“Монголбанкны эцсийн зорилт инфляци”

 СЭЗДС-ийн Эдийн засгийн онолын тэнхимийн багш Д.Түвшинжаргалтай ярилцлаа.
 
-Төвбанк хараат эсвэл хараат бус байх ёстой юу?
 
-Онолын хувьд одоо ч энэ асуудал маргаан дагуулсаар байгаа. Судлаачдын дийлэнх нь Төвбанк улс төрөөс хараат бус, бие даасан мөнгөний бодлого хэрэгжүүлэх зохистой гэж үздэг. Манай улсын хувьд ч мөн адил энэ жишгээр яваа. Гэвч хууль эрх зүйн орчин сул, дархлаа тааруу, хэрэгжилт газар дээрээ муу байгаагаас үүдэн мөнгөний бодлого бие дааж чадаж байгаа эсэх нь эргэлзээ төрүүлэх болсон. Хараат бус мөнгөний бодлого хэрэгжиж байгааг хэд хэдэн үзүүлэлтээр хэмждэг. Тухайлбал, Төвбанкны Ерөнхийлөгчийн томилгоо. Манай улсын хувьд зургаан жилээ гүйцээсэн Ерөнхийлөгч байдаггүй. Дөрвөн жилийн давтамжтай болсон. Уг нь хуулиараа бүрэн эрхийн хугацаа зургаан жил. Харамсалтай нь улс төрийн сонгуулийн үр дүнгээс болж Төвбанкны Ерөнхийлөгч хэн байх нь шалтгаалдаг болсон. Төвбанк улс төрөөс хараат, хараат бус байгааг илэрхийлэх нэг хэмжүүр нь энэ болов уу.
 
-Монголбанкны явуулж буй мөнгөний бодлого бие даасан мөнгөний бодлого мөн үү?
 
-Одоо хэрэгжиж буй мөнгөний бодлогыг мөчлөг сөрсөн мөнгөний бодлого гэж хэлэхгүй. Харин мөчлөгөө дагах шинжтэй болсон. Үүнийг уламжлалт бус мөнгөний бодлого гэж зарим талаар тодорхойлоод байгаа. Төвбанк арилжааны банкуудад санхүүгийн зуучлалын үүрэг гүйцэтгэх маягтай болж ирсэн. Энэ нь нэг талаар Төвбанкны бие даасан байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Засгийн газрын бондыг өмнө нь Монголын хөрөнгийн биржээр арилжаалдаг байсан бол одоо энэ үүрэг Монголбанкны мэдэлд шилжиж ирсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын буюу дотоодын бондыг Төвбанк зохицуулдаг болж таарч байгаа юм. Энэ нь дуртай үедээ Засгийн газрыг шахаж байгаад бонд гаргуулах боломжтой гэсэн үг. Үүнийгээ арилжааны банкуудад шахаа хийх байдлаар мөнгө босгож байгаа дүр зураг манайд ажиглагддаг. Баталсан хууль эрх зүйн хүрээнд ч тэр Төвбанкны хараат бус байдал хангалтгүй. Ийм нөхцөлд бие даасан мөнгөний бодлого хэрэгжих боломжгүй. Өнгөрсөн хугацаанд Төвбанкны мөнгөний бодлого Засгийн газрын бодлогыг дагах шинжтэй явж ирсэн. Энэ нь 2012 оноос хойш илүү тод томруун харагдах боллоо. Уг нь мөнгөний бодлого хямралын эсрэг ямар нэгэн байдлаар хариу үйлдэл үзүүлж байх ёстой.

-Монголбанкны өмнө бодлогын ямар сонголт үлдээд байна вэ?
 
-Хямралын эсрэг бодлого хэрэгжүүлэх Монголбанкны орон зай хумигдаж эхэллээ. Засгийн газрын бодлогоос мөнгөний бодлого зарим талаар хамааралтай байсан нь Төвбанкны боломжийг үгүйсгэсэн. Энэ нь өнөөдөр Монголбанкийг сонголт хийхэд улам хэцүү байдалд оруулж байна. Нэг талаар бодлогын хүүгээ өсгөх гарцгүй болж байна. Инфляци Монголбанкны эцсийн зорилт. Тиймээс зөөлөн гэхээс илүү хатуу мөнгөний бодлогоос баримтлах шаардлагатай. Бодлогын орон зай нь хүүгээ нэмэх явдал.
 
Б.Баяртогтох