Аялал жуулчлалын салбарыг хөтлөх хөтөлбөрийг батална

 Өнгөрсөн жилийн хувьд манай улсад аялах жуулчдын тоо 15 хувиар буурчээ. Мөн жуулчдад таагүй ханддаг 10 орны тоонд орчихсон байгаа аж.

Харин Нийслэлээс 2030 он гэхэд таван сая жуулчид хүлээн авах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр зорьж байгаа юм байна.

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл ээлжит зангиагүй уулзалтаараа аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлаа  танилцууллаа. 
Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн аялал жуучлалын газар, Нийслэлийн соёл урлагын газар, хамтран хэрэгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр нь Монгол туургатны соёл, аялал жуулчлалын холбоо болох, Зүүн хойд Азийн бизнес хөгжлийн нэгдсэн төв болох зорилготой аж.
 
Дэлхий нийтийн хандлага Ази тиврүү чиглэж байгаа энэ үеэс дэд бүтэц болон аялал жуулчлалын салбарыг идэвхтэй хөгжүүлснээр бид 2040 онд “Олимп”-ыг эх орондоо зохион байгуулхад алхам алхамаар ойртоно гэж Э.Бат-Үүл уулзалтан дээр хэлсэн юм.
 
Монгол Улсыг зорин ирж буй групп аялалд багтаж буй нэг жуулчин өдөрт 190 ам.доллар, бие даан аялагч 120, үүргэвчтэй аялагч 77 ам.доллар зарцуулдаг гэсэн судалгаа байна. Ер нь аялал жуулчлалыг эдийн засгийн тулгуур салбаруудынхаа нэг болгон хөгжүүлж буй орон давуу тал олон байдаг байна. Бараа бүтээгдэхүүнээ экспортлох шаардлага төдийлэн өндөр байдаггүйн зэрэгцээ, валютын нөөц дотоодод төвлөрч байдаг нь эдийн засгийг дэмжих хөшүүрэг болдогийг мөн хэлж байлаа.
 
Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл “Яг одоогийн нөхцөл байдлаар жуулчдыг олноор нь хүлээж авах хүчин чадал байхгүй нь ойлгомжтой. Зам тээвэр, зочид буудлаас эхлээд бидэнд шийдэх асуудал асар их. Манай улсыг зорих жуулчдад таатай сэтгэгдэл төрүүлэхүйц орчин нөхцөлийг бүрдүүлж Зүүн Азийн бүс нутагт суурилсан томоохон аялал жуулчлалын орон болох боломж  байна” гэлээ. 
 
Мөн манай улс ойр оршдог хөрш орны давуу талаа ашиглан аялал жуулчлалын салбарт хүч түрэн орж ирж буй хятад жуулчдын давалгааг өөрийн орны зүгт эргүүлэх бүрэн боломж байгааг Э.Бат-Үүл дарга хэлж байсан юм.  
 
Харин Баттулга дарга жуулчны визээр орж ирсэн атлаа харлаж үлддэг хятад иргэдийн тухайд “Хятад улс бол өөрөө их онцлогтой.  ADS буюу групп аялалыг авах зөвшөөрлийг хэрэгжүүлдэг аялал жуулчлалын тогтолцоотой орон.  
Энэ нь зөвхөн наймаас дээш хүн авч явах бүлэг аяллыг зохион байгуулах зөвшөөрөлтэй байгууллагыг хэлдэг. Дэлхийн 150 гаруй орон энэ шугамаар Хятадын жуулчдыг хүлээн авсаар байна. Тиймээс цагаачлах, хууль бус үйлдлээр үлдэх сөрөг асуудал гарахгүй” хэмээсэн юм.
 
Аялал жуулчлал хөгжих тусам сөрөг үр дагаврууд гарч ирдэг. Жишээлбэл, инфляци нэмэгдэх, шүүрэлт ихсэх, нийгийн ёс бус үйлдлүүд олширдог. Харин “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтын босгыг нэмэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, ижил төрлийн импортын бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх, жуулчид зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт хэрэглэх зэрэг арга хэмжээ авч аялал жуулчлалын салбар дахь шүүрэлтийг бууруулахаар зорьж байгаа аж. 
 
Шүүрэлт гэдэг нь тухайн улс оронд аялал жуулчлалаар дамжин орж ирсэн мөнгө буцаад гадагш алдагдах үйл явц юм
 
 
 
А.Бүрэнжаргал