Apple, China Mobile хамтарч эхэллээ

БНХАУ-д нийт 1.2 тэрбум хүн гар утас хэрэглэж байна. Тус улсын China Mobile нь 760 гаруй сая хэрэглэгчтэй, дэлхийн хэмжээнд хамгийн томд тооцогдох гар утасны үйлчилгээ эрхэлдэг компани аж.

Харин Apple ухаалаг гар утас үйлдвэрлэгч нь дэлхийд хамгийн томд тооцогдох технологийн компани. Уг компанийн хувьд хамгийн гүйлгээтэй бараа нь гар утас. Энэ оны эхний есөн сарын байдлаар нийт 102.4 сая ширхэг гар утас борлуулсан талаар Cantor Fitzgerald Research судалгааны компаниас мэдээлжээ.

Тэгвэл Apple компани борлуулалтын орлого нэмэгдүүлэх зорилгоор China Mobile-тай шинэ загварын гар утсаа борлуулах томоохон гэрээ байгуулаад байгаа аж. Энэ нь дэлхийн нийт гар утас хэрэглэгчдийн 10 хувьд нь хүрэх том боломж юм байна.

Энэ талаар Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк “БНХАУ бол манай компанийн хувьд туйл чухал зах зээл. China Mobile-тай байгуулсан түншлэл нь дэлхийн хамгийн том сүлжээний хэрэглэгчдэд iPhone-ийг хүргэх сайхан боломж” гэжээ. Тэрбээр энэ оны эхээр хойд Америкийн зах зээлийг Хятад удахгүй гүйцэж түрүүлнэ гэж байсан юм.

Одоогийн байдлаар Хятадад хамгийн гүйлгээтэй гар утасны тоонд Samsung, Lenova, Coolpad гэсэн гар утаснууд орж байна. iPhone ухаалаг гар утасны борлуулалт тус улсад тааруухан байгаад нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг нь хөгжлийн ялгаа, тэр дундаа үйлчилгээтэй холбоотой аж.

Өөрөөр хэлбэл, хөгжилтэй орнуудад худалдан авч буй гар утасныхаа төлбөрийг гэрээ хийсний үндсэн дээр хэсэгчилсэн байдлаар цувуулан төлөх боломжтой байдаг. Харин хөгжиж буй зарим оронд гар утас худалдан авахад төлбөрийг нь бөөнд төлөхийг шаардлагатай болдог. Энэ нь бусад гар утастай харьцуулахад iPhone-ийг тухайлбал, Хятадад харьцангуй үнэтэй болгодог аж.