Аялал жуулчлалын салбарт ямар ажилтнууд эрэлттэй байна вэ?

“Аялал жуулчлал ба хөдөлмөр эрхлэлт” хөдөлмөрийн яармаг өнөөдөр боллоо. Улаанбаатар бизнес хөгжлийн төвд болсон тус үзэсгэлэн  долоо дахь жилдээ болж байгаа бөгөөд энэ жил 30 орчим байгууллагын 400 гаруй ажлын байранд бүртгэсэн байна
.  
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ажилтай, орлоготой Улаанбаатар” зорилгын дор Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулж байгаа хөдөлмөрийн яармагт аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэд эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох боломжийг олгож байв.
 
Хөдөлмөрийн яамны хийсэн судалгаагаар нийт цагийн ажлын эрэлтийн 14.6 хувийг аялал жуулчлалын салбар эзэлж байна.  
Өнөөдөр хөдөлмөрийн яармагт хамрагдсан нийт хүмүүсийн ихэнх нь аялал жуулчлал болон орчуулгын ангийн оюутнууд байлаа. 
 
Цалингийн хувьд тухайлбал хөтөч орчуулагчийн ажлын хөлс өнгөрсөн жил өдрийн 15-25 ам.доллар байсан бол ам.доллар чангарсантай холбогдуулан 40-45 мянган төгрөгөөр илэрхийлэгдэх болжээ. “Оюутнуудын хувьд 21 хоног дадлагажаад үлдсэн хоёр сард ур чадвараасаа шалтгаалаад 300-700 мянган төгрөгийн хооронд цалинждаг” талаар “Mongolie Voyages” компанийн менежер Д.Саранцэцэг хэлсэн юм. 
 
Өнөөдрийн хөдөлмөрийн яармагт үйлчилгээний ажилтан эрэлттэй байгаа гэдгийг ажил олгогч байгууллагууд хэлж байлаа. “Nomadic Expedition” компанийн үйлчилгээний менежер Мөнхдэлгэр “Ажилд бүртгүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь зөөгч, үйлчилгээний ажилтнаар ажиллах саналтай байгаа бөгөөд бидэнд жолооч, тогоочийн эрэлт их байна” гэв. 
 
Манай улсад ирж байгаа нийт жуулчдын 98 хувь нь Улаанбаатар хотоор дамжин өнгөрдөг байна.  Тиймээс Улаанбаатар хотоор аялах хөтөлбөрт Монгол их цам-108 шашин соёлын арга хэмжээ, Сэтгэл татам Улаанбаатар жуулчдын гэрэл зургын уралдаан, Айрагны баяр-үндэсний ундааны өдөрлөг, Зул сарын зад хямдрал зэрэг үйл ажиллагааг.  Нийслэлийн аялал жуучлалын газраас аялалын хөтөлбөрт энэ жил  нэмж оруулсан байна. 
 
Мөн Нийслэлийн аялал жуулчлалын салбарт олон ажлыг санаачлаад байна. Үүний нэг хөтөч тайлбарлагчийн сургалтыг сард нэг удаа  үнэ төлбөргүй явуулдаг байна. 
 
 
А.Бүрэнжаргал