Л.Энхсайхан: Нэмэлт тунд эмч мэргэжилтнүүд, эрсдэлт бүлгийн хүмүүсээ эхний ээлжинд хамруулна
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас вакцинжуулалтын явц болон гурав дахь тунгийн талаар тодрууллаа.
-Энэ сараас гурав дахь тунг тарьж эхэлнэ гэсэн мэдээлэл байсан. Нэмэлт дархлаажуулалт энэ сард эхлэх үү?
-Манай улсад дархлаажуулалт өндөр хувьтай байгаа ч дэлхийн дахинд коронавирусийн дельта хувилбар өсөн нэмэгдсэнээр дараагийн сорилтыг авчирлаа. Тиймээс бид эрсдэлт бүлгийн хүмүүсийг нэмэлт тунгаар дахин вакцинжуулах талаар судалж байна. Энэ чиглэлийн олон улсын судалгаа шинжилгээний ажлуудтай ч танилцаж байгаа. АНУ-д гэхэд хүүхэд, залуучууд дельта хувилбараар өвчлөх нь нэмэгдсэн. Коронавирусийн анхны хувилбар нь 1-3 хүнийг халдварлуулна гэж үзэж байсан бол дельта хувилбар нь 5-9 хүнийг халдварлуулах магадлалтай. Өөрөөр хэлбэл, халдварлуулах чадвар нь гурав дахин өссөн. Нууц хугацаа нь богиносож, шинж тэмдэг нь харьцангуй хүндэрсэн. Сүүлд Оксфордын их сургууль судалгаа хийхэд АстраЗенека вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүсийн эсрэг биеийн титр нь таваас зургаан сарын дараа буурсан байгаа юм. Харин тус вакцины гуравдугаар тунг хийлгэхэд эсрэг биеийн титр нэмэгдсэн үр дүн гарсан. Мөн АстраЗенекагийн гуравдугаар тунг хийхэд дельта, гамма хувилбараас хамгаалах чадвар нь нэмэгдсэн болохыг Оксфордын судалгаанд онцолсон байсан.
Тиймээс бид галын шугамд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдаа хамгаалах зорилгоор нэмэлт тунг сайн дурын үндсэн дээр хийхээр төлөвлөж байна.
-Синофармын хоёр тунгийн дараа Файзер вакциныг нэмэлтээр хийлгэвэл дельта хувилбараас үр дүнтэй хамгаална гэсэн мэдээлэл гарсан. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Гурав дахь тунгаар эсрэг биеийн үйл ажиллагааг дэмжих боломжтой гэдэг нь онолын хувьд ерөнхийдөө батлагдаад байна. Гэхдээ гурав дахь тунг хийж эхэлсэн орнууд харьцангуй цөөн, дээр нь хийж эхэлснээс хойш хангалттай хугацаа өнгөрөөгүй байна. Судалгааны баттай үр дүнгүүд ч хараахан хэвлэгдээгүй. Ялангуяа сольж хийвэл яах вэ гэсэн судалгааны үр дүн хөндлөнгийн багуудаар батлагдаагүй байна. Олон улсын судалгааны үр дүнг нийтэлж, нийтэд мэдээлэхийн өмнө тусгай мэргэжлийн багууд хянадаг. Үүнд цаг хугацаа орно.
Ер нь гурав дахь тун гэлтгүй хоёр дахь тунг хийх явцад ч вакцин сольж тариулах нь илүү үр дүнтэй гэсэн ойлголт иргэдийн дунд тархсан. Энэ вакцин сайн юм байна, хоёрдугаар тундаа энэ вакциныг хийлгэе гэж манай яаманд өргөдөл өгсөн хүмүүс ч бий. Өөр вакцин хийлгэнэ гэж эмч, эмнэлгийн ажилтнуудын үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдол ч цөөнгүй гарсан.
Хэрвээ нэг, хоёрдугаар тунгаа өөр өөр вакцинаар хийлгэвэл хамгаалах урвал үүсэхгүй байх магадлалтай.
Нэгдүгээр тунг хийлгэсний дараа иммуноглобулин-М гэдэг хамгаалах эсрэг бие үүсээд дараагаар нь санамжийн эсүүд үүсч эхэлдэг. Хоёрдугаар тунгаа ижил вакцин хийлгэсний дараа хамгаалах эсрэг бие маш ихээр үүсдэг. Улмаар иммуноглобулин-G гэдэг хамгаалах эс болон санамжийн эсүүд бий болдог. Синофармын вакцин хийлгэчихээд хоёрдугаар тун дээрээ Спутник тариулбал аль алиных нь дараа иммуноглобулин-М л үүснэ. Иммуноглобулин-G үүсэхгүй. Ингэснээр санамжийн эс үүсч, хамгаалалт бүрэн тогтоход сөргөөр нөлөөлдөг. Хамгаалах эс бүрэн үүсээгүй бол вакцин тариулсан ч гэсэн нас барах эрсдэлд хүрч болно. Тиймээс нэг, хоёрдугаар тун ижил байх тусмаа л илүү үр дүнтэй.
-Олон нийтийн сүлжээгээр тархаж буй худал ташаа, сөрөг мэдээлэлтэй холбоотойгоор нэгдүгээр тунгаа хийлгэчихээд хоёрдугаар тунгаа хийлгэхгүй гэсэн хүмүүс ч гарч ирж байна. Мөн коронавирусийн халдвар авчихаад сүүлд нь дархлаажуулалтад орохдоо хоёр дахь тунгаа орхичихож байгаа тохиолдол байна. Энэ хүмүүст хамгаалах эс үүсэхгүй гэсэн үг үү?
-Нэгдүгээр тунд хамрагдчихаад хоёрдугаар тунгаа цаг хугацаанд нь хийлгэхгүй явж байгаа хүн маш олон байна. Одоогоор 100 мянга орчим хүн хоёрдугаар тунгаа хийлгээгүй байгаа. Нэгдүгээр тунг хийлгэсний дараа хариу урвал нь үнэхээрийн хүнд илэрсэн, шок үүссэн тохиолдолд л хоёрдугаар тун хийлгэхгүй байж болно. Бусдаар бол аль болох л хоёрдугаар тунгаа хийлгэж, иммуноглобулин-G гэдэг хамгаалах эсээ үүсгэх нь чухал.
Хоёрдугаар тунгаа зориудаар хийлгэхгүй байгаа хүмүүс вакциндаа хамрагдаарай гэж уриалмаар байна. Нэг, хоёрдугаар тунгаа бүрэн авч байж, мөн нэг төрлийн вакцин хийлгэж байж дараагийн нэмэлт тунг хийх асуудал яригдана. Тун нь дутуу болон өөр өөр вакцин хийлгэсэн хүмүүст гурав дахь тунг хийх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлэлд нийт нас барж буй тохиолдлын 99 хувь нь вакцинд хамрагдаагүй, бүрэн тун аваагүй хүмүүс байгааг дурдсан байсан. Гадаадын улс орнуудад эмнэлэгт хэвтэх шалгуур маш өндөр. Үнэхээрийн хүнд хүмүүсийг л эмнэлэгт хэвтүүлдэг. Коронавирусийн халдвар авч, эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүдийн 95 хувь нь бүрэн тунд хамрагдаагүй, огт вакцин хийлгээгүй хүмүүс байгааг ч тус судалгаанд дурдсан байсан.
-Дельта хувилбараас хамгаалахад гурав дахь тун үр дүнтэй байна гэж та түрүүнд дурсан. Яг одоогийн байдлаар манай улсад дельта хувилбар нийт халдварын хэдэн хувийг эзэлж байгаа бол?
-Одоогоор судалгааны түвшинд явж байгаа учраас яг хэдэн хувь нь дельта гэж хэлэх боломжгүй. Манай яамны зүгээс нийт илэрсэн тохиолдлуудаас дельта хувилбарыг нарийвчлан шинжлэх чиглэл өгсөн. Судалгааны үр дүнгүүд тодорхой болоод ирэхээр нийтэд мэдээлнэ. Олон улсын жишгээс судалж үзсэн. АНУ-д анх дельта хувилбар бүртгэгдэхэд нийт илэрсэн тохиолдлын 10 орчим хувийг эзэлж байсан. Гэтэл нэг сарын хугацаа өнгөрөхөд коронавирусийн анхны хувилбар бараг тэр чигтээ дельта хувилбараар солигдож, 90 хувьд хүрсэн. Тэгэхээр нэгэнт бүртгэгдсэн бол асар хурдан тархах эрсдэлтэй гэсэн үг.
-Тэгвэл ДЭМБ-аас гурав дахь тунг хийх зөвлөмж өгөөгүй ч гэсэн судалгааны үр дүнд үндэслээд нэмэлт вакцин хийхийг яаравчилж болохгүй гэж үү?
-Вакцины хамрагдалт дэлхий нийтэд харилцан адилгүй байна. Нийт хүн амынхаа дөрөвхөн хувийг вакцинжуулалтад хамруулсан улс ч байна. Зарим нь 10-15 хувьтай дархлаажуулсан байна. Маш цөөн улс л 60-70 хувийн дархлаажуулалттай байгаа. Тиймээс нөөц байвал вакцинаа дархлаажуулалт тааруу байгаа улс орнуудтай хуваалцаач ээ гэсэн уриалгыг олон улсын байгууллагууд дэвшүүлсэн. Мөн сүүлийн үед улс хоорондын зорчих хөдөлгөөн харьцангуй сэргэж байгаатай холбоотойгоор дархлаажуулалтын явц тааруу улс оронд нөөцөө хуваарилах нь илүү оновчтой гэж ДЭМБ-аас зөвлөсөн. Гэхдээ ямар ч улс орон өөрийн гэсэн вакцины бодлоготой. Үүнийг нь ч ДЭМБ дэмждэг.
Шаардлагатай гэж үзвэл гурав дахь тунгаа тухайн улс өөрөө бодлогоороо тодорхойлоод эхлүүлж болно.
-Гурав дахь тунгаа хийлгэх хүсэлтэй хүмүүс дархлаажуулалтын цэгт очиж, эмч эмнэлгийн ажилтнуудад хүндрэл учруулах тохиолдол гарч байна. Энэ хүмүүст хандаж юу зөвлөх вэ?
-Засгийн газрын зүгээс хамгийн боломжит хувилбаруудыг л хэрэгжүүлнэ. Эхлээд хоёрдугаар тунгаа хийлгэсэн хүмүүсийн хэчнээн хувьд эсрэг бие буурсан байгааг тогтооно. АстраЗенекагийн хоёр тун хийлгээд хагас жилийн дараа эсрэг бие нь буурсан үзүүлэлтүүд олон улсад түгээмэл байгаа. Манай улсад хоёрдугаар сарын 23-аас дархлаажуулалт эхэлсэн.
Ямартай ч бид хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор эхний ээлжинд хүүхдүүдээ вакцинд хамруулах шаардлагатай. Ингэж байж нэмэлт тунгийн асуудал яригдана. Нэмэлт тунг хийлээ гэхэд галын шугамд ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд болон эрсдэлт бүлгийн хүмүүсээ эхний ээлжинд хамруулна.
-Хэрэв гурав дахь тунг хийнэ гэвэл вакцины нөөц хэр хэмжээнд байгаа вэ?
-Гурав дахь тунг хийвэл бид эхний ээлжинд одоо байгаа вакциныхаа нөөцийг ашиглах боломжтой. Хүүхдүүдэд Файзер хийж байгаа. Мөн Астразенека, Синофармын вакцины нөөц хангалттай бий.
Манай улс иргэдээ нэмэлт тунгаар дархлаажуулах талаар судалж байгаа бол зарим улс гурав дахь тунгийн давлагаанд аль хэдийнэ нэгджээ. Нэмэлт тунтай холбоотой дэлхий дахинд өрнөж буй үйл явдлууд дэлхийн томоохон хэвлэлүүдэд ч онцлох сэдэв болж байна.
– Вакцины бүрэн тунг авснаас хойш таваас зургаан сарын дараа дархлаажуулалтын үр дүн буурч, эсрэг биеийн хэмжээ цөөрч байгааг судалгааны байгууллагууд тогтоожээ.
– Ядуу, буурай орнуудын хүн амыг дархлаажуултал вакцины нөөцөө оновчтой, тэгш хуваарилж, нэмэлт тун хийхгүй байхыг ДЭМБ-аас уриалав.
– Израйль, Франц, Герман, Их Британи болон Ойрхи Дорнодын орнууд ДЭМБ-ын зөвлөмжийг үл хайхран нэмэлт тунгийн хөтөлбөрөө баталсан төдийгүй зарим нь гурав дахь тунгаа аль хэдийнэ хийгээд эхэлжээ.
– Дельта вирусийн тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор АНУ-д 1.1 сая хүн албан бус байдлаар гурав дахь тунгаа хийлгэсэн байна.