Монгол Улс нэг төсөвтэй болно

УИХ хаврын чуулганы хугацаанд юу амжуулав. Хаврын чуулганаар 79 хууль, тогтоол, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл хэлэлцэж баталсны ес нь бие даасан хууль, 43-д нь нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Малын индексжүүлсэн даатгалын тухай, Шилэн дансны тухай, Ашигт малтмалын тухай зэрэг чухал хуулийг баталжээ. Мөн Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай, Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай, Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай зэрэг эдийн засагт нэн ач холбогдолтой хууль тогтоолуудыг батлав.
 
УИХ төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа инфляцийг энэ оны эцэст 8 хувьд байлгаж, улмаар 2015-2016 онд 7 хувьд хүргэн дунд хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьсан. Гэвч энэ оны тавдугаар сарын байдлаар инфляци 13.7 хувьтайгаас харахад энэ зорилт биелэх боломж бага буй гэнэ. Гадаад валютын орлого төсөөлж байснаас илүү багасч, төсвийн орлого төвлөрүүлэлт тасалдаж, бодит салбарт олгосон зээлийн чанар муудах төлөвтэй байгаа аж.
 
Урсгал тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 56 хувиар буюу 728.2 сая ам.доллараар буурсан ч, 580.5 сая ам.долларын алдагдалтай байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан өнөөдрийн нөхцөлд уул уурхайн салбарын өсөлтөөр дэмжигдсэн эдийн засгийн өндөр өсөлтийг хэвээр хадгалах гэж оролдсон нь төлбөрийн тэнцэл алдагдах, төгрөгийн ханш унах, инфляци нэмэгдэх үндэс болсон гэж УИХ-ын дарга З.Энхболд хэллээ. Иймээс макро эдийн засгийн бодлогоо хатууруулах чиглэлд бодлого хэрэгжүүлж, эрэлтийг хязгаарлах шаардлага тулгарч магадгүй буй гэсэн.  
 
Судалгаанаас үзэхэд, Хөгжлийн банк ДНБ-ний 5 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилтийг төсвийн гадуур хийжээ. Хэрэв энэ байдал үргэлжилж Хөгжлийн банкны дансан дахь нэг тэрбум ам. долларын бондын хөрөнгөөр хүлээгдэж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлбэл төсвийн нийт алдагдал ДНБ-ний 10 хувьд хүрэх тооцоо байгаа аж. Иймээс тус банкнаас хийж байгаа “Чингис”, “Самурай” бондын санхүүжилт, тэдгээрийн зардал, төсвийн шинж чанартай бүх үйл ажиллагааг нэгдсэн төсөвт тусгаж, нийт төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан түвшинд хүртэл үе шаттайгаар буулгах бодлого барих шаардлага үүсчээ. Ингэхийн тулд төсвийн тодотголыг боловсруулж ирэх сард УИХ-д оруулж ирэх хэрэгтэй гэнэ. Тэгэхээр наймдугаар сард УИХ ээлжит бус чуулган зарлах бололтой. 
 
УИХ-ын хаврын чуулганы хугацаанд батлагдсан Монгол Улсын эдийн засагтай холбоотой чухал хуулиудыг бид цахим хуудсаараа дамжуулан танилцуулах болно. 
 
 
С.Аз