Ирээдүйгээс зээлсэн өрийн зарцуулалттай танилц

Манай улс эзэн Чингис хаанаараа овоглосон өрийн бичиг гаргаж, дэлхийн зах зээл дээр амжилттай арилжаалсан. Харин энэ мөнгөө үр өгөөж муутай төсөл хөтөлбөрт зарцуулж буй нь эргээд өрөө хэрхэн төлөх вэ гэх асуудал үүсэхэд хүргэсэн. Учир нь, бондын хөрөнгө болох 1.5 тэрбум ам.долларын эхний 500 сая ам.долларыг 2018 онд үлдсэнийг нь 2022 онд төлнө. Эхний таван жилд бид зөвхөн хүүнд 71.9 сая ам.доллар төлөх юм. Мөн Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларыг 2017 онд төлөх учир ирээдүйн төсөвт ирэх ачаалал, дарамтыг багасгах шаардлага үүсээд буй. Хамгийн гол нь, эдгээр өрийг ямар эх үүсвэрээс гаргах нь тодорхойгүй байгаа. Тиймээс энэ оны төсвийн тодотгол хийх үеэр дээрх өрийн гуравны нэгийг нь бүрдүүлэх эх үүсвэрийг тусгаж, нөөц сантай болох ёстойг УИХ дахь сөрөг хүчнийхэн хэлж байна. 

“Чингис” бондын хөрөнгийг нийт хэдэн аж ахуйн нэгжид олгосон, үлдэгдэл хөрөнгийг ямар банкуудад хэдэн хувийн хүүтэй хадгалсан нь олон нийтэд ил тод бус байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг бондын хөрөнгөөр хийж буй ажлаа танилцуулсан ч дээрх мэдээлэл мөн л бүрхэг хэвээр үлдэв. Ямартай ч бондын үлдэгдэл нэг их наяд 267.2 тэрбум төгрөг байгаа гэнэ. Үүнээс 394 тэрбум төгрөгийг импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх төсөлд зарцуулахаар төлөвлөжээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бондын зарцуулалтыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд албан ёсоор танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Ингэхдээ бондын хөрөнгөөр Монгол Улсын эдийн засгийн бие даасан болон аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг тэргүүн эгнээнд санхүүжүүлсэн эсэхийг шалгах юм.

Төмөр замын төслийн санхүүжилт сох дутав

Гүйцэтгэх засаглалын тэргүүний өгсөн мэдээллээр аймгийн төвүүдийг холбох ажилд 2013 онд шинээр хэрэгжих 10, он дамжин хэрэгжиж буй 14 зам барилгын ажил болон хяналтын зөвлөх үйлчилгээнд 570 хүртэл тэрбум төгрөгийг “Чингис” бондын хөрөнгөөс санхүүжүүлэхээр болжээ. Одоогоор Дундговь, Баянхонгор аймгийг нийслэлтэй холбоод байгаа аж. Харин “Гудамж” төслийн хүрээнд Туул, Сэлбэ голын дагуу хурдны зам барьж, 33 уулзварыг шинэчлэх, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах ажил хийж буй. Үүнээс 16 уулзвар, хоёр автозамыг ашиглалтад оруулсан аж. Нийслэлийн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг сайжруулахад нийт 416.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 92 төслийг 2013, 2014 онд хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс Хөгжлийн банк эхний ээлжинд эх үүсвэр нь тодорхой 200 тэрбум хүртэлх төгрөгийг нийт 66 төсөлд олгохоор болжээ.....

 

Mongolian Economy сэтгүүлийн 5-р сарын дугаар №10 (068) -аас үргэлжлэлийг уншаарай