Дутуугаа нөхөх боломж
Монгол Улс дижитал шилжилтийг 10 гаруй жилийн өмнө эхэлж иргэн бүрийг цахим иргэний үнэмлэхтэй болгосон. Царай болон хурууны хээ танидаг, тухайн хүний бүх мэдээллийг агуулсан цахим үнэмлэхийг нэвтрүүлснээр сонгуулийн эрх, татвар, гааль, гадаад пасспорт, батлан хамгаалах агентлаг зэрэг төрийн байгууллагуудад зориулсан найдвартай мэдээллийн сан бий болжээ. Гэвч уг цахим үнэмлэхийг хэрэглээ талаас нь харвал эх загвар болох Эстонийн дижитал ID-тай харьцуулахад хангалттай түвшинд бид ашигладаггүй. Анх 2012 онд цахим иргэний үнэмлэхийг төрийн үйлчилгээг хөнгөвчилж, захиргааны зардлыг бууруулах зорилготой нэвтрүүлжээ. Ийнхүү цахим үнэмлэхэнд суурилсан “түц машин” төхөөрөмжүүдийг нэвтрүүлснээр иргэд 19 төрлийн лавлагаа, бичиг баримтыг төрийн байгууллагад очилгүйгээр авдаг болсон. Түц машины тусламжтайгаар ажлын өдрүүдэд өдөрт 2000-3500 иргэнд, амралтын өдрүүдэд 530-760 иргэнд төрийн үйлчилгээг хүргэж байна. Харин сүүлийн үед хувийн хэвшлийн санаачилгаар харилцаа холбоо болон банкны үйлчилгээнд цахим үнэмлэхийг ашиглах боломжтой болсон.
Төрийн үйлчилгээг цахимжуулах санаачилгатай зэрэгцэн үүрэн телефоны оператор компаниуд, банк, санхүүгийн байгууллагууд үйлчилгээгээ эрчимтэй цахимжуулж буй. Хэдийгээр манай гарааны бизнесүүдэд санхүүжилтийн эх үүсвэр хязгаарлагдмал байдаг боловч Ай Түүлс ХХК, Лэндмн ББСБ гэсэн хоёр компани хөрөнгийн зах зээлээс санхүүжилт амжилттай босгож чадсан. Ялангуяа Лэндмн-ийг дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц чадвартай гэж энэ салбарынхан үнэлдэг.
Аж үйлдвэрийн IV хувьсгалын давалгаа нь технологийн чиглэлд манлайлж буй банк, санхүүгийн салбарыг улам илүү урагшлахыг сануулж байна. Цаг үеийн шаардлагыг дагаад “Санхүүгийн үйлчилгээг дижиталчлах төсөл”-ийн хүрээнд 2018 онд банкны салбарт цахим гарын үсэг нэвтрүүлэв. Мөн томоохон банкууд өдөр тутмын гүйлгээ болон банкны бусад үйлчилгээг хялбаршуулах гар утасны аппликэйшн гаргаж байна. Цахим бизнес хөгжлийн төвөөс 2017 онд гаргасан судалгаагаар банкны салбарын нийт хэрэглэгчдийн 70 гаруй хувь нь өдөр тутамдаа гар утасны аппликэйшн ашиглан үйлчилгээ авдаг.
Хувийн хэвшил дэх цахимжих үйл явцыг банк санхүүгийн салбар манлайлж байгаа бол төрийн байгууллагуудын түвшинд бүртгэл, татварын байгууллагад технологийн шинэчлэл сүүлийн жилүүдэд идэвхтэй хийгдэж буй. Тухайлбал, татварын мэдээллийн системийг шинэчлэн, НӨАТ-ыг эргэн төлөх цахим систем болох И-баримтыг далд эдийн засгийн эсрэг арга хэмжээний хүрээнд нэвтрүүлсэн. 2016 онд 496 орчим мянган хэрэглэгчтэй байсан уг систем одоо 1.2 сая хэрэглэгчтэй болжээ. “Цахим шилжилт салбар бүрт харилцан адилгүй байна. Гэхдээ нэг салбарт хэрэгжүүлсэн сайн туршлагыг нөгөө салбарт мөн ашиглах хэрэгтэй” гэж Гааль татвар санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг хэлсэн. Нөгөө талаас “Цахим орчин бий болгоно гэдэг нь хамгийн гол нь хэрэглэгчдэд аль болох дарамтгүй, зардал, чирэгдэл багатай үйлчилгээ үзүүлэхэд чиглэдэг” хэмээн Бүгд Найрамдах Эстони улсаас Монгол Улсад суугаа өргөмжит консул Л.Хулан онцолсон юм. Жишээ нь, Эстони улсад гар утас, цахим IDтэй байхад төрийн, хувийн бүхий л үйлчилгээ авах боломжтой байдаг. Нийслэл Таллин хотын оршин суугчид автобусны карт хэрэглэхгүй өөрийн ID-г уншуулаад нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлдэг аж.
Тэгвэл энэ удаад “Цахим Монгол Улс” болох зорилтын хүрээнд “Өнгөрсөн хугацаанд бий болсон цахим санаачилгуудыг нэг цонхонд төвлөрүүлэхийг зорьж байна” хэмээн ЗГХЭГ-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Ж.Тамир хэллээ. Өнөөдөр төрийн байгууллагууд болон банк, үүрэн холбооны оператор зэрэг хувийн хэвшлийнхэн цахим орчинд үйлчилгээгээ иргэдэд үзүүлж байгаа ч эдгээр систем тус тусдаа байдаг. Нэг байгууллагаас нөгөө байгууллага хооронд мэдээлэл солилцоход төвөг, чирэгдэлтэй хэвээр л байна. Товчхондоо Монгол Улсын цахим шилжилтэд хүртээмж үгүйлэгдэж байна.
Цахим шилжилтэд бэлэн үү
Цахимжилтыг хүртээмжтэй бий болгоход манай суурь дэд бүтэц, орчин бэлэн үү? Энэ асуултад хариулт өгөх “Дижитал бэлэн байдлын үнэлгээ” тайланг салбарын мэргэжилтнүүд гаргажээ. Өнөөдөр хүн амын 80 хувь нь төвлөрсөн эрчим хүчний системд холбогдсон боловч үлдсэн 20 хувь нь аймаг, сумын төвөөс алслагдсан, цахилгааны хязгаарлагдмал нөхцөлд амьдарч байна. Тэдэнд эрчим хүч хүргэхэд өндөр зардалтай, бэрхшээл их байгаа юм. Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагын (ОУЦХБ) тайланд дурдсанаар дижитал хүртээмжийнхээ хувьд Монгол Улсын гол давуу тал нь хөдөлгөөнт үүрэн телефоны хэрэглээ гэж үзжээ. Хөдөлгөөнт интернэтэд холбогдох нь суурин мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц хангалттай хөгжөөгүй хөдөө орон нутагт хүрэх боломжит арга юм.
Харин хүний нөөцийн чадавхийн хувьд манай их сургуулийн систем нь хуучирсан сургалтын хөтөлбөртэй, аж үйлдвэр, дээд боловсролтой харилцаа холбоогүй байдал нь шинэ технологийн талаар мэдлэг муу инженерүүдийг бэлтгэж байна. Тухайлбал, “Мобиком компани шинэ төгсөгчийг сургаж, ажлын шаардлагад нийцүүлэхийн тулд гурван жил зарцуулдаг” гэж тус компанийн
хүний нөөцийн менежер Б.Соёлчимэг хэлсэн. Шинэ төгсөгчдийн 30.4 хувь нь тухайн ажилтай холбоотой даалгаврыг биелүүлэх
чадваргүй, 24.6 хувь нь тухайн ажлыг гүйцэтгэхэд мэдлэг, туршлага нь дутдаг гэж 2017 онд гаргасан Ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгаанд дурджээ. Дээрээс нь ажлын байр олдсон ч ихэвчлэн бага цалинтай учир БНСУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд руу дунд болон өндөр ур чадвартай ажиллах хүч гарсаар байна.
Санхүүгийн хүртээмжтэй байдлын тухайд өнөөгийн санхүүгийн систем нийгмийн бүх хүрээг хамрах хэмжээнд хөгжөөгүй байна. Арилжааны банкууд санхүүгийн салбарт дававгайлж, гадаадын банк Монгол улсад үйл ажиллагаа явуулах эрхгүй байгаа нь өрсөлдөөнийг сулруулж байгаа юм. Бүртгэлтэй аж ахуй нэгжийн 90 хувь, ажлын байрны 50 хувийг жижиг дунд бизнес бүрдүүлж байгаа ч улсын хэмжээнд энэ төрлийн байгууллагын 90 хувь буюу 36,800 аж ахуйн нэгж банкнаас санхүүжилт авах боломжгүй байдаг.
Тэгвэл хууль, эрх зүйн зохицуулалтын талаас Монгол Улс Ази-Номхон далайн бүс нутагт худалдаа, баялгийн хяналтын тогтолцоондоо хамгийн бага хоригтой, дэлхийн хамгийн бага татварын дарамттай орнуудын нэгд тооцогддог. Бараа бүтээгдэхүүний зах зээл дэх төрийн шууд оролцоо бага, төрийн өмчит аж ахуй нэгжүүд цөөнтэй. Корпорацийн засаглалын хуулиуд хувьцаа эзэмшигчдийн эрхийг ил болгох, хамгаалахыг дэмждэг. Ерөнхийдөө хууль эрх зүй, зохицуулалтын тогтолцооны үндсэн элементүүд байдаг ч хэрэгжүүлэх хүчин чадал (enforcement capacity), хэрэгжилт сул байна.
2017 оны байдлаар улсын хэмжээнд 299 кибер гэмт хэрэг бүртгэгдсэн бол энэ тоо 2018 онд хоёр дахин нэмэгдсэнийг ЦЕГ-аас мэдээлсэн. Кибер гэмт хэрэг нь шинэ зүйл биш ч гэлээ мэдээллийн нууцлалтай холбоотой тусгай хууль одоогоор алга. Мөн цахим гарын үсэг финтек компаниудад сорилт болсоор байна. Цахим буюу дижитал гарын үсгийг ашиглах эрх зүйн үндсийг Засгийн газар 2011 онд бий болгож, холбогдох хуулиудад тусгасан.
Гэвч Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо цахим гарын үсгийг банкны үйлчилгээнд, тэр дундаа гэрээ байгуулах, гүйлгээхийх үйлчилгээнд хүлээн зөвшөөрдөггүй. Өдгөө монголчууд дотоодын онлайн худалдааны платформууд болон Амазон, Алибаба зэрэг онлайн худалдаанд өргөнөөр оролцох болсон. Гэтэл онлайн төлбөр тооцоо хийх хууль, эрх зүйн орчин дутмаг, төлбөр тооцооны системүүд тус тусдаа оршдог нь дотоодын болон олон улсын зах зээлд цахим худалдаа нэвтрүүлэхэд хүндрэл учруулж буй.
Эдгээр суурь дэд бүтцийг сайжруулахын зэрэгцээ Монголын нийгэмд тулгарч буй гол асуудал нь хүн амын дундах ядуурлын түвшин. Хүн амын 30 гаруй хувь нь ядуурлын шугамаас доогуур, нэмээд 20 хувь нь ядууралд хүрэхэд ойрхон буюу интернэтэд холбогдох боломж нь хязгаарлагдмал байна.
Статистикаас үзвэл гурван хүн тутмын нэг нь интернэт болон ухаалаг төхөөрөмж худалдан авах санхүүгийн чадамжгүй. Дижитал хүртээмжийн ялгаа нь малчид, гэр хорооллын иргэдийн дунд илүүтэй ажиглагддаг. Тиймээс төр уг дижитал хуваагдлыг арилгахын тулд цахим шилжилтийн бодлогыг илүү цогц байдлаар төлөвлөх шаардлагатай.