Уул уурхайн шинэ супер цикль: Нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэх үү?
Үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчдын хэн хэнд нь нэн хамаатай уул уурхайн супер цикль айсуй. “Эрэлт хэр их байх бол?”, “Үнийн өндөр түвшин хэр удаан хадгалагдах вэ?”, “Яст мэлхий, туулай хоёрын үлгэрээс авах сургамж юу вэ?” хэмээн Wood Mackenzie-ийн дэд ерөнхийлөгч бөгөөд Үнэт метал, уурхайн салбарын дэд захирал Жулиан Кеттл асууж байна.
Уул уурхайн супер цикль хараахан эхлээгүй байгаа ч зарим зах зээл бүтцийн хувьд нийлүүлэлтийн дутагдалд орвол, нэн ялангуяа эрчим хүчний салбарын шилжилт хурдасвал тун удахгүй ийм цикль эхэлнэ.
Огт өөр супер цикль
2001 онд эхэлсэн уул уурхайн сүүлчийн супер цикль нь тэрчигтээ Хятад улсаас шалтгаалсан юм. Харин энэ удаад онцгой эрэлтийг бий болгох ямар нэг улс эсвэл бүс нутаг байхгүй бөгөөд олон улсыг хамарсан супер цикль болно.
Хэмжээ дамжааг нь бодож үзвэл энэ удаад Хятад улс үүнд мэдээж үлэмж нөлөө үзүүлэх боловч супер циклийн жинхэнэ өдөөгч нь эрчим хүчний салбарын шилжилт байх юм. Нийт 189 улс нүүрсхүчлийн ялгаруулалтыг тэг болгох амлалтаа өгөөд буй ч энэхүү үйл явц нь сектор болон улс тус бүрийн хувьд эрс ялгаатай байна. Супер циклийг үүсэл нь мэдээжийн хэрэг эрэлттэй холбоотой байх боловч нийлүүлэлтийн хязгаарлалт нь супер циклийг зайлшгүй болгож байгаа юм.
Яагаад зарим таваар бусдаасаа илүү эрэлттэй вэ
Алдарт зохиолч Ж.Орвеллоос санаа авч хэлэх юм бол “бүх таваар тэгш эрхтэй боловч зарим таваар бусдаасаа илүү тэгш эрхтэй”. Ирэх арван жилд бүх метал, эрдэс бүтээгдэхүүний үнэ өснө. Гэвч заримынх нь үнэ аажимдаа буурах, заримынх нь эрэлт эрс өсөх зэргээр үнийн ялгарал эрс нэмэгдэнэ.
Нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах хүчин чармайлт улам бүр эрчээ авахын хэрээр нүүрсхүчил ихээр ялгаруулдаг эрчим хүчний нүүрс зэрэг таваарын эрэлтийн өсөлт буурна. Нөгөөтээгүүр, эрчим хүчний шилжилтэд нэн чухал үүрэгтэй литий, кобальт зэрэг таваарын үнэ эрчимтэй өсөлт үзүүлэх юм.
2030 оноос цааших үе нь хамгийн их ялгарлын жилүүд байх болно. Төслийн хөгжүүлэлтэд 5-10 жил зарцуулдаг гэдгийг тооцож үзвэл үйлдвэрлэгчдийн хувьд эрчим хүчний шилжилтийн сорилттой тулгарахад бэлтгэх цаг гарч ирэх болов уу.
Хөрөнгө оруулалтын эрэлт урт хугацааны нийлүүлэлтийг дэмжинэ
Литий, ган, төмрийн хүдрийг эс тооцвол бүх таваар нь 2030 он хүртэл нэмэлт хөрөнгө оруулалт болон одоогийнхоос илүү их хүчин чармайлтыг шаардана. Үүний шалтгаан бол уурхайн түвшинд гарах бүтээгдэхүүний чанарын бууралт, хомсдол бөгөөд энэ нь эрэлт хэдий өсөлт үзүүлээгүй ч нийлүүлэлтээ нэмэх, нөхөх шаардлагыг бий болгох юм. Өөрөөр хэлбэл нийлүүлэлтийн хомсдол, ялгаа бий болох эрсдэл байна.
Үйлдвэрлэгчдийн хувьд цаашид нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахын тулд хангалттай хэмжээний хөрөнгө татах эрмэлзэл болоод чадавх байгаа эсэх нь асуулт хэвээр үлдэж байгаа юм. Харин хөрөнгө оруулагчид ногдол ашигт илүү анхаарч байгаа тул 5-7 жилийн дараа үр ашгаа өгөх төслүүд тэдний анхаарлын гадна үлдэх аюултай. Ингэснээр хөрөнгө оруулагчид болон компанийн төлөөлөн удирдах зөвлөлүүд үр дүн нь тийм ч тодорхой бус төслүүд дээр бооцоо тавихаас хойш суухад хүргэж болох юм. Энэхүү нам жим байдал нь одоогоос 50-10 жилийн дараа таваарын хомсдол үүсгэх үндэс болно.
Супер цикль хэрхэн дуусах вэ
Дараагийн супер цикль нь хэд хэдэн шалтгааны улмаас дуусах магадлалтай. Үнэ өндөр байгаа учраас нийлүүлэлтийг хангалттай хэмжээгээр дэмжих өдөөлт, шалтгаан бий болсноор үнэ аажимдаа үйлдвэрлэлийн зардлаас үл ялиг илүү гарах нөхцөлд эргэн очно. Түүнчлэн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах шаардлага, эдийн засгийн суурь шалтгааны улмаас хаягдал түүхий эдийг илүү ихээр цуглуулах ашиглах, мөн түүнчлэн орлуулах, арвилан хэмнэх зэрэг шалтгаан байж болно. Эдгээр шалтгаан нь хамтдаа супер циклийн төгсгөлийг өдөөх, ойртуулах магадлалтай билээ.
Гол асуулт бол супер цикль хэр хурдан хугацаанд дуусах вэ гэдэгт оршиж буй. Түүх бол хамгийн сайн багш, түүх дахин давтагддаг гэсэн үүднээс авч үзвэл эрчим хүчний шилжилтээс үүдэлтэй супер цикл нь багадаа 10 жил үргэлжлэх болно. Сүүлчийн супер цикль 13 жил үргэлжилсэн гэдгийг тооцвол 10 жилээс ч удаан үргэлжилж магадгүй. Энэ нь нийлүүлэгч талын хувьд нийлүүлэлтийг хангах хангалттай хэмжээний хүчин чадалтай болоход элбэг хүрэлцэх хугацаа учраас нийлүүлэгч талын хувьд таатай мэдээ юм.
Forbes.com-д зориулан Wood Mackenzie компанийн бэлтгэдэг нийтлэлээс ашиглав