ҮЗЭГЧ УЛС- аас ТОМ СЭТГЭЕ-рүү

Mongolian Economy
2020-09-17 09:35:58
Ангилал:

1800-аад оны сүүлээр Японд 25 жил амьдарч байсан шашны ухуулагч Сидней Гулик гэх америк эр нэгэн номондоо япончуудыг “Амар амгалан ч хэт хөөрүү, маргаашдаа огт санаа тавидаггүй, зөвхөн өнөөдөр л болж байвал болоо” гэсэн сэтгэлтэй хэмээн дүгнэж байж. 1820-оод онд Британийн аялагч эр Жон Рассел Герман улсад аялаж байхдаа бичсэн нэгэн тэмдэглэлдээ “Герман хүмүүс бол хэт хувиaа хичээсэн, хоорондоо хамтарч ажиллаж чаддаггүй, шинэ содон зүйлийн ач холбогдлыг ойлготлоо л уддаг хүмүүс” хэмээн тэмдэглэж үлдээжээ. Гэтэл өнөөдөр Япон, Германы тухайн үеийн сэтгэгдэлд үнэмших, итгэх хүн хэд бол. Тэд түүхэнд тэмдэглэгдсэн “Бүтэхгүй” үндэстнээс “Бүтээгч” үндэстэн болсоныг орчин цагийн судалгаанууд харуулна. Тэднийг дэлхийн аж үйлдвэрийн хувьсгалын давалгаа, дайн, том сэтгэх алсын харааны хандлага нь дэлхийн гол тоглогчдын нэг болгосон. Харин тухайн үеийн тэмдэглэлд бичигдсэн зүйлс нь бидний одоогийн нөхцөл байдлыг хэлээд байгаа ч юм шиг санагдахгүй байна уу?

Монгол судлаач Японы иргэн Кимүра Аяако 1999 онд монголчуудыг дүгнэхдээ “Тулга тойрсон тооцооны ухаантай, юу ч үгүй байж хэт бардам, залуучууд нь залхуу, ер нь ард түмнээсээ эхлээд төрийн томчууд нь хүртэл гадаадынхнаас юм авах, бэлэнчлэх сэтгэлгээтэй, мэдлэг боловсролоор биш баян, ядуу, эрх мэдлээр нь харицдаг” гэх мэтээр шүүмжилсэн байдаг. Харин бид түүхэндээ “Аугаа” байсан ч одоодоо Азид адагт орсон үндэстэн болчихоод байгааг Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны тайлан харуулж байна. Бидэнд байгаа аюул бол Дэлхийн нийтлэг хөгжлөөс улам холдох. Харин боломж нь дэлхий нийтээрээ эхэлж байгаа аж үйлдвэрийн IV хувьсгалд оролцох оролцоогоо бий болгох нөхцөлүүдээ бүтээх, зоригтой хөдлөх түүхэн цаг үе.

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр дэлхийн 140 улсыг хамруулан судалж, эрхлэн гаргадаг “Өрсөлдөх чадварын индексийн тайлан”-д Монгол Улс энэ талбарт сүүлийн байруудад жагссаар ирлээ. Манай улсын араас Африкийн буурай хөгжилтэй хэдхэн улс л ордог. Энэ үр дүн нь биднийг эдийн засгийн үзүүлэлтүүдээ сайжруулах, олон улсын худалдаа, дэлхийн чиг хандлагын өрсөлдөөнд идэвхтэй оролцох реформын шинжтэй, дорвитой алхам огт хийж чадахгүй байгааг буюу дэлхийд тоглогчийн бус үзэгч төдий хараад суудгийг харуулж байна гэж болохоор. Бидэнд томоор сэтгэх буюу дэлхийн тоглоомонд өрсөлдөгч болох хойшлуулашгүй хэрэгцээ байгааг бүх түвшинд ойлгох нь чухал байна. Дээрх Япон, Германы жишээ бол аж үйлдвэрийн хувьсгалуудын давалгаанд тухайн улс орон хэрхэн алсын хараагаар зөв стратегиа боловсруулж хүнээ, улсаа хөгжүүлж өөрчлөгдсөн талаарх олон бүтээлч түүхэн жишээний нэг гэж дээр дурдсан. Аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал шилжилт бол монголчуудын хувьд урьтаж алхах түүхэн боломж. XXI зуун дэлхийн улс орнуудад үл ялгасан байдлаар шинэ боломж, шинэ гарц, шинэ хөгжлийн загварчлалыг дижитал технологиор дамжуулан олгож байна. Энэ цаг үе, боломжийг ухаалгаар ашиглаж, өөрийн улсын тэргүүлэх салбаруудад амжилттай нэвтрүүлж чадсан орнууд эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгчид болж байна.

Бид улс төр, төрийн бүтээлч загварчлал, хүний капитал, бодлогоо шинэчилж буюу аж үйлдвэрийн IV хувьсгалын агуулгаар бүрэн зураглахгүй бол хуучирсан хандлагаар улсаа, бодлогоо, хүнээ, салбараа хөгжүүлж чадахгүйг цөөн хэдэн жишээгээр хөндөе.

Дэлхийн бүтээлч үйлдвэрлэлийн салбар дангаараа 2.3 их наяд ам.долларын зах зээлийг бий болгож ажиллах хүч, өрсөлдөх орон зай нь улам өсөж байна.

Энэ зах зээлд монгол залуус өрсөлдөх, оролцох боломж бүрэн дүүрэн бий. Бүтээлч үйлдвэрлэлийн салбарын ердөө нэг хувьд нь монголчууд оролцдог боллоо гэхэд Монгол Улсын ДНБ даруй гурав дахин өсөх буюу нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 100 Оюутолгойн дайтай үр ашиг өгнө. Нэг хувь гэдэг хүрэхэд тийм ч хол, тийм ч боломжгүй зорилго биш. Их наядаар үнэлэгдэж буй дэлхийн анхны компани Ap­ple-ийн эхлэл гражид тавигдсан юм шүү. Мөрөөдөх, чадах, бүтээх их хүсэл тэмүүлэл байхад “Боломжгүй. Чадахгүй” гэдэг үг бодлын үгийн санд байдаггүй юм.

Өмнөд Солонгосын Blue Hole компанийн бүтээл PlayerUnknown’s Battlegrounds буюу PUBG цахим тоглоом 2017 оны арванхоёрдугаар сард олны хүртээл болсон. Тэдний 2018 оны ашиг төгрөгөөр 2.4 их наядад хүрчээ. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой ” ХК хамгийн их ашигтай ажилласан гэж буй 2018 оны ашиг нь 720 тэрбум төгрөг. Дээрх жишээнээс харахад бүтээлч үйлдвэрлэлийн салбарт гарч ирээд нэг жил болж байгаа PUBG цахим тоглоомын ашиг манай стратегийн нэг ордын ашгаас 3.4 дахин их байна. Гэтэл энэ нь зарим улс төрчийн хэлдэгээр PUBG бол “Зүгээр нэг муу тоглоом” шүү дээ. Нэмж хэлэхэд энэ салбарыг зөвхөн мөнгөн дүнгээр нь бус нөлөөллийн бусад үр дүн буюу улс төр, аялал жуулчлал, соёл, худалдаа талаас нь стратегийн давуу байршил бүтээгч салбар ч гэж нэрлэж байгааг анхаарах ёстой. Стратегийн ордуудынхаа орлого, ашгийг эдийн засгийн өгөөж багатай зам, барилга байшин барих, нийгмийн халамжид зарцуулаад дуусгах биш дээрх бүтээлч салбаруудад оролцож, дэмжиж, хөрөнгө оруулж, үндэстний үнэ цэнийг авч ирэх нь л хамгийн ухаалаг стратеги.

Монгол Улс Хятадтай хил залгаа мөртлөө 2016 онд мах, махан, сүүн бүтээгдэхүүний экспортын орлого 34 сая ам.доллар байсан бол Хятадаас 18 мянган км алс хол, өөр тивийн Уругвай улс 500 орчим сая ам.доллар олжээ. Уругвай улс Бразил, Аргентин гэсэн хоёр том хөрштэй, 3.5 сая хүн амтай. Энэ утгаараа манайх шиг геополитикийн хувьд ойролцоо орчинтой. Тэд блокчейн технологид суурилсан махны мөшгилтийн системийг амжилттай хэрэгжүүлснээр хоёр том хөршөө махны экспортоор “цохиж” 2016 онд дээрх чиглэлийн экспортоо 2.56 тэрбум ам.долларт хүргэжээ. Тэд өртөг бууруулж, нэмүү өртөг шингээж, өндөр технологижсон хөдөө аж ахуйг бий болгосноор эрүүл, гарал үүслийн баталгаатай, датажуулалтаараа дэлхийн махны зах зээлд хэрэгцээт тоглогч болж чадсан. Өнөөдөр Уругвайн малчид, фермерүүд ухаалаг утас, таблет дээр ажиллаж байна.

Хятадын тариаланчид өглөө босоод утсаа асаагаад, дроноо нисгээд талбайгаа хэрхэн бодсон шиг нь услахыг харж суунгаа хятад ногоон цайгаа оочилж сууна.

Монгол малчин хэзээ хөдөлмөрийн бүтээмж хүртсэн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч болох бол? Хэрвээ бид ухаалаг бас бүтээлч байж чадвал улсынхаа тэргүүлэх салбаруудад дэлхийн мөнгөн урсгалыг татах, төсөөлж ч байгаагүй боломжоо биелүүлэх бүрэн боломж бий. 2050 онд дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх таамаг бий бөгөөд хүнсний хомсдол улам ойртож, төсөөллөөс хальж бодит байдал руу шилжиж байна. Өсөн нэмэгдсээр байх энэхүү хэрэгцээнд Билл Гэйтс, Ричард Брэнсон, Жаз Сузи Велш, Масаоёши Сон тэргүүтэй хүн төрөлхтөнд тус нэмэр болох хүсэлтэй, шийдэл хайсан дэлхийн хөрөнгө оруулагчдын цуваа тасархааргүй байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн “Бид далайд гарцгүй ч “Хүн” гэх далайд гарцтай ард түмэн” гэсэн үг нь бидний стратегийн слоган ч байж болохоор чухал ойлголт. Хөдөө аж ахуйн салбартаа технологийн бэлэн байдлаа сайжруулах буюу юмсын интернэт, хиймэл оюун, блокчэйн технологи, их өгөгдөл, дрон технологи зэрэг өндөр технологи хөгжүүлж, ашигласнаар жилийн 80 хувийн өсөлттэй байгаа хөдөө аж ахуйд стартапын инноваци, хөрөнгө оруулалтыг татах стратегийн байршил, эко брэнд, бусад нөхцөлүүдэгч хүчин зүйл бидэнд байна. Гагцхүү өсөн нэмэгдэж байгаа зах зээлд ухаалаг техноглогиор зэвсэглэж, бүтээлчээр өөрчлөгдсөн Монгол л хүчтэй оролцож чадна.

Ер нь улс орон өөрчлөгдөх, Аж үйлдвэрийн IV хувьсгалд нэгдэх, дээрх яриад байгаа өөрчлөлтүүд зэргийг хийхэд зөвхөн технологи хангалтгүй. Хүний капитал, мэдлэг, хандлага бол гол хүчин зүйлс нь. Энэ нь юу вэ гэхлээр Эстони улс хэрхэн дижитал шилжилт хийснийг л бид ярьдаг. Үнэндээ мөн чанар нь геополитикийн нөхцөл байдлуудаас болж стратегийн дархлааг бий болгохын тулд дижитал шилжилт хийсэнг нь хэн ч ярьдаггүйтэй адил юм. Улс орны жинхэнэ баялаг болох хүмүүн капиталыг энтерпренер сэтгэлгээтэй, бүтээлч иргэд болгон бэлдэх замаар улс орны өнцөг булан бүрт инноваци, бүтээлч байдлыг бүрдүүлэх тогтолцоог бий болгох нь улс орны хөгжих, өрсөлдөх чадвараа богино хугацаанд нэмэгдүүлэх гол жанжин шугам юм. Үүнийг нотлох дэлхийн томоохон судалгаа, тайлангуудыг дараагийн нийтлэлдээ дэлгэрэнгүй эшлэх болно. Нэмэлт мэдээлэл болгож хэлэхэд хөгжлийн моделуудыг бүрэн зурагласан “Бүтээлч Үндэстэн” төслийг гадаад, дотоодод төгссөн хэсэг судлаач залуус нэгдэн боловсруулж дуусаад байгааг дуулгахад таатай байна. Бид бодлогын болоод хүний капиталын чадавхыг дээшлүүлэх замаар өөрсдөдөө санаа тавиж, санаачлага гаргахгүй бол бидэнд тулгарч буй асуудлууд улам томорсоор, боломж алсарсаар байх болно.

Хэдэн тоо бодоход л том сэтгэхээс өөр аргаггүй болж байгаа биз. Томоор сэтгэ, үгүй бол том сэтгэдэг бусад улсын тоглоомыг хөндлөгөөс үзэхээс өөр гарцгүй үзэгч улс л болно. Энэ бол Аж үйлдвэрийн IV хувьсгалын бичигдээгүй хууль. Өдөр бүр Монгол Улсад алдагдсан боломжийн өртөгийн төлбөр, ирээдүйд төлөх өртөг үүсэж байгаа гэдгийг мартаж болохгүй. Үзэгч улс уу? Тоглогч улс болох уу? Цаг явж эхлэсэн. Өө уучлаарай. Цаг явж эхлээгүй тоглоом аль хэдийн эхэлсэн. Оролцох уу?

Дээрх нийтлэлийг МТҮП-ийн захирал асан Ц.Содномдамба Mongolian Economy сэтгүүлийн №152 дугаарт зориулж бичсэн болно.

Mongolian Economy