Б.Дөлгөөн: Алсаа харсан бодлого явуулбал нүүрсний экспорт боломжийн байна
Цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсвийн тодотгол, эдийн засгийн цаашдын нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүд, эдийн засагч, судлаачид байр сууриа “Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны наймдугаар сарын дугаарт илэрхийлсэн юм. Тэдний байр суурь өдгөө ч үнэ цэнээ алдаагүй байгаа учир бид цувралаар хүргэж байна.
Цар тахлын эсрэг хөл хорионы улмаас аялал жуулчлал, уул уурхай, цаашлаад жижиглэн худалдааны салбарууд уналтад орсон нь эдийн засаг уруудахад гол нөлөө үзүүлсэн. Том утгаараа олон нийтийн хэрэглээ болон Засгийн газрын зарцуулалт нэмэгдэж, экспорт нэлээд уналттай байна. Экспортын уналт Хятадын эдийн засагтай холбоотой хэдий ч манай тал цар тахлаас сэргийлсэн хөл хорио тогтоож, хилээ хаасан нь хамгийн гол нөлөө үзүүлсэн. Тухайн үед хөл хорио тогтооход Хятадын талаас нүүрс авахгүй гэж мэдэгдээгүй. Манай тал л хилээ шууд хаасан, гэтэл Австралийн нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн. Хэрэв эрх баригчид алсаа харсан бодлого явуулж чадвал ирэх онд нүүрсний экспорт боломжийн хэмжээнд байна гэсэн хүлээлт бий.
Дунд болон урт хугацаанд эдийн засагт үзүүлэх нөлөөллийг авч үзэхгүйгээр арга хэмжээ аваад байна. Төсвийн тодотголыг харахад 2021 онд эдийн засгийг маш өөдрөгөөр буюу ДНБ 7.2 хувиар өснө гэж тооцоолжээ. Олон улсын байгууллагуудын төсөөлөл 4.7-7 хувь байгаа. Эдгээр тооцоолол бүгд таамаглалд суурилдаг. Таамаглалыг КОВИД-19 цар тахлын хоёр дахь давалгаа гарахгүй, мөн вакцин ойрын хугацаанд буюу жилийн дотор гарна гэх мэт хэд хэдэн төсөөлөлд тулгуурлан хийдэг. Хэрэв хоёр дахь давалгаа гарвал ирэх онд эдийн засгийн өсөлт бидний төсөөлснөөс хоёр дахин буурч магадгүй, бүр хасах түвшинд ч хүрэх эрсдэлтэй. Энэ бүх эрсдэлийг давхар тооцоолж, эрсдэл удирдах нөөц бололцоогоо бүрдүүлж буй эсэх нь өнөөдөр бид өөрсдөдөө, ялангуяа Засгийн газарт тавих чухал асуулт юм.
Дэлхийн банк болон ОУВ анх гаргасан дэлхийн эдийн засгийн төлөв цар тахлын нөхцөл байдалтай уялдаж өөрчлөгдсөөр байгаа. Тэгэхээр өнөөдөр гаргасан тэрхүү таамаглал аравдугаар сард өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй учраас Монгол Улсын хувьд ч гэсэн ирэх оны төсөөллөө өөрчлөх шаардлага тулгарч мэдэх юм. Цар тахал дэгдсэн энэ цаг үед тодорхойгүй байдал бүр л нэмэгдсэн. Энгийн үед тодорхойгүй байдал нэмэх, хасах 1-2 хувьд хэлбэлздэг бол одоо интервал нь өсөж байна гэсэн үг. Энэ бол бүгдийг өөдрөгөөр бодох нь зөв хэдий ч энэ өвөл, ирэх жил хамгийн муу тохиолдолд ч гэсэн бэлтгэлтэй байх түвшинд тооцооллоо хийх ёстойг илтгэж буй дохио.
Хэдийгээр өмнөд хөрш цар тахлын голомт боловч тус улсын Засгийн газар КОВИД-19-ийн хоёр дахь давлагаа гарахад мужаар нь, хотоор нь хөл хорио тогтоож, өмнөхөөс илүү хурдан арга хэмжээ авч чадах байх. Тухайлбал, Бээжингийн Шинфади бөөний худалдааны төвд халдварын тохиолдол илрэхэд шууд хавьталд орсон 3-4, шууд бус хавьталд орсон 20 мянган хүнийг илрүүлж, хөл хорио тогтоож, шинжилгээ хийсэн зэргээс харвал коронавирус анх гарч байсан үетэй харьцуулахад хариу арга хэмжээний чадавх илт сайжирсан байна. Тэгтэл бид бүх газраа хаахаас өөр ямар ч арга хэмжээ авахгүй байна. Ялангуяа сэжигтэй тохиолдлуудыг илрүүлэх ажил болхи байна.
Монголд бараг хүн бүр ухаалаг утастай. Тусгай апп гаргаад хавьталд орсон хүмүүсийн датаг цуглуулдаг, хүн бүр тэрхүү апп-ийг ашигладаг, дотооддоо тархалтыг алдлаа гэхэд зардалгүй, цаг алдалгүй илрүүлэхэд ямар арга хэмжээ авах талаар өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй байна. Мөн гадаадаас иргэдээ татахад сард 2-3 мянгаар л хязгаарлаж байна. Бүхэл бүтэн найман сарын хугацаа өнгөрчихөөд байхад хариу арга хэмжээний хурд ийм л байна. Хэрэв улирлын томуу дэгдвэл яах вэ? Өнгөрсөн хугацаанд гэрийн даалгавраа хэр хэмжээнд хийснийг Засгийн газраас бид асуух хэрэгтэй.
Бид Хятад шиг шуурхай арга хэмжээ авч чадаж байвал бүхнийг хааж, хориод байх шаардлага эдийн засаг талаасаа харагдахгүй байна. Эрх баригчид эдийн засгаа золиослоод эрүүл мэндээ хамгаалж байгаа нь хамгийн муйхар арга. Бэлтгэлгүй байсан бол ийм арга хэмжээ авах ёстой.
Дэлхий нийтээр эдийн засгаа золиослохгүйгээр эрүүл мэнд, эдийн засгаа хамтад нь авч явах боломжийг эрэлхийлж, арга хэмжээгээ чиглүүлж байгаа. Дотооддоо алдсан улс орнууд ч хөл хориогоо цуцлаад эхэлсэн. Өнөөдөр Үханьд хүүхдүүд хичээлдээ сууж байхад манайхан дотооддоо алдаагүй атлаа хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт явуулахгүй байна. Цар тахлын эрсдэлийг бууруулах бодлого нь хүндээ огт ээлгүй байгаа юм.