Дэлхийг удирддаг сан

B Shurenchimeg
2022-01-07 18:04:03

“Бидэнд үндэсний тээвэрлэгч хэрэггүй. Харин манай “Changgi” онгоцны буудал олон улсын онгоцуудаар дүүрэн байх нь илүү чухал. Тиймээс та бүхэн байсан, байгаагүй би “Singapore Airlines (SIA)”-ийг ажиллуулж чадна. SIA-ийг татан буулгахад ч бэлэн байна” хэмээн Ерөнхий сайд Ли Куан Ю 1980 онд болсон нисгэгчдийн ажил хаялтын үеэр хэлж байв. SIA-ийг санхүүгийн таагүй нөхцөлд байхад буюу 1980 онд онгоцны нисгэгчид нь цалин хангамжаа сайжруулахыг шаардаж зарим нислэгийг хүртэл саатуулж байсан юм. Тус агаарын тээврийн компанийн хувьцааны дийлэнх буюу 55 хувийг эзэмшигч нь “Темасек Холдингс” баялгийн сан. Темасекийн удирдлагууд тус компанид өрсөлдөх чадвар бий учир сайжруулж чадна гэж мэтгэн ерөнхий сайдтай олон удаа зөрчилдөөнт уулзалтуудыг хийж байсан гэдэг. Тийнхүү зөрөн байж авч үлдсэн Singapore Airlines өдгөө 22 дахь жилдээ дэлхийн хамгийн шилдэг агаарын тээвэрлэгчээр нэрлэгдэж байна.

Өндөр стандартын тав тух, хоол үйлчилгээ, үнэ цэнээр танигдсан энэхүү шагналыг авах эрх олгосон ч угтаа Темасекийн зурагласан инновацад суурилсан стратегийн үр дүн биз.

Энэ түүх бол “Темасек” баялгийн сан ямар хэмжээнд улсынхаа удирдагчидтай харилцдаг мөн компанийн засаглал нь хэрхэн ажилладагийг харуулсан бодит жишээ хэмээн “Темасек Холдингс”-ийн Олон нийттэй харилцах албаны дарга Стефен Форшоу 2018 онд сэтгүүлч бидэнтэй уулзахдаа онцлон хуваалцаж байв. Сингапурын Засгийн газар бол Темасекийн хувьд саналыг нь хүндэтгэж авч үзэх үүрэгтэй хувьцаа эзэмшигч болохоос юу хийхийг нь заадаг, хүссэн үедээ тушаагаад мөнгө авчихдаг эзэн нь биш гэж тэрбээр мөн онцолсон билээ. Байгалийн баялаггүй, хэн бэ гэдгээ харуулах түүхгүй Малайз, Индонез гэсэн исламын шашинт хоёр том улстай хиллэдэг, геополитикийн хувьд Энэтхэгийн далай болон Өмнөд Хятадын тэнгисийн зангилаа цэгт байрладаг зэрэг нь тусгаар тогтноод удаагүй Сингапур улсад аюулгүй байдлаа хамгаалахад амаргүй өгөгдөл байлаа. Дээрээс нь колоничилж байсан Их Британичууд 1971 онд цэргийн армиа тус хот улсаас гаргачихав. Том гүрнүүдийн хооронд Хүйтэн дайны дарийн утаа ид уугиж байсан тээр жилүүдэд Их Британийн арми Сингапурын эдийн засагт ДНБ-ийх нь 20 хувийг, 10 ажлын байр тутмын нэгийг бүрдүүлж өгдөг байжээ. Гэтэл Британийн колониос гарсан нь нөгөө талдаа Сингапурыг эдийн засаг, санхүүгийн хувьд туйлын эмзэг болгосон юм. Тиймээс тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангах, бүс нутагтаа, цаашилбал дэлхийд байр сууриа эзлэх, эдийн засгийн хувьд бие даах нь чухал байв.

Шинэхэн удирдагчид эдийн засгийн хөгжлийн суурийг аж үйлвэрлэл хэмээн тодорхойлж, дотоодын болон хамтарсан компаниуд, старт-апуудыг олноор нь байгуулж идэвхтэй бодлого хэрэгжүүлэв.

Малайз, Сингапурын хамтарсан авиа компани, Британийн армийн мэдэлд байсан зэвсэг болон хөлөг онгоцны үйлдвэрлэлийг худалдан авч, хувийн секторт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, банк санхүү, зочид буудлын үйлчилгээ, түүгээр ч тогтохгүй зоопарк хүртэл байгуулжээ. Гэхдээ Засгийн газар бодлого боловсруулж, зохицуулалт хийх үндсэн үүрэгтээ төвлөрөхийн тулд энэ их капиталын удирдлага тусдаа байх ёстой байлаа. 1974 онд Сингапурын компанийн тухай хуулийг үндэслэн “Темасек холдингс”-ийг байгуулжээ. Эдийн засгийг төрөлжүүлэх, чинээлэг дундаж давхаргыг нийгмийн суурь болгохын тулд “Темасек” ашигтай ажиллах ёстой. Тиймээс хөрөнгө оруулалт хийж буй компани бүрийг ашигтай ажиллуулах, ашиггүйгээс нь аль болох хурдан салж, арилжааны зорилгыг тэргүүнд тавьсан юм.

Энэ ч үүднээс “Темасек” нь олон улсад байдаг баялгийн сангуудаас ялгаатай. Ихэнхдээ хувьцаанд хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд маш олон компани, үйлдвэрийн хууль ёсны эзэмшигч тул татвар ч мөн төлдөг. Сингапурын өнгөрсөн хагас зууны эдийн засгийн өрнөлийг тоймлож харвал, 1960-1970 онд гар ажиллагаа зонхилсон үйлдвэрлэлтэй байсан бол 1980 онд капиталд суурилсан нэмүү өртөг шингэсэн зах зээл болж, харин 1990-ээд онд ур чадвар, мэдлэгт суурилсан эдийн засаг болж хувирчээ. 1960 онд ДНБ нь 704.5 сая ам.доллар байсан бол одоо 391.8 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Анхны үндэсний баялгийн сан болох “Темасек”-ийг байгуулснаас зургаан жилийн дараа буюу 1980 он гэхэд улсынх нь гадаад валютын нөөц ихээр хуримтлагдаж байгааг тухайн үеийн Шадар сайд бөгөөд төв банкны тэргүүн Го Кен Суи анзаарав.

1960 онд ДНБ нь 704.5 сая ам.доллар байсан бол одоо 391.8 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

Цаашид ч эрчимтэй өсөх төлөвтэй байгаа тул гадаад валютын нөөцийг урт хугацааны, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт, ард иргэд, ирээдүй хойчийнхоо сайн сайханд зориулахаар 1981 онд Засгийн газрын дор ажиллах Хөрөнгө оруулалтын корпорацыг байгуулжээ. Энэ нь одоогийнхоор Сингапурын үндэсний баялгийн сан буюу Government of Singapore Investment Corporation (GIC) юм. Сингапур нэгэнт бүс нутаг төдийгүй дэлхийн тавцанд бизнес, санхүүгийн төв болж тодорч  гарч ирсэн нь төдий хэмжээний их хөрөнгө оруулалт, валютын урсгалыг татаж эхэлсэн байна.

“Голланд өвчнийг” анагаагч

Энэ үеэс Сингапурын Засгийн газрын хөрөнгө оруулалтын бодлого хөрвөх чадвартай, бага өгөөжтэй бус урт хугацааны, өндөр өгөөжтэй капиталд чиглэх болжээ. Энэ бодлогыг Сингапурын төв банк нь үндэсний баялгийн хоёр сантайгаа хамжин гүйцэтгэдэг. Албан ёсны статус, хэлбэрийн хувьд үндэсний баялгийн сан нь гадаад валютын нөөцийг удирдах төв банкны хэмжээний эрх мэдэлгүй. Гэхдээ экспортын орлогоор орж ирсэн их хэмжээний валют илүүдэл болж, эдийн засаг нь “Голланд өвчин”-д нэрвэгдэхээс сэргийлэхэд үндэсний хоёр баялгийн сан маш чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Төв банк нь хамгийн эрсдэл багатай, хөрвөх чадвар сайтай санхүүгийн хэрэгсэлд, GIC нь нээлттэй зах зээлүүдийн төрөл бүрийн ангиллын хувьцаа, үл хөдлөх, хувийн хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийдэг байна. Харин “Тамесек холдингс” нь хамгийн өндөр эрсдэлтэй, өгөөж өндөртэй капиталд хөрөнгө оруулдаг ба өгөөжийг урт хугацаанд хамгийн өндөр байлгахад чиглэдэг аж.

Мөнгөний урсгалыг ДНБ, үндэсний бүтээмжтэйгээ уялдуулан зохицуулснаар эдийн засгаа хэт халалт, гадаад шокоос сэргийлэх, цаашилбал төрөлжүүлэхэд үндэсний баялгийн сан нь хамгийн гол үүрэг гүйцэтгэдэгийг Сингапурын жишээ харуулдаг. Тусгаар тогтнолын дараах эдийн засгийн төрөлжилтөд “Темасек” чухал үүрэг гүйцэтгэсэн шиг 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралыг ч Сингапур улс үндэсний баялгийн сангийнхаа тусламжтай донсолгоо багатай даван туулсан юм.

Дэлхийн бөмбөрцгийн баруун хойд хагаст The Lehman Brothers дампуурч байхад зүүн өмнөд хагаст Сингапурын Засгийн газар үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн ханшийн тогтвортой байдал, банк, санхүүгийн компаниуд, зээлдэгчдэд 120 тэрбум ам.доллартай тэнцэх баталгаа өгч байжээ.

Улмаар 2009 оны эхний улиралд ДНБ нь 10 хувиар агшсанаас үүдсэн хүндрэлийг даван туулах зорилгоор 12 тэрбум ам.долларын багц гаргаж, бизнес эрхлэгчдэд цалин хөлсөө тавихад нь зориулсан санхүүжилт, түрээсийн зээл болон банкны бусад зээлийг идэвхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авсан гэдэг. Дэлхийн Үндэсний баялгийн сангийн хүрээлэнгийн тодорхойлсноор аливаа улс орны үндэсний баялгийн сангийн орлого нь төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөц, хувьчлалын орлого, Засгийн газрын шилжүүлэг, төсвийн илүүдэл, байгалийн нөөцийн экспортын орлого гэсэн эх үүсвэрээс бүрддэг аж.

Сингапурын үндэсний баялгийн сангуудын хувьд Норвеги, Саудын Араб болон дийлэнх улсын үндэсний баялгийн сангаас ялгаатай нь байгалийн баялагт бус цэвэр үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн бүтээмжийн орлого нь санг арвижуулах гол мөнгө нь. Өдгөө дэлхий дээр 125 үндэсний баялгийн сан байгаа бөгөөд актив нь 27 их наяд ам.доллараар хэмжигдэж байна. Нийт баялгийн сангийн 70 орчим хувь нь байгалийн баялаг, газрын тосны орлогоос эх үүсвэрээ бүрдүүлдэг. Норвеги болон Хятадын үндэсний баялгийн сангууд тус бүр нэг их наяд гаруй ам.долларын хөрөнгөтэйгээр тэргүүлдэг бол Сингапурын Хөрөнгө оруулалтын корпорац нь 453.2 тэрбум, “Тамесек холдингс” нь 417.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр эхний 10-т эрэмбэлэгддэг.

Хөрөнгө оруулалтын гол үзэл санаа нь эдийн засгийг төрөлжүүлэх, дундаж давхаргын суурийг тэлэх, харьцангуй давуу талыг өнгөлөх хөрөнгө оруулалтаас гадна орчин үеийн чиг хандлагыг тодорхойлогч бизнес, салбаруудыг дэмжихэд чиглэдэг. Энэ их мөнгөний ойролцоогоор дөрөвний нэг нь Сингапурт, үлдсэн нь дэлхий даяар олон шинэ бизнес, хөрөнгө оруулалтад зарцуулагдаж байна. Харин өгөөжийн хувьд GIC-ийн 5-20 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын ногдол ашиг ам.доллараар тооцвол жилд дунджаар 3.7-5.7 хувьд хэлбэлздэг аж. “Тамесек холдингс”-ийнх 7-12 хувийн өгөөжтэй байдаг бөгөөд сангийн хөрөнгийн хэмжээ жилд 14 тэрбум сингапур доллараар арвижсаар иржээ.

Дэлхий дахины хөгжлийн шинэ үзэл санааг даган үндэсний баялгийн сангуудын хөрөнгө оруулалтын бодлого ч мөн өөрчлөгдөж байна. Амьдралын чанар, технологийн тэгш байдлыг сайжруулах, ухаалаг систем, хуваалцах эдийн засгийг хөгжүүлэх, байгаль дэлхийн болон нийгмийн сайн сайханд чиглэсэн хэрэглэгчийн зан төлвийг дэмжих нь дэлхийг удирддаг сангуудын гол философи болоод байна.

 

 

Mongolian Economy сэтгүүлийн 2021 оны 01, 02-р сарын дугаар (№171, 172)

 

 

B Shurenchimeg