Сингапур бол Зүүн Өмнөд Азийн зах зээл дэх бидний гарц

Mongolian Economy
2022-01-07 15:37:15

Улаанбаатар хотноо 2016 онд болсон АСЕМ-ийн чуулганд Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сянлун оролцохын зэрэгцээ манай улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэ талаар тус улсын нөлөө бүхий нэгэн бизнес эрхлэгч “Манай Ерөнхий сайд дурын оронд айлчлал хийгээд байдаггүй. Монгол Улстай эдийн засаг, худалдааны салбарт хамтран ажиллах боломж бодитой гэдгийг төрийн зүгээс үнэлж, санал нэгдсэний үндсэн дээр айлчилсан.

Тиймээс бид Монголд эдийн засгийн ямар боломж байгааг харах хэрэгтэй” хэмээн ярьсан  гэдэг. Сингапурын Ерөнхий сайдын айлчлалын үр дүнд Монгол Улсад бизнес болон аялал жуулчлалын зориулалтаар нэвтэрч буй тус улсын иргэд 30 хоногийн хугацаатай визгүй зорчих боломжтой болсон юм. Үүнээс хойш хоёр улсын иргэдийн зорчих урсгал нэмэгдсэний зэрэгцээ, хоёр улсын хооронд бизнес эрхлэгчдийн харилцаа холбоо, хөрөнгө оруулалтыг дээд түвшинд дэмжсэн хэд хэдэн томоохон үйл явдал болсны нэг нь 2019 оны зургадугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хийсэн айлчлал. Мөн 2019, 2020 онд зохион байгуулсан хоёр талын бизнес эрхлэгчдийн томоохон уулзалтаар талууд харилцан хөрөнгө оруулалтын орчин, боломжийн талаар мэдээлэл солилцсон юм.

Энэ бүх хүчин чармайлтын үр дүнд саараад байсан гадаад худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтын хэмжээ 2016 оноос хойш эрс сэргэжээ. Статистикаас харвал 2016 онд 31.7 сая ам.доллараар хэмжигдэж байсан худалдаа 2019 онд 176.8 сая ам.доллар болж 5.6 дахин өссөн байна. Худалдааны эргэлтийн 87.1 хувийг Монголын түүхий эд зонхилсон экспорт эзэлж байгаа бол үлдсэн 16.9 хувийг тамхи, газрын тосны бүтээгдэхүүн, хүнс, цахилгаан хэрэгсэл, электрон бүтээгдэхүүн, тосолгооны материал, химийн бордоо, тээврийн хэрэгсэл, эрүүл мэндийн багаж хэрэгслийн импорт бүрдүүлжээ.

Монголоос нийлүүлж буй түүхий эдийн 76 хувь нь хагас боловсруулсан алт бөгөөд төмрийн хүдэр, зэсийн баяжмал, зэсийн катод, пирит зэрэг түүхий эдийг Сингапур худалдаж авдаг байна. 2019 оны байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 6.4 хувь буюу 184.3 сая ам.долларыг бүрдүүлснээр манай улсын гурав дахь том хөрөнгө оруулагч болжээ.

Монгол Улсыг зах зээлийн харилцаанд шилжсэн 1990 оноос хойш Сингапур улс нийт 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсний бараг дөрөвний нэг нь сүүлийн дөрвөн жилд ногдож байгаа юм. Харин 2011 онд хөрөнгө оруулалтын хэмжээ оргилдоо хүрсэн нь Оюутолгойн уурхайн үйл ажиллагаа идэвхжиж, манай улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байсантай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарладаг. 2011 оны байдлаар нийт хөрөнгө оруулалтын 11.5 хувийг эзэлж байжээ. Дүгнэж хэлбэл, хоёр улсын эдийн засгийн харилцаа 1990-ээд онд төдий л идэвхтэй байгаагүй боловч сүүлийн 10 жилд уул уурхай болон хоёр улсын дээд түвшний хүчин чармайлтууд нь худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Гэсэн хэдий ч хоёр талын эдийн засаг, бизнесийн харилцаа сул, байгаа боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгааг Сингапур улсад Монгол Улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Т.Лхагвадорж онцолж буй. Хоёр улсын хооронд байгуулсан “Гадаадын хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих” болон “Давхар татвараас зайлсхийх, чөлөөлөх” гэсэн гэрээ хэлэлцээр бий. Тиймээс Сингапурт компаниа нээсэн этгээд Монголын компанид хөрөнгө оруулалт хийх нь олон давуу талтай. Давхар татвар төлөхгүйн зэрэгцээ Сингапур шүүхийн засаглал сайтай тул хоёр талд зөрчил маргаан үүссэн тохиолдолд Сингапурт шударгаар шийдүүлэх боломжтой нь маш том давуу тал. Үүнээс гадна улс төрийн харилцааны хувьд ямар нэг саад тотгор байхгүй. Бас Зүүн өмнөд Азийн бүс нутагт хамгийн идэвхтэй харилцаатай орон бол Сингапур.

Тиймээс хамгийн гол нь хоёр талын бизнесийнхэн хоорондоо харилцан ойлголцох хэрэгтэй. Монголчууд улс төр болон хууль эрх зүйн өөрчлөлтийнхөө
талаар гаднынханд үнэн бодитой, зөв талаас нь хангалттай тайлбарлах хэрэгтэй байгааг элчин сайд Т.Лхагвадорж тайлбарласан.

Монгол, Сингапур хоёр улс нь том хөршүүдээр хүрээлэгдсэн, нээлттэй гадаад бодлоготой улс.

Гадаад бодлогынхоо хүрээнд чөлөөт, олон тулгуурт худалдааг дэмждэг төдийгүй хөрш орнуудтайгаа найрсаг харилцаатай байгаад зогсохгүй даяаршсан дэлхийтэй хамтран ажиллах хэрэгтэйг Сингапурын Ерөнхий сайд Ли Сянлун Монголд айчлахдаа онцолж байв. Нөгөөтэйгүүр, Сингапур улс манайд хөрөнгө оруулах сонирхолтой байдаг бол монголчууд ч мөн сингапурын зах зээлд гарах сонирхолтой. Сингапурын Монголд хийж буй шууд хөрөнгө оруулалтын 75 хувь нь геологи уул уурхай, хайгуулын салбарт байгаа бол 19 хувийг худалдаа, катерингийн үйлчилгээ эзэлдэг байна. Тиймээс уул  уурхайн бус салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр улсын эдийн засгийн харилцааг олон салбарт тэлэх хэрэгцээ бий.

 

 

Mongolian Economy сэтгүүлийн 2021 оны 01, 02-р сарын дугаар (№171, 172)

 

Mongolian Economy