Аялал жуулчлалын салбарт аль улсын иргэд хамгийн үрэлгэн байна вэ

Олон улсын аялал жуулчлалын экспортын орлого 2013 онд 1.4 их наяд ам.долларт хүрчээ. Жуулчдын аялах зорилгоор олон улсад хийсэн  мөнгөн  гүйлгээний хэмжээ таван хувиар өсч 1.159 тэрбум ам.доллар болсон байна.  Харин  олон улсын зорчигчдын тээвэрлэлтээс олсон орлого 218 тэрбум ам.доллар байгаа аж. 
 
Жуулчдын мөнгөн зарцуулалтын өсөлт нь урт хугацааны өсөлтийн төлвийг нэмэгдүүлж таван хувьд байлгахаар байгааг дэлхийн аялал жуулчлалын байгууллага хэлж байна.  Олон улсад зорчих аялагчдын тоо өнгөрсөн онд өмнөх оноос таван хувиар өсч нэг тэрбум 87 сая болоод байгаа билээ. 
 
“Өнгөрсөн онд аялсан аялагчдын ерөнхий дүр зургийг харахад тус салбарын орлого болон аялагчдын тоон өсөлт эн тэнцүү явж буй нь эдийн засгийн өсөлт болон олон улсын худалдааны тэлэлтэд аялал жуулчлал чухал байр суурь эзэлж буйг харуулж байна” хэмээн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай онцолж байна.  Тэрбээр мөн аялал жуулчлалын бүсийн нягтаршил, худалдааны салбарыг дэмжиж буй чадавхийг нь тэлэхийн тулд тус салбарыг олон улсад илүү өндөр түвшинд авч үзэх цаг нь болсон гэж хэлсэн юм. 
 
Олон улсын аялал жуулчлал дэлхийн нийт экспортлогдож буй үйлчилгээний 29 хувийг, нийт экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээний зургаан хувийг дангаараа хэрэглэж байгаа аж. Дэлхийн экспортыг тусад нь салган авч үзвэл, аялал жуулчлал нь шатахуун, хими, хүнс болон автомашины төрлийн бүтээгдэхүүний дараагаар буюу тавдугаарт орж байна. Харин ихэнх хөгжиж буй орнуудын хувьд экспортын салбарт нь нэгдүгээрт жагсаж байгааг судалгаа харуулжээ. 
 
Ази номхон далайн бүс “хурдалж” буй ч, Европ тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна
 
Ази Номхон далайн бүс нутгийн аялал жуулчлалын салбарын өсөлт хамгийн хурдацтай нь байгаа ч Европ тив манлайлагч байр сууриа хадгалсаар байгаа юм. Бодит дүнгээр дэлхийн нийт аялагчдын зарцуулсан мөнгөний хэмжээ өмнөх жилийнхээс  81 тэрбум ам.доллараар өсчихсөн байгаа аж.  Олон улсын аялагчдын мөнгөн зарцуулалтын 42 хувийг дангаараа даадаг Европ 2013 онд хамгийн өндөр өсөлтийг мэдэрч,  35 тэрбум ам.доллараар орлого нь нэмэгдэж 489 тэрбум ам.доллар болжээ. Харин олон улсын аялагчдын 31 хувийг жилдээ хүлээн авдаг Ази Номхон далайн бүс нутгийн хувьд 30 тэрбумын өсөлтийг үзэж, тус салбараас нийт 359 тэрбум ам.долларын орлого олжээ. 
 
Мөнгөн зарцуулалтын өсөлтийг улсуудаар нь жагсаабал
 
Тайланд +23 хувь
Хонконг –Макао +18 хувь
Их Британи +13 хувь
АНУ +11 хувь
Испани,Франц, Хятад, Итали,Герман улс нь 1-5 хувийн өсөлттэй
 
Харин Хятад Орос болон Бразил улс нь аялал жуулчлалын салбарын зарцуулалтын голлох хөдөлгүүр байжээ. Учир нь нийт аялагчдын зарцуулалтад гарсан 81 тэрбум ам.долларын өсөлтийн 40 тэрбумыг дээрх гурван улсын жуулчид бүрдүүлсэн байна. Хятад улсын жуулчид аялахад 2012 онд 106 тэрбум ам.доллар зарцуулснаар, тэргүүлж байсан бол өнгөрсөн жил энэ үзүүлэлт 26 хувиар өсч 129 тэрбум болжээ. Нөгөө талаас Орос улсын хувьд өнгөрсөн онд хамгийн их мөнгө зарцуулсан аялагчидтай улсууд дундаа дөрөвдүгээрт жагсаж байна. Тус улсын жуулчид нийт 25 хувийн өсөлт бүхий зарлага гаргаж, 54 тэрбум ам.долларыг олон улсын аялал жуулчлалын салбарт хандивлажээ. Харин Бразил улс дээрх үзүүлэлтээр аравдугаарт орж байгаа бөгөөд 13 хувийн өсөлттэй байсан байна.