Билл Гейтс: “Ковид-19 цар тахал 2021 оны эцэс гэхэд дуусна”

ariunzaya ariunzaya
2020-08-25 14:03:54
Ангилал: Коронавирус

 

“Ковид-19 цар тахал дуусах хүртэл сая сая хүн амь насаа алдаж магадгүй”.

Энэ бол “Microsoft” компани, “Bill & Melinda Gates Foundation”-ийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн том хандивлагч Билл Гейтс наймдугаар сарын эхээр “The Economist” сэтгүүлийн эрхлэгч Занни Минтон Беддоустай хийсэн ярилцлагынхаа үеэр хэлсэн үг юм. Тэрбээр коронавирусийн халдвараар бус эрүүл мэндийн тогтолцоо, эдийн засагт эл вирусийн үзүүлж буй дарамтаас шалтгаалж олон хүн нас барах аюултайг анхааруулсан байна. АНУ-д Ковид-19-ийн эсрэг арга хэмжээг хэт улс төржүүлж, цар тахалтай холбоотой хуйвалдааны онолыг олон нийтэд тарааж буй нь өвчинтэй тэмцэхэд бэрхшээл учруулж байгаа талаар тэр мөн дурдав. Гэсэн ч 2021 оны эцэс гэхэд үр дүнтэй вакцин гарч, дэлхийн хүн амд дархлаа тогтсоноор цар тахлын үе дуусна гэж тэрбээр хэлсэн юм. 

Хүмүүсийг вакцинжуулах замаар хумхаа, саа өвчнийг дарахад “Gates Foundation” гол үүрэг гүйцэтгэж буй. Тиймээс өнгөрсөн жил Хятадын Хубэй мужийн Үхань хотод шинэ коронавирус илрэхээс ч өмнө Б.Гейтс вирус, вакцины тухай бодож, толгойгоо гашилгаж ирсэн гэхэд хилсдэхгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт шинэ төрлийн халдварт өвчин гарч, дэлхий нийтийг хамарсан тахал дэгдэх нь гарцаагүй гэж Б.Гейтс анхааруулж, бэлэн байдлаа өндөржүүлэхийг уриалснаас хойш хэдэн жил өнгөрчээ. Ковид-19 цар тахалтай тэмцэхэд зориулж, буурай орнуудад 350 сая доллар зарцуулна гэж “Gates Foundation” амлаж буй. Гэвч вакцин бүтээхэд үүнээс ч илүү их хөрөнгө оруулалт шаардлагатай учраас “Эдийн засагт учирсан хохирлыг нөхөхөд зарцуулж буй их наядаар тооцогдох мөнгийг хэмнэхийн тулд вакцинд тэрбум тэрбумаар зарцуулах хэрэгтэй” гэж тэрбээр онцлов. 

Мэдээлэл дутмаг байдлаас үүдэн буурай орнуудад цар тахлын үзүүлж буй нөлөөллийг үнэлж, дүгнэхэд бэрхшээл тулгардаг байна. Африкийн Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвд наймдугаар сарын 17-ны байдлаар коронавирусийн нэг сая тохиолдол, 25 мянган хүн нас барсан гэж бүртгэгдсэн бол Энэтхэгт коронавирусийн улмаас 52 мянга орчим хүн нас баржээ. Гэвч бодит тоо үүнээс ч өндөр байж болзошгүй. 

Нөгөөтээгүүр, олон сая хүн шууд ба шууд бусаар Ковид-19-ийн улмаас нас барна гэсэн таамаглалыг Б.Гейтс дэвшүүлэв. Тэр тусмаа тэдгээр хүмүүсийн 90 орчим хувь шууд бус нөлөөллөөс болж нас барах болов уу гэж нэмж хэлжээ.

Хөл хорио тогтоох нь бусад төрлийн өвчний вакцинжуулалт, эмчилгээний хүртээмжийг бууруулах тул хумхаа, ДОХ-оос үүдэлтэй нас баралт нэмэгдэх эрсдэлтэй юм. Түүгээр ч барахгүй газар тариалангийн үйлдвэрлэл буурснаар өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоо нэмэгдэж, боловсролын хүртээмж буурах учраас ядуурал нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж. 

Эрсдэлээс сэргийлэхийн тулд буурай орнуудад зориулан вакцин худалдаж авч өгөхийг Б.Гейтс баян орнуудад уриалж байгаа билээ. Хэрэв аль нэгэн улсад вирус тархсан хэвээр байвал бусад улсад ч дахин тархах эрсдэл нүүрлэх учраас тэр. Туршилт, үйлдвэрийн барилга зэрэг тогтмол зардлыг нөхсөн үнээр чинээлэг орнуудад вакциныг худалдах юм бол буурай орнууд руу нийлүүлэхэд гарах зардлыг боломжийн хэмжээнд барих боломжтой, ингэснээр тухайн улсууд харьцангуй хямд үнээр вакцин авах боломжтой болно. Ковид-19-ийн вакцины хөгжүүлэлт, судалгаанд дэлхийн улсуудын оруулж буй хөрөнгө оруулалтын 80 хувийг АНУ дангаараа гаргаж байгаа. Мөн АНУ-ын Конгресс буурай орнуудад зориулан вакцин худалдаж авах санаачилга гаргана гэж найдаж байгаа Б.Гэйтс илэрхийлжээ. 

Эдгээр нь биеллээ олох эсэх нь улс төрөөс ихээхэн хамаарна. Төсвийн зарлагын дараагийн хэлэлцүүлгийг Конгресс хэдэн долоо хоногийн турш хойшлуулаад байгаа. Өөрөөр хэлбэл, АНУ-ын улс төрийн хэт туйлшрал нь вирусийн эсрэг дорвитой арга хэмжээ авахад сөргөөр нөлөөлж байна. Жишээ нь, амны хаалт зүүхийг эрүүл мэндийн мэргэжилтний зөвлөгөө бус улс төрийн шийдвэр мэтээр авч үзэх болов. Олон нийтийн итгэл алдарч, дүгнэлт шинжилгээнд бус үзэл бодолд суурилсан бодлого руу хальтарвал байдлыг эргүүлэхэд амаргүй болно. Тухайлбал, амны хаалт зүүхгүй байх нь өөрийгөө Дональд Трампыг дэмжигч гэдгээ илэрхийлж, тэмцэх нэг арга хэлбэр болно гэж Б.Гейтс боддог байна.

Хамгийн том эдийн засагтай АНУ дэлхий нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсийг манлайлсаар ирсэн. Гэвч АНУ-д тэрхүү манлайлал өдгөө дутаж, цар тахлын эсрэг олон улсын арга хэмжээг цалгардуулсаар. Олон улсын байгууллагаар дамжуулан олон талт хамтын ажиллагаанд оролцохоос улс орнууд жийрхэх болов. Учир нь цар тахлаас болж төсвийн орлого татарснаар иргэдийн хандлага өөрчлөгдөж байна. Улс орны төсөв агшихад бусад оронд хандив тусламж үзүүлэх боломж хомс болно гэсэн үг. 

Түүнчлэн вакцин бүтээх нь хангалттай биш бөгөөд иргэд вакцинд хамрагдах хүсэлтэй байх хэрэгтэй. Энэ тал дээр ч АНУ бусад улсаас мөн хоцорч байна.

“Gallup”-ийн санал асуулгад оролцсон хүмүүсийн гуравны нэг нь FDA-гийн баталгаатай вакцин үнэгүй байсан ч хамрагдахгүй гэж хариулжээ.

Ковид-19-ийн тархалтыг зогсоохын тулд дэлхийн хүн амын 30-60 хувь вакцинд хамрагдах шаардлагатай аж. “Улаан бурхан биш байгаа нь аз гэлтэй. Учир нь бид хүн амын 90-ээс илүү хувийг вакцинжуулах шаардлагагүй юм” гэж Б.Гейтс хэлжээ. 

 2000 онд Microsoft-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаа орхисны дараа буурай оронд вакцин нийлүүлэх зорилгоор Б.Гейтс олон улсын “GAVI” эвслийг “Gates Foundation”-аар дамжуулан эхлүүлж байв. Тэрбээр буурай оронд саа, улаан бурхан өвчний вакциныг хүртээмжтэй түгээх тал дээр туршлагатай нэгэн юм. Хэрэв түүний таамагласан хугацаанд вакцин бэлэн болвол Ковид-19-ийн вакцин нь зах зээлд хамгийн хурдан нийлүүлэгдсэн вакцин болох юм. 

Дэлхий даяар 150 гаруй төрлийн вакцин бүтээгдэж буйгаас зургаа нь туршилтын эцсийн шатанд шилжжээ. Тус вакцинд Б.Гейтс хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулсан ба нэмж хандив өргөхөд ч бэлэн байгаа аж. “Gates Foundation” зэрэг хувийн сангуудынн төсөв, мөнгө хязгаартай.

Өнөөдрийн байдлаар засгийн газрууд вакцин үйлдвэрлэж, нийлүүлэхэд нийт 10 тэрбум доллар зарцуулсан нь хангалтгүй юм.

Иймд дотоодын эрүүл мэндийн байгууллагаар вакцинжуулалтыг хэрэгжүүлэх, иргэдийнхээ итгэл, дэмжлэгийг олохын тулд засгийн газрууд түлхүү манлайлж оролцох хэрэгтэй гэж тэрбээр үзэж байна.

 

Английн “The Economist” сэтгүүлийн нийтлэлийг “Mongolian Economy” албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.

ariunzaya ariunzaya