Нийт ажилчдынхаа 60 хувийг шинээр бүрдүүлдэг

Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан салбарынхан ажилтнуудаа авч эхлээд байна. Аялал жуулчлал улирлын чанартай бизнес учир энэ үзэгдэл хавар бүр давтагдана. Тус салбарт хэрэгцээтэй байгаа 400 гаруй ажлын байранд ажилтан авах зорилготой хөдөлмөрийн яармаг энэ сарын 17-нд боллоо. Энэ үеэр бид “Nomadic Expedition” компанийн үйлчилгээний менежер Н.Мөнхцэцэгтэй ярилцсан юм. 
 
-Хэзээнээс үйл ажиллагаа эхлэх гэж байна вэ? 
 
-Аялагчдын цуваа тавдугаар сараас идэвхжинэ. Одоогийн байдлаар гэр  баазаа засварлаж, өргөжүүлэх ажил хийж байгаа. Манай орон жилийн дөрвөн улиралтай учир жил бүрийн хавар сэргээн засварлах ажлуудыг заавал хийх хэрэгтэй байдаг
 
-Ажилтнуудынхаа хэдэн хувийг ямар ажлын байруудад нөхөн авч  байна вэ? 
 
-Өнгөрсөн жил ажиллаж байсан хүмүүсийн 40 хувь нь дахин ажиллаж байгаа. Нийт ажиллах хүчнийхээ 60 хувийг шинээр бүрдүүлж байна. Үйлчилгээний чиглэлээр ажилтан авах хэрэгцээ өндөр байгаа.  Үүнд зөөгч, тогооч, жолооч, бармен, гэрийн үйлчлэгч, угаалгын өрөөний  үйлчлэгч ажилд бүртгэж байна. Улирлын чанартай ажил учир түлхүү оюутан залуус зөөгч, бармен, гэрийн үйлчлэгч зэрэг ажлын байранд бүртгүүлж байна. 
 
-Ажлын байр сонирхогчдын хүсч буй цалингийн хэмжээ дунджаар хэд байна вэ?
 
-Үйлчилгээний салбарын ажилтны цалин 350-700 мянган төгрөгийн хооронд байдаг.  Хувь хүний идэвхиэс хамаарч нэмэх боломжтой. Мөн сайн ажилласан тохиолдолд байнгын ажилтнаар авдаг. Анкет бөглөж байгаа хүмүүс 300-800 мянган төгрөгийн хооронд цалингийн санал өгсөн байгаа. 
 
-Ямар чиглэлийн ажилтан жил бүр шинэчлэгдэж байна вэ? Тухайлбал ямар ажлын байрууд дээр жил бүр шинээр ажилтан авах шаардлага гардаг вэ? 
 
-Аялал жуулчлалын салбар манай улсын хувьд улирлын чанартай. Ерөнхийдөө  дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд бид идэвхтэй үйл ажиллагаа явуулж, жуулчид хүлээн авдаг. Жил бүр тогооч, жолооч үйлчилгээний ажилчид шинээр авах шаардлагатай. Зарим сайн ажилчдаа байнгын ажилтнаар авч арваннэгдүгээр сараас хойш цалингийн доод хэмжээгээр цалинжуулж амраадаг. Мөн тэр хооронд сургалтанд хамруулдаг. 
 
-Танай гэр баазын хувьд бусдаасаа зэрэглэл дээгүүр. Ажилчиддаа ямар нийтлэг шаардлага тавьдаг вэ?
 
-Харилцааны соёлтой, хариуцлагатай, англи хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй байдаг. 
 
-Жил бүр шинээр ажилчид авч байгаа. Тэгвэл жил ирэх тусам ажилчдын дунд ажиглагдаж буй давуу болон сул тал нь юу байна вэ? 
 
-Давуу тал нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад бүртгүүлж байгаа хүмүүсийн хэлний мэдлэг харьцангуй сайн болсон байна. Ярилцлага өгч буй ажилд орохыг хүсэгчид англиар өөрийгөө танилцуулах хэмжээнд ярьдаг болжээ. Харин сул тал нь  хариуцлагагүй байдал нэлээд ажиглагддаг.
 
-Орон нутгаас ажилчид авдаг уу? Тэдний хувьд юу хэлэх вэ? 
 
-Бид жил бүр орон нутгаас ажилчид авдаг. Тэдний хувьд хотоос ирж буй ажилтнуудтай харьцуулахад англи хэлний мэдлэг тааруу байдаг тал бий. Гэвч бид орон нутгаа дэмжиж дөрвөөс таван хүн ажилд авдаг. 
 
 
 
А.Бүрэнжаргал