Наадамд төсөвлөсөн 4 тэрбум төгрөг юунд зарцуулагдаж байна вэ

Нийслэлийн засаг даргийн тамгийн газраас Үндэсний их баяр наадмыг угтан хийж байгаа ажил болон худалдаа үйлчилгээний тусгай зөвшөөрөл, нийтийн тээврийн хэрэгслийн чиглэл болон бусад бүтээн байгуулалтын ажлын  талаар газар дээрээс нь танилцууллаа. 

Бидний аялал “railbus”-ын эхний зогсоол болох Амгалангаас Эмээлт хүрсэн бөгөөд цаашлаад Хүй долоон худгийн бүтээн байгуулалтын ажлаар үргэлжилсэн. Хүй долоон худагт барилгажилтын ажил эд өрнөж байлаа. “Монгол наадам” цогцолбор ажлын хүрээнд  66 метрийн урттай, 26 метрийн өргөнтэй хүйтэн агуулах, мөн “Монгол наадам” зохион байгуулах  ажилчдын ажлын байр, 500 машины зогсоол зэргийг барьж эхэлсэн бөгөөд ирэх сарын нэгэн гэхэд дуусгах төлөвлөгөөтэй бэлтгэл ажил ид өрнөж байв. 
 
“Монгол наадам” цогцолбор барилгын санхүүжилтийн талаар Эрчим хүчний барилга инвест компанийн дэд захирал Г.Эрдэнэбаатар “Санхүүжилтийн хувьд 1.4 тэрбум төгрөгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гаргаж байгаа” гэлээ. 
 
Мөн баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хүй долоон худаг орох нийтийн тээврийн асуудал, наадмын талбайн явган хүний зам болон талбай хоорондох замын холболтыг хийхэд 2.4 тэрбум төгрөгийг хотоос гаргаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил жил ирэх тусам эрчимжинэ. Дараа жил төв цэнгэлдэх хүрээлэнг Хүй долоон худагт барьж хуучин цэнгэлдэх хүрээлэнг өөр чиглэлээр ашиглана гэж Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хэлсэн.
 
Наадмын нийт төсөв 
 
Баяр наадмын нийт төсөв дөрөв орчим төгрөг болж байгаа аж. Энэ талаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын санхүү хариуцсан дарга Э.Ганхүү “Улсын баяр наадам зохион байгуулах төсөв өнгөрсөн онд 1.5 тэрбум төгрөг байсан бол энэ жил 2.2 тэрбум төгрөгийг баяр наадам зохион байгуулах ерөнхий төсөвт тусгасан байгаа.  Харин бүтээн байгуулалтын зардалд гурван тэрбум гаруй төгрөг зарцуулж байгаа” гэсэн. 
 
Үүнээс гадна бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чанартай Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2.5  километр нийтийн тээврийн унааны зам, 2.4 километр үйлчилгээ холбосон зам, 500 автомашины зогсоолд гурав орчим тэрбум төгрөг зарцуулж байгааг албаны хүмүүс хэлсэн. 
 
Авто зогсоол, нийтийн тээвэр 
 
“Railbus”-аар хүй долоо худаг хүртэл зорчих маршрутын тухайд Өглөө 7:45 цагаас Амгалангаас хөдлөх бөгөөд Эмээлт өнгөрөөд давааны зогсоол хүртэл дундаа 10 буудал дээр зогсох аж. Давааны зогсоолоос цаашаа Хүй долоон худаг хүртэл харин автобусаар үйлчлэх юм байна. Оройн 20 цаг хүртэл төмөр замын автобус иргэдэд үйлчлэх аж. Автозогсоолын хувьд өнгөрсөн жил хийсэн 5400 зогсоол дээр энэ жил 500 зогсоол нэмж барьж байгаа юм байна. 
 
Худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл 
 
Энэ жил худалдаа үйлчилгээний чиглэлээр нийт 900 тусгай зөвшөөрөл олгохоор болсон аж. Үүнээс хүй долоо худагт 300 зөвшөөрөл, төв цэнгэлдэх хүрээлэнд 600 зөвшөөрлыг олгохоор болжээ. 
 
Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа “Энэ жилийн онцлог нь худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл өгдөг байсныг өөрчилж хувь хүмүүст боломж олгож байгаа. Зөвшөөрөл авах тухай харъяа дүүргийнхээ худалдаа үйлчилгээний хэлтэст хандан зөвшөөрлөө авах боломжтой” гэсэн.   
Төв цэнгэлдэх хүрээлэн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл 20 мянган төгрөг байх бол Хүй долоон худагт 15 мянган төгрөг байх юм байна. 
Нийт худалдаа үйлчилгээний 70 гаруй хувьд нь хуушуур хийх зөвшөөрөл олгох бөгөөд хүнсний бараа бүтээгдэхүүнээс бусад төрлийн зүйл худалдаалахыг хориглож байгаа аж. 
 
 
 
 
 
А.Бүрэнжаргал