Anna Nguyen:Бид Австралид амжилттай, найдвартай ирээдүй рүү хөтлөхөд үргэлж бэлэн байх болно

Sarangerel
2025-12-04 10:52:51
Ангилал:

Австрали улсын Gentoo Lawyers хуулийн фирмийн хуульч Anna Nguyenтэй ярилцлаа. Gentoo Lawyers нь Монголын Kangaroo agency-гийн Австрали улс дахь албан ёсны түнш юм.

-Та Монгол Улсад удахгүй ирж, Австрали улсын цагаачлалын хуультай холбоотой хурал семинарт оролцох гэж байна. Монгол Улсын талаарх сэтгэгдлээсээ эхлээд хуваалцана уу?

-Монгол Улсад анх удаа ирж байгаадаа маш их баяртай байна. Сүүлийн жилүүдэд би олон монгол найз, харилцагч, оюутнуудтай Австралид танилцаж, тэдний халуун дулаан сэтгэл, тэсвэр тэвчээр, эх оронч, гэр бүлсэг зан чанарыг бишрэн хүндэлж ирсэн. Монгол бол өвөрмөц соёлтой, хурдацтай хөгжиж буй улс.

Танай улсад зочилж, Австралийн хууль эрх зүй, боловсрол, хөрөнгө оруулалтын орчныг ойлгох хүсэлтэй хүмүүстэй уулзах гэж байгаадаа сэтгэл их хөдөлж байна. Монголчуудад мэдлэгээ хуваалцаж, тэдэнтэй нүүр тулан уулзах боломжийг олгож буй хуралд оролцож байгаа нь миний  хувьд тун хүндтэй хэрэг юм.

-Та хуулийн фирмээ манай уншигчдад товч танилцуулна уу?

-ANNA & CO LAWYERS T/A GENTOO LAWYERS бол цагаачлал, гэр бүл, өв залгамжлал, үл хөдлөх хөрөнгө, бизнес болон худалдаа, иргэний болон эрүүгийн хууль, хүний эрх, нотариатын үйлчилгээ зэрэг чиглэлээр хуулийн цогц үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Бид захиргааны хэргийн маргаан, виз болон иргэний харьяаллын асуудал, гэр бүл салалт, хүүхдийн асран хамгаалал, үл хөдлөх хөрөнгийн маргаан, өв залгамжлал, гэрээслэл, бизнесийн хэлцэл, лизинг, өр барагдуулах, үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхийн шилжүүлэг зэрэг үйлчилгээ мөн үзүүлдэг.

Манай фирм олон улсын харилцагч нартай нягт хамтран ажилладаг олон соёлыг агуулснаараа бусад фирмээс ялгардаг гэж болно. Манай ажилтнууд англи, монгол, орос, вьетнам, хятад, испани, португал, энэтхэг, балба зэрэг олон хэлээр үйлчилгээ үзүүлэх чадвартай.

Манай фирм цогц, ил тод, практик, үр дүнд чиглэсэн хуулийн шийдэл гаргахад анхаарч ажилладаг. Визний материал бүрдүүлэлт, компани худалдаж авах, гэр бүлийн асуудал, үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын аль нь байхаас үл хамаарч бид хэрэглэгч тус бүрийн ялгаатай хэрэгцээнд нийцэхүйц стратегитай, чин сэтгэлийн, мэргэжлийн тусламж зөвлөгөөг үзүүлсээр ирлээ.

-Австрали улсад монголчууд олноороо оршин сууж, амьдардаг, мөн олон оюутан сурдаг. Тиймээс монголчуудад Австрали улсын хуулийн мэдлэг маш чухал. Gentoo Lawyers, Монголын Kangaroo agency-гийн хамтын түншлэл ямар асуудалд голлон чиглэх вэ?

-Австралид ажиллаж, амьдарч буй монголчуудын тоо тогтмол өсөж, өөрсдийн хууль ёсны эрх, боломжуудыг ойлгохыг хүсдэг болсон учраас бидний хувьд Монгол бол анхаарал хандуулдаг чухал улс юм. Kangaroo Agency байгууллагатай хамтран ажиллах замаар бид зөвхөн монгол харилцагч нартаа зориулсан цагаачлалын зөвлөх үйлчилгээ, визтэй холбоотой алдаанаас сэргийлэх, виз гарах боломжийг нэмэгдүүлэх тухай сургалт семинар явуулах, комплаенс, ажиллах эрх, цагаачлах арга замын талаар гадаадын оюутнуудад дэмжлэг тусламж үзүүлэх, Австралид компани байгуулах, үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулахад туслахыг зорин ажиллаж байна.

Маш олон монгол хүн Австралийг суралцах, цагаачлах, урт хугацаагаар ажиллаж амьдрах улсаараа сонгох болжээ. Бид тэрхүү аяллыг нь итгэл даах хууль эрх зүйн зөвлөгөөгөөр дэмжиж ажиллах болно.

-Австрали улс дахь манай улсын иргэд, оюутнуудад ямар асуудал түлхүү тулгарч, хүндрэл үүсгэдэг вэ?

-Дараах түгээмэл асуудлууд байдаг гэж үзэж болно. Ажиллах эрхийн хязгаар, сургалтын шаардлага зэрэг визийн нөхцөлүүдээ буруу ойлгох, виз сунгуулах, эсвэл Оюутны визэнд тавигдах шаардлагад хүндрэл гарах, асуудал гарах үед найдвартай хууль эрхзүйн үйлчилгээ авах боломж бололцоо дутмаг байх, Австралийн ажлын байртай холбоотой хууль дүрэм журмыг сайн мэдэхгүйгээгээс үүдэж ажилд ороход төрөл бүрийн сорилттой тулгарах, байр, түрээс зэрэг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд болон хэлний бэрхшээлээс үүдэн төрийн байгууллага, их сургууль, ажил олгогчтой үл ойлголцох зэрэг бэрхшээл бий.

Монгол оюутан, гэр бүлийг анхнаас нь зөв мэдээллээр хангах, ингэснээр хуулийн төрөл бүрийн асуудлаас зайлсхийх, Австралид ирээдүйн амьдралаа бүтээхэд голлон анхаарахад нь туслах бол манай байгууллагын зорилго юм.

-Австрали улсын чанартай боловсролын систем нь дэлхийд  дээгүүрт ордог. Тиймээс манай залуус танай улсад сурахыг хүсдэг. Гэхдээ визний нөхцөл чанга гэж хардаг. Оюутны визийн боломж, хөнгөлөлт, сурахын хажуугаар ажиллах хуулийн нөхцөлүүдийн талаар та тодорхой ярьж өгнө үү?

-Австрали улс гадаадын оюутнуудад сурах нэн таатай боломжуудыг санал болгодог. Виз олгох процесс тодорхой дүрэм журамтай ч сайн бэлдэж чадвал виз гарах бүрэн боломжтой. Энэ тал дээр анхаарах гол асуудлууд бол:

  • Суралцах боломж: 1,000 гаруй сургууль, боловсролын байгууллага дэлхийн түвшний чанартай сургалтыг санал болгодог.
  • Тэтгэлэг: Манай фирм болон Kangaroo Agency зэрэг хамтрагч байгууллагаар дамжуулан маш олон коллеж, их сургуулиуд монгол оюутнуудад тэтгэлэг, төлбөрөө хэсэгчилж төлөх, хямдрал зэргийг санал болгодог.
  • Ажиллах эрх: Оюутны визтэй суралцагчид суралцах хугацаандаа хоёр долоо хоногт 48 цаг, харин албан ёсны амралтаар хугацаагүй ажиллах эрхтэй.
  • Төгсөлтийн дараах боломжууд: Маш олон төгсөгч Temporary Graduate ангиллын виз (Subclass 485) мэдүүлэх эрхтэй болдог бөгөөд ингэснээр мэргэжилтэй ажилтны цагаачлах эрх үүсэх боломжтой юм.

Ерөнхийдөө уг систем нь суралцах, туршлага хуримтлуулах, Австрали улсад хувь нэмрээ оруулах хүсэлтэй оюутнуудыг дэмжихэд чиглэсэн юм.

-Австрали улсын цагаачлалын хуулийн гол заалт, онцлог нь юу вэ?

-Австралийн цагаачлалын систем нь дараах үндсэн зарчмуудад тулгуурладаг:

  • Мерит суурьтай, ур чадварт төвлөрсөн сонгон шалгаруулалт
  • Хөтөлбөрийн нэгдмэл байдлыг хадгалах зорилготой хатуу чанд боловч шударга комплаенсын систем
  • Оюутан, ур чадвартай цагаач, хөрөнгө оруулагч, гэр бүл зэрэг ялгаатай бүлгүүдэд зориулсан визний маш тодорхой дэд төрлүүдтэй
  • Хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөгдөн буй эрэлт хэрэгцээнд нийцүүлсэн бодлогын байнгын шинэчлэл
  • Визтэй хүмүүсийг хамгаалах, ингэснээр шударга, эрх тэгш байдлыг хангах

Хэдий нарийн төвөгтэй, цогц боловч уг систем нь шаардлага хангасан хүн бүрийн хувьд ил тод, тодорхой бүтэцтэй байдаг юм.

-Австрали улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авснаар ямар эерэг боломж нөхцөлүүд үүсдэг вэ?

-Австралид үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, хөрөнгө эзэмших эрх, гэрээний системээр дамжуулж худалдан авагчдыг хуулийн хамгаалалтаар хангаж чаддаг. Урт хугацаандаа өсөлт үзүүлэх үл хөдлөх хөрөнгийн тогтвортой зах зээлтэй, томоохон хотуудад түрээсээр дамжуулж орлого олох, бизнесийн болон хөрөнгө оруулалтын нэр хүндээ нэмэгдүүлэх, Австралид урт хугацаанд амьдарч буй гэр бүл, оюутнуудад тогтвортой байдал үүсэх зэрэг багтана.

Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь визтэй болох баталгаа болохгүй ч санхүүгийн болон практик утгаараа маш давуу талтай. Энэ нь ялангуяа Австралид амьдрах, эсвэл хөрөнгө оруулах хүсэлтэй гэр бүлүүдэд тун чухал.

-Мөн Австрали улсад хөрөнгө оруулалт хийснээр визний, хуулийн ямар боломжуудыг монголчууд эдлэх эрх үүсэх талаар тодруулж ярина уу?

-Эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, бизнес эхлүүлэх, хөрөнгө оруулах хүсэлтэй иргэдэд Австрали улс олон төрлийн боломжийг санал болгож чаддаг. Хууль эрхзүйн систем нь тогтвортой, дүрэм журам нь ил тод учраас буурь суурьтай хөрөнгө оруулагчдыг соронз мэт татдаг.

Бизнес үүсгэн байгуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, томоохон хөрөнгө оруулалтад хамтрах хүсэлтэй монгол хөрөнгө оруулагчдын хувьд Австралид ажиллаж, амьдрах эрх үүсэх, бизнесээ томруулахад нь туслах маш олон төрлийн боломж бий.

Хамгийн гол нь бодитой бизнес үйл ажиллагаа, санхүүгийн боломж, орон нутгийн эдийн засагт хувь нэмрээ оруулах хүсэлтэй байх хэрэгтэй. Хууль эрхзүйн сайн төлөвлөгөө гаргаж чадвал Монголын хөрөнгө оруулагчид хууль ёсны, урт хугацааны боломжуудыг эрэлхийлж болно.

-Гадаадын хөрөнгө оруулагчдад Австрали улсын үзүүлдэг хууль эрх зүйн орчны талаар сонирхуулна уу? Учир нь манай улс ГХО-ын тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар 2026 онд батлуулахаар ажиллаж байна. Тиймээс танаас энэ талын мэдээлэл авах гэсэн юм.

-Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан хамгийн аюулгүй, ил тод хуулийн орчинтой улсуудын нэг гэдгээрээ Австрали алдартай. Энэ тал дээр гол давуу тал, онцлогуудыг дурдъя:

  • Хуулийн засаглал болон бие даасан шүүх
  • Татвар болон аж ахуйн нэгжийн маш тодорхой хууль дүрэм журам
  • Хөрөнгө өмчлөх эрхийг сайн хамгаалдаг
  • Үндэсний эрх ашгийн хүрээнд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад эрх тэгш ханддаг
  • Хүчирхэг, тогтвортой банкны систем
  • Урьдчилан таамаглаж болох хууль эрхзүйн систем

-Ил тод, урьдчилан таамаглаж болох, хүчирхэг хуулийн институц нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлдэг гэдгийг Австралийн жишээ харуулдаг. Монгол Улсын хувьд ч энэ чиглэлийн хууль эрхзүйн шинэчлэл нь дээрхтэй ижил зарчмуудыг хэрэгжүүлэх, үүнийгээ улс орны эдийн засгийн зорилгуудад нийцүүлэх сайхан боломж болно гэдэгт итгэлтэй байна.

-Та Австрали улс руу ажиллах, эсвэл сурахыг сонирхож буй хүмүүст юу гэж зөвлөх вэ?

Маш энгийн зөвлөгөө өгье гэж бодож байна. Эртнээс бэлтгэ, бүрэн зөв зөвлөгөө ав. Ингэснээр ирээдүйд визтэй холбоотой асуудал гаргахаас сэргийлэх юм. Өөрийнхөө урт хугацааны зорилготой нийцсэн сурах чиглэл, эсвэл карьерын замыг сонгоорой. Өөрийнхөө эрх, үүрэг хариуцлагыг ойлго, ялангуяа визний нөхцөлийн тал дээр. Ингэснээр цаг үргэлж хууль ёсны дагуу процессоо үргэлжлүүлэх боломж бүрдэнэ. Англи хэлний мэдлэг, чадвартаа хөрөнгө оруулснаар харилцааны тал дээр асуудал гарахгүй бөгөөд ингэснээр илүү сайн боловсрол эзэмших, сайн ажилтай, орон сууцтай болох боломжуудыг өөрийн болгоно. Хэрэв эргэлзэж байвал хууль эрхзүйн мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгвэл хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэж, стрессээс зайлсхийнэ.

Австрали бол зочломтгой, олон соёл бүхий улс юм. Хэрэв бэлтгэлээ сайн хангаж чадвал монголчууд манай улсад боловсрол, ажил мэргэжил,  хувь хүний тал дээр өндөр амжилт гаргах боломжтой. Gentoo Lawyers-ийн хамт олон таныг Австралид амжилттай, найдвартай ирээдүй рүү хөтлөхөд үргэлж бэлэн байх болно.

Нэрийн хуудас

Анна Нгуен

Албан тушаал: ANNA & CO LAWYERS T/A GENTOO LAWYERS компанийн захирал, хуульч

Боловсрол:

  • Шинэ Өмнөд Уэльсийн хуулийн зөвлөх
  • Шинэ Өмнөд Уэльсийн Дээд шүүхийн хуульч
  • Австралийн Дээд шүүхийн хуульч
  • Бизнесийн удирдлагын бакалавр
  • Бизнесийн удирдлагын магистр – Олон улсын менежмент
  • Хууль зүйн ухааны доктор
  • Хууль зүйн ухааны магистр
  • Философийн ухааны доктор (PhD)
  • Шинэ Өмнөд Уэльсийн хуульчдын нийгэмлэгийн гишүүн
  • Сидней хотын хуульчдын нийгэмлэгийн гишүүн
  • Австралийн хуульчдын зөвлөлийн гишүүн

Хатагтай А.Нгуен олон соёлын орчинд ажилласан туршлага, мэргэжлийн хандлага, стратегич чадвараараа олонд танигдсан. Тэрбээр олон улсын, тэр дундаа монгол харилцагчидтай ойр ажилладаг. Түүний зорилго бол Австралийн хуулийн системийг ойлгож ажиллаж, амьдрахад нь хувь хүн, гэр бүл, хөрөнгө оруулагчдад туслах юм.