Төмөр зам ашиглах туршлагаасаа хуваалцав

Канадын төмөр замын инженер, техникийн үйлчилгээ үзүүлдэг "Канарэйл" компаниас "Байгаль цаг уурын хүйтэн нөхцөлд хүнд даацын төмөр замыг ашиглах шилдэг туршлага" сэдэвт семинарыг "Кемпинский" зочид буудалд зохион байгуулав.

Тус компани нь сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхийн 75 оронд төмөр замын төсөл хэрэгжүүлсэн туршлагатай аж. "Канарэйл" компанийн тэргүүн дэд Ерөнхийлөгч бөгөөд ерөнхий инженер Дон Гиллстром “Төмөр замын хүчин чадал ба байгаль цаг уурын хүйтэн нөхцөлд үйл ажиллагаа явуулах нь" тус компанийн Төмөр замын ашиглалт хариуцсан захирал Ноел Лалиберт "Хүнд даацын хөгжлийн замнал" зэрэг илтгэл тавьж, олон улс дахь шинэ төслүүдээ танилцуулсан.

Манай улсад өөрийн салбараа дөнгөж нээгээд буй тус компани нь Монголын нөхцөлд төмөр зам тавихдаа хэрхэн ажиллах, баталгаатай, олон жилийн настай зам бүтээхийн төлөө ямар зохион байгуулалтаар ажиллах вэ зэрэг асуудлаар энэ салбарын хүмүүстэй санал бодлоо солилцсон юм. Монголын хувьд Сайншандаас Баруун-Урт-Хөөт-Чойбалсангийн чиглэл рүү 5000 км, 25 тоннын даацтай төмөр зам барихаар ажиллаж байгаа билээ. Тус компани дээрх төсөлд ч өөрсдийн туршлагаас хуваалцахаа амласан юм.

 

Х.Ананд