хэрэглээнд шилжих суурь болно. Дүгнэж хэлбэл, 2030 он гэхэд Улаанбаатар хот тогтвортой, найдвартай ус хангамжтай, үр ашигтай хэрэглээтэй хот болох суурийг өнөөдрөөс тавьж байна. 

Хэрэв АНУ-ын ард түмний буцалтгүй тусламж гэж хэлж болохоор энэхүү хөрөнгө оруулалт хийгдээгүй байсан бол нийслэлийн усны хэрэглээ ямар хязгаарт хүрэх байсан бэ? 

Усны компакт гэрээний төслүүд хэрэгжээгүй байсан бол Улаанбаатар хотын усны салбарын тулгамдсан асуудлууд илүү хурцдах эрсдэл учирна. Юун түрүүнд, усны нөөцийн хомсдол бодит хязгаартаа ойртох байлаа. Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэржилт, хотжилт тасралтгүй өсөж байгаа энэ үед шинэ эх үүсвэргүйгээр зөвхөн одоогийн газрын доорх усны нөөцөд түшиглэх нь усны эх үүсвэрийн ачааллыг нэмэгдүүлж, урт хугацаандаа усны тогтвортой хангамжид ноцтой эрсдэл үүсгэх байсан. 

Мөн эдийн засаг, хот байгуулалтын хөгжил усны нөөцийн боломжоор хязгаарлагдах байлаа. Шинэ орон сууцны хороолол, үйлдвэрлэлийн бүс, дэд бүтцийн өргөтгөлүүд усны хүртээмжгүйгээс шалтгаалан удаашрах, эсвэл хязгаарлагдах нөхцөл үүсэх байсан. Түүнчлэн бохир усыг дахин ашиглаж чадалгүй өндөр чанарын цэвэр усыг үйлдвэрлэлийн зориулалтаар үргэлжлүүлэн ашиглах байлаа.

Энэ нь ундны усны нөөцөд нэмэлт дарамт болж, усны үр ашиггүй хэрэглээг улам даамжруулах эрсдэлтэй. Товчхондоо, эдгээр төсөл хэрэгжээгүй бол усны хомсдол, хүртээмжийн асуудал, нөөцийн дарамт, хөгжлийн хязгаарлалт зэрэг асуудлууд илүү ноцтой түвшинд хүрч, Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн нэг том саад болох байсан. 

Иргэдийн хувьд дахин боловсруулсан “саарал ус” гэдэг ойлголтод итгэх итгэл сул байдаг. Энэ тал дээр ямар стандарт, баталгаажуулалт, хяналтын механизм ажиллаж байгаа вэ? 

“Саарал ус” гэдэг ойлголтоо эхлээд тайлбарлая. “Саарал ус” гэдэг нь зөвхөн ахуйн хэрэглээнээс гарч байгаа буюу шүршүүр, гар угаагуур, угаалгын машинаас гарч байгаа бага бохирдолтой усыг хэлдэг. Үүнд, ариун цэврийн өрөөний суултуур, гал тогооны угаагуурын бохир ус хамаарахгүй. Өнөөдөр Улаанбаатар хотод орон сууцны хотхон, хорооллуудад “саарал ус”-ыг цэвэршүүлэн дахин ашиглаж байгаа туршлага бараг байхгүй. 

Мөн нийслэлд 80 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгжид ус цэвэршүүлэх байгууламж нэн шаардлагатай байна. Харин Мянганы сорилтын корпорацын II компакт гэрээний хүрээнд баригдсан үйлдвэр бол “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр” юм. Тус үйлдвэр саарал ус биш хаягдал усыг дахин боловсруулна. 

Бүр тодорхой хэлбэл, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид цэвэрлэгдэж, байгальд нийлүүлэх хаягдал усыг дахин боловсруулж үйлдвэрийн хэрэгцээнд дахин ашиглах зориулалтаар баригдсан үйлдвэр юм. Тэгэхээр барилга доторх ахуйн “саарал ус”-ыг дахин ашиглах систем болон төв цэвэрлэх байгууламжаас байгальд нийлүүлж буй хаягдал усыг дахин боловсруулж ашиглах систем нь технологи, цар хүрээ, хяналтын хувьд өөр. 

2025 онд “Дахин ашиглах цэвэрлэсэн ус MNS 6734:2025” стандарт батлагдсанаар дахин боловсруулсан усыг дулааны цахилгаан станц, бетон үйлдвэрлэл, арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэр болон зам талбайн тоос дарах зэрэг техникийн зориулалтаар ашиглах эрх зүйн орчин бүрдсэн. Мөн дахин боловсруулсан усны чанарт лабораторийн шинжилгээг өдөр тутамд хийдэг болсон. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрээс гарч буй цэвэрлэсэн ус нь MNS 6734:2025 стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа нь томоохон дэвшил юм. 

Гэр хорооллын ус түгээх худгуудыг автоматжуулах ажил хэр үр дүнтэй байна вэ. Энэ нь үйлчилгээний чанараас гадна хэрэглээний хяналтад ямар өөрчлөлт, дэвшил авчирсан бэ? 

АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын буцалтгүй тусламжаар гар ажиллагаатай ус түгээх 182 байрыг бүрэн автоматжуулсан. Ус түгээх автомат худгууд нь иргэдийн өдөр тутмын амьдралыг хялбарчилж, усны зардлыг хэмнэж байна. Одоогийн байдлаар нийт 306 автоматжуулсан, ухаалаг ус түгээх байруудаар гэр хорооллын хэрэглэгчдийг унд, ахуйн цэвэр усаар хоногийн 24 цаг тасралтгүй хангаж буй. 

Ухаалаг ус түгээх байруудын үйл ажиллагааг Хяналт удирдлагын төвөөс SKM (smart koick managament) системээр веб программ ашиглан хянадаг. 

Нийслэл хотын бас нэг тулгамдсан асуудал нь Төв цэвэрлэх байгууламж болоод байгаа. Тус байгууламжийн өнөөгийн бодит байдал болон шинэ төв цэвэрлэх байгууламж барих төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? 

Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулж, туршилт, тохируулгын ажил 2025 оны долоодугаар сард эхэлсэн. Нийт 18 сарын хугацаанд туршилт, горим тохируулга үргэлжилнэ.

Өнөөдрийн байдлаар хоногт 100-110 мянган шоо метр бохир ус хүлээн авч цэвэрлэж байна.

2026 оны тавдугаар сараас усны хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлж, долоодугаар сараас бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэх бөгөөд хуучин байгууламжийн үйл ажиллагааг зогсооно. 

АНУ-ын ард иргэдийн сайн санааны буцалтгүй тусламжид улаанбаатарчууд маань талархах ёстой байх гэж бодож байна. Та энэ талаар юу хэлэх вэ? 

Улаанбаатар хот олон талт, тэгш, хүртээмжтэй гадаад харилцааны бодлого баримталж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын буцалтгүй тусламжийн төслүүд Монгол Улс төдийгүй Улаанбаатар хотын усны салбарт чухал дэмжлэг болж байгаа юм. Төслүүдэд хамтран ажилласан баг, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаагаа илүү шинэ шатанд гаргаж, илүү ахиц дэвшилд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ундны усан хангамжийн асуудлыг шийдэхэд зориулж, их хэмжээний буцалтгүй санхүүжилт олгосон Америкийн ард түмэн, татвар төлөгчдөд маш их баярлаж байгаагаа илэрхийлье. Мөн 100 гаруй сая ам.доллар гаргасан Монголынхоо ард түмэн, татвар төлөгчдөдөө ч баярлалаа гэж хэлье. Энэхүү мега төслийн тухай Mongolian Economy сэтгүүлийн тусгай дугаараар дамжуулан юуг бүтээж, ямар үр дүнд хүрэх гэсэн бүтээн байгуулалт болсон талаар монголчууд, тэр дундаа улаанбаатарчууддаа ойлгуулан таниулж мэдүүлэхийг хүслээ. Монголын ирээдүй болсон хүүхэд залууст ч баримт болон үлдэх дугаар болно гэдэгт итгэж байна.

B Shurenchimeg