31 хүнд элэг амжилттай шилжүүлэн суулгажээ

Манай улсад элэгний хорт хавдартай,  эмчилгээгүй гэсэн олон хүн байдаг. Энэтхэгийн Дели хотын “Сир Ганга Рам” эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч, Профессор Намиш Мехта манай улсад иржээ.

2011 оноос хойш манай улсын 31 иргэнд Намиш Мехта эмч элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байгаа аж.  Тэрбээр  элэгний хавдарын талаар дэлгэрэнгүй зөвлөгөө өгсөн юм. 

Нөхөн төлждөг цорын ганц эрхтэн бол элэг 
 
Хүний биеийн хамгийн чухал бөгөөд эргэн 100 хувь нөхөн төлждөг эрхтэн бол элэг. Элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд эрүүл хэвийн амьдрах боломжгүй юм. Элэг нь идсэн хоол хүнсний илүүдэл сахарыг биед агуулж хоол хүнс идээгүй буюу шаардлагатай үед сахарыг задлан зарцуулах үүрэгтэй. Мөн уургийг үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь цус булчингийн үйл ажиллагааг дэмждэг, мөн цөсийг боловсруулж байдаг. 
 
Элэгний хавдар 
 
Дэлхий даяар жилд гурван сая гаруй хүн элэгний B,C вирус халдвар тээн үхэл амьдралын зааг дээр амьдарч байдаг аж. Үүнийг цаг тухайд нь эмчлээгүй, мөн элэг өөхлөлттэй удаан явсан тохиолдолд хатуурч хавдар үүсэх магадлал 25 хувь болдог байна. 

Элэгний хавдар үүсэх шинж тэмдэг
 
Нүүрний арьс болон нүд шарлах, хэвлийд усжилт үүсэх, мартамхай болох, ухаан санаа уймрах, ихээр ядрах ажлын чадваргүй болох шинж тэмдэгүүд илэрдэг. Энэ үед элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болж буй гэсэн үг. Шинжилгээ өгөөд дөрөвдүгээр зэргийн элэгний вирустэй гарсан бол элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх болсон байдаг.  
 
Донор
 
 Элэг шилжүүлэн суулгахад донорын асуудал хамгийн их тулгамддаг. Цусны бүлэг таарахгүй байх тохиолдол нэлээд гардаг. Донор нь 18-55 настай хүн байдаг бөгөөд мэс заслын дараах эрсдэл тун бага. Гурван сарын дараа гэхэд донорын элэг 100 хувь нөхөн төлжиж хэвийн үйл ажиллагаандаа ордог. Мөн спортоор хичээллэх, жирэмслэх тохиолдолд ямарч сөрөг нөлөө байхгүй аж. 

Элэг шилжүүлэх суулгах явц
 
Элэг нь баруун зүүн гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Элэг шилжүүлэн суулгах мэс засал нь хүлээн авагчийн хувьд 16-18 цаг, донорын хувьд найман цаг үргэлжилдэг. Гучин хүний бүрэлдхүүнтэй мэс ажилбарын баг хагалгааг гардаж хийдэг байна. 
 
Үр дүн
Нийт элэг шилжүүлэн суулгасан хүмүүсийн 90 хувь нь бүрэн эрүүл болох боломжтой. Донор эмнэлэгээс гарснаас хойш долоо хоногийн дараа хэвийн амьдралын хэвшилдээ орж болно. Хүлээн авагч болон донор элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсоноос хойш 3-6 сарын дотор элэг нөхөн төлжиж хэвийн амьдралдаа эргэн ордог.
 
Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний зардал 
 
Энэтхэгийн анагаах ухаан өндөр хөгжсөн, дээр нь үнэ төлбөр нь харьцангуй хямд учир олон улсаас өвчтөн зорин ирдэг. “Сир Ганга Рам” эмнэлэгт бүх эмчилгээний зардал нийт 34 мянган ам.доллар болдог. Америк, Сингапур, Япон, Солонгос зэрэг  улсад тус эмчилгээний зардал доод тал нь 150-350 мянган ам.долларын өртөгтэй  байдаг аж. Тус эмнэлэгийн өртөг бага байгаагийн шалтгаан нь эрүүл мэндийн байгууллага гэдэг бол хэзээ ч ашгийн төлөө бус байх ёстой. Эмчилгээний зардлаа төлөх боломжгүй хүмүүс их бий. Тэдгээр хүнд боломж олгож ажилладаг гэсэн юм. 
 
Мөн тэрбээр энэ сарын 6,7,8-ны өдрүүдэд “Хавдар судлалын үндэсний төв”-д үнэ төлбөргүй сургалт зөвлөгөө өгөх байгаа юм байна. 
 
 
 
А.Бүрэнжаргал