Өсөлтийг хэрхэн тордох вэ

T.Amarjargal T.Amarjargal
2021-09-13 16:34:54
Ангилал: Эдийн засаг

Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар агшсан нь 1990-ээд оноос хойш тохиолдсон хоёр дахь том хэмжээний агшилт юм. Ийм хэмжээний уналтаас эргэж сэргэх амаргүй ч энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 6.3 хувиар өсөөд байна. Гэвч уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаарсан эл өсөлт тун хэврэг байх магадлалтайг эдийн засагчид сануулж буй. Тиймээс дөнгөж өндийж буй эдийн засгийн өсөлтийг цаашид хэрхэн тордох талаар төр, хувийн хэвшлийнхэн санал солилцлоо.

Өнөөдөр болсон “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь хамгийн тулгамдсан асуудал болоод байгааг талууд онцлов.

Учир нь манай улсын төсөв зэс, алт, нүүрс, цайрын орлогоос голчлон бүрддэг. Зөвхөн зэс, алтны экспорт гэхэд л хоёр тэрбум ам.долларт хүрдэг.

Тиймээс “Оюутолгой”, “Гачуурт”, “Цагаан суварга”-ын төслийг эрчимжүүлж, зэс, алтны борлуулалтаа өсгөх нь эдийн засгийг дэмнэх хамгийн оновчтой шийдэл гэж MCS группийн гүйцэтгэх захирал Ж.Оджаргал хэлсэн юм. Мөн Зүүнбаянгийн төмөр зам, Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн хилийн боомтын терминалыг ашиглалтад оруулснаар дан ганц уул уурхай гэлтгүй бусад салбарын экспорт ч сайжирна гэж тэрбээр онцоллоо. 

Мөн эдийн засгийг сэргээхийн тулд аж ахуй нэгжүүддээ уян хатан хандах хэрэгтэйг иргэний нийгмийн төлөөллүүд хэлж байлаа. Долоо хоног бүр 3200 байцаагч аж ахуй нэгжүүдийг шалгаж, торгууль, алданги тооцож байгаа нь аж ахуйн нэгжүүдийг улам л туйлдуулж байна гэж Ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хэлэв. Тиймээс цар тахлын онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж, аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн торгууль тогтоохгүй байхыг тэрбээр уриаллаа. Мөн борлуулалтын орлогоо нэмсэн аж ахуй нэгжүүдийн нэмэлт орлогыг татвараас чөлөөлөхийг хүссэн юм. 

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтын өөр нэг халуун сэдэв нь тээвэр логистикийн асуудал байлаа. Цар тахлын улмаас ачаа тээвэр удааширч, үнэ нь 3-6 дахин өссөн нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд ихээхэн дарамт, саад болж байгааг Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням хэлэв.

Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлоход гурван сар хүлээгдэж байгаа нь энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд ихээхэн хүндрэл үүсгэж байгаа аж. Тиймээс зөвхөн эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэх коридор бий болгох хэрэгтэй гэж тэрбээр онцолсон юм.

Буян компанийн захирал Б.Жаргалсайхан ч мөн тээврийн улмаас бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгааг шүүмжилж, түүхий эд ачсан галт тэргүүд буцахдаа хоосон ирдэг байдлыг зогсоох хэрэгтэй гэв. 

Түүнчлэн бүтээн байгуулалтыг хойш татаж, тендерийг дундаас нь авч, зуучилдаг, тендер авсан ч ажил нь явдаггүй байдал сүүлийн жилүүдэд газар авсныг уулзалтад оролцогчид шүүмжилж байлаа. Тиймээс эдийн засгийн хямралын үед тендерийн үйл ажиллагааг илүү нээлтэй зохион байгуулах шаардлагатай гэж Ажилчдын холбооны нэгдсэн төвийн захирал Б.Ганзориг хэлсэн. 

Монголын томоохон аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн төлөөлөл ийн цар тахлын үеийн нөхцөл байдлаа илэн далангүй ярьсанд талархаж буйгаа төрийн гурван өндөрлөг илэрхийлэв. Улмаар эдийн засгийг сэргээх гол хөшүүрэг нь хууль эрхзүйн шинэчлэл байх болно гэдгийг онцоллоо.

Тухайлбал, Зөвшөөрлийн тухай хуулиар 1400 гаруй зөвшөөрлийн тоог 400 болгон бууруулж, төрийн хүнд суртлыг бууруулахаар зорьж байгаа аж. 

Мөн “Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж, эгзэгтэй нөхцөлд эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлнэ. Хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих, цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслүүдийг удахгүй хэлэлцүүлнэ” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар дурдав. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төр бизнес эрхлэгчдийн нүдээр харах ёстой. Төрийн үйлчилгээг цахимжуулж, зөвшөөрөл олгоно, хяналт шалгалт хийнэ гэдэг хүнд суртлыг халахыг эрмэлзэж байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгахад анхаарна” гэсэн юм. 

 

 

 

 

T.Amarjargal T.Amarjargal