Улаанбаатар хот усны тусгаар тогтнолоо баталгаажуулав

Mongolian Economy
2026-06-08 13:14:21
Ангилал: Улаанбаатар

Улаанбаатараа хайрлая гэвэл усаа хайрла Улаанбаатар хотод асуудал мундахгүй. Метрополис хот учраас асуудал аяндаа урган гарах нь аргагүй юм. Гэхдээ Улаанбаатарын олон бэрхшээл дунд автозамын түгжрэл, хог хаягдлын сул менежмент, ногоон бүсийн хангалтгүй хүртээмж, замбараагүй хот төлөвлөлт, агаарын бохирдол зэрэг хүний хүчин зүйлээс шалтгаалсан нь дийлэнх. Эдгээр асуудал, бэрхшээлийг бид ухаалаг менежмент, зөв зохистой төлөвлөлт, сэтгэлгээний өөрчлөлт, хөрөнгө санхүүгээр шийдэх бүрэн боломжтой. 

Харин ийн шийдэх боломжгүй эрсдэл, бэрхшээл нь байгалийн хүчин зүйлээс эхлэлтэй билээ. Улаанбаатар хотын хувьд тэдгээр асуудлын нэг, цагийн тохируулгатай чимээгүй “тэсрэх бөмбөг” нь ус хангамж байсан юм.Дэлхийн ихэнх соёл иргэншил, томоохон суурин газар, хотууд хэзээд гол, нуур зэрэг усан хангамжаа түшиглэн бий болж байсныг түүх нотлон харуулдаг. Улаанбаатар хот ч Хатан Туул голоо хаяалан бууриа засаж байсан билээ. Гэвч байгаль эхээс заяасан энэхүү “бэлэг”, нийслэл хотын оршихуйн үндэс болсон гол мөрнөө бид сүүлийн жилүүдэд үргэлж “мартсаар”, үл хайхарсаар ирсэн.

Үүний жишээ нь өдгөө ширгэн устаж үгүй болохдоо тулаад буй Сэлбэ, Дунд гол, Ногоон нуурууд юм. Үнэндээ бид Хатан Туул голоо ч үргэлж байх мэт санаж, ямархуу нөхцөлд ороод байгааг нь анзаарахгүй явснаа Туулын хурдны зам төслийн дуулиан дэгдэх үед л гэнэт ойлгосон гэхэд хилсдэхгүй. Гэтэл Улаанбаатар хотын ус хангамж үндсэндээ Туул голын сав газрын газрын доорх уснаас бүрддэг бөгөөд нийслэлийн хүн амын 95 гаруй хувийг хангадаг стратегийн эх үүсвэр юм.

Сүүлийн үеийн судалгаагаар энэ систем эмзэг, дарамтад орсон гэж үнэлэгдэж байна. Туул голын сав газарт байрлах гүний усны ордуудын ашиглалт жил ирэх тусам нэмэгдэж, хүн амын өсөлт, барилгажилт, үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр 2030 он гэхэд усны эрэлт нийлүүлэлтээс давж болзошгүй гэсэн тооцоо хүртэл гарч байв. Түүнчлэн Туул голын урсац сүүлийн 20-30 жилд мэдэгдэхүйц буурч, хуурай, гандуу жилүүдэд хот орчмын хэсгээр усны түвшин эрс багасан, зарим салаа, татам хэсгүүд тасалдах нь нэмэгджээ.

Үүн дээр Туул гол их хэмжээний бохирдолд өртөх болсныг нэмбэл улаанбаатарчуудын усны асуудал дунд болон урт хугацаандаа томоохон сорилт болох нь тодорхой байлаа. 

Америкийн ард түмэнд талархахын учир Монгол Улсын төр, нийгэм, эдийн засаг, хүн амын төв болсон Улаанбаатар хотын ус хангамжийн нөөц, суурь дэд бүтэц ийм асуудалтай байгааг олж харж, Усны компактыг хэрэгжүүлсэн нь улаанбаатарчуудын хувьд азын тэнгэр ивээсэн хэрэг байлаа гэхэд хилсдэхгүй. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын анхны Компакт гэрээ 2008-2013 онд хэрэгжиж дууссаны дараа хоёр дахь компакт гэрээг хэрэгжүүлэх улс төрийн шийдвэр гарч, хоёр тал бэлтгэл ажилдаа оржээ. Мэдээж тухайн үед усны салбарт төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө байгаагүй. 

Хоёр дахь Компакт гэрээг боловсруулж, хэлэлцээ хийх үүрэг бүхий Үндэсний ажлын алба 2015 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд эхний ээлжинд МСК-ын мэргэжилтнүүдтэй хамтран “Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлсийн судалгаа”-г гүйцэтгэжээ.

“МСК-ын MCC Model нь хөрөнгө оруулалтын бүх шийдвэрийг тоо баримт, дүн шинжилгээ,судалгаанд тулгуурлаж хийдгээрээ онцлог.

Ийм учраас Монгол Улсын хөгжлийг ямар асуудлууд боомилж байгаа талаарх судалгааг Монгол, Америкийн талууд хамтран гүйцэтгэсэн байдаг. Уг судалгааны үр дүнд суурилан улам бүр нарийвчлан судалсаар компактын санхүүжилтээр Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх, болзошгүй хомсдолоос сэргийлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлье гэж шийдсэн” хэмээн Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл өгүүлжээ. Монгол Улсын Засгийн газар болон МСК ийнхүү АНУ-ын татвар төлөгчдийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжих Мянганы сорилтын II Компакт гэрээ буюу Усны Компактад 2018 оны долоодугаар сарын 27-нд гарын үсэг зурсан бол УИХ тус гэрээг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр соёрхон баталлаа.

АНУ-ын Мянганы сорилтын корпорац бол шударга, ардчилсан засаглал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжиж, хүн амдаа хөрөнгө оруулалт хийх хүсэл сонирхол бүхий хөгжиж буй орнуудтай хамтран ажилладаг гадаад тусламжийн агентлаг юм. Өөрөөр хэлбэл, АНУ-ын иргэдийн татварын мөнгө ийнхүү алс холын Монгол Улсын нийслэлийг 2050 он хүртэл усны хангамждаа санаа зовохгүй тайван амьдрах боломжийг бүрдүүлж өгчээ. Түүнчлэн төслийн багийнхны хэлснээр “мянган бэрхшээл”- ийг туулсан боловч хөтөлбөрт багтсан гурван төслийг төлөвлөсөн хугацаа, баталсан төсөвт багтаан үндэсний болон гадаадын аж ахуйн нэгжүүд, мэргэжилтнүүдийн хамтаар амжилттай бүтээн байгуулж, хүлээлгэн өгснийг онцлох ёстой. 

Ташрамд дурдахад, Мянганы сорилтын корпорац тун цөөн улсад хоёр хөтөлбөр хэрэгжүүлсэн. Монгол Улсад гурав дахь компактыг хэрэгжүүлэх тохиолдолд нүүрснээс эрчим хүч гаргах, газрын ховор элемент, боловсрол, соёлын чиглэлээр хамтран ажиллах саналыг манай улс тавьжээ. Хэрэв дараагийн хөтөлбөрийг хэрэгжүүлвэл тус корпорацын гурван хөтөлбөрийг хүлээж авсан анхны улс нь Монгол болно.

Mongolian Economy сэтгүүлийн “Улаанбаатар хот усны тусгаар тогтнолоо баталгаажуулав” дугаараас

2026.06.08

Mongolian Economy