Дугаараар барьцаалах бус үйлчилгээний чанараа сайжруулдаг болно

Манай улсад сүүлийн жилүүдэд мэдээлэл технологи, харилцаа холбооны салбар хурдтай нэвтэрч, хөгжиж эхэлсэн. Гар утас ашигладаггүй хүн Монголд ховор болсон. Нэгдүгээр ангид орж буй жаалаас эхлээд өтгөс бууралгүй үүрэн телефоны операторуудын үнэнч хэрэглэгч болоод буй. Гар утасгүй л бол ажил амжуулахад хэцүү болсон ч гэлцдэг. Өдөр тутмын амьдралд үргэлж “тусалж” байдаг харилцаа холбооны компаниудын үйлчилгээг шилж, голох эрхтэй боллоо, бид. Өдгөө үүрэн холбооны зах зээл дээр “Мобиком”, “Скайтел”, “Юнител”, “Жи-Мобайл” /компани/ гэсэн дөрвөн үйлчилгээ эрхлэгч байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь харилцаа холбооны салбарт өрсөлдөөнийг бий болгож буй ч үнэ тарифын хувьд харилцан адилгүй байдаг. 
 
Өнгөрсөн  оны эцсийн байдлаар үүрэн телефон холбооны хэрэглэгчийн тоо 4.247.4 мянгад хүрч, нийт үүрэн холбооны нэвтрэлтийн түвшин 144.9 хувьд хүрсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 51.8 нэгжээр өндөр гэсэн үг аж. Тиймээс олон улсад өргөнөөр ашигладаг зарим нэр төрлийн үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэхээс өөр аргагүй болсон байна. Ингэхийн тулд өнөөгийн хууль эрх зүйн орчиндоо өөрчлөлт оруулах шаардлага тулгарчээ. 
 
Тиймээс Харилцаа холбооны зохицуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Өөрөөр хэлбэл, үүрэн холбооны сүлжээнд “дугаартайгаа шилжих үйлчилгээ”-г нэвтрүүлснээр хэрэглэгчдэд шинэ тутам үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ үйлчилгээний соёл, чанарын түвшин шинэ шатанд гарах аж. 
 
Дугаартайгаа шилжих үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч нэг оператор компанийн бүртгэлээс гарч нөгөөд бүртгүүлэн шинээр хэрэглэгч болохдоо одоогийн ашиглаж буй дугаараа шилжүүлэн хэрэглэх боломж гэнэ. Уг үйлчилгээг дэлхийн улс орнууд 1990-иэд оны дунд үеэс нэвтрүүлж эхэлснээс хойш зах зээлийн өрсөлдөөн болон үйлчилгээний чанар, хэрэглэгчдийн сэтгэл ханамжид үзүүлэх эерэг нөлөөлөл эрс нэмэгджээ. Энэ нь тус үйлчилгээг нэвтрүүлэх орнуудын тоо улам өсөн нэмэгдэхэд нөлөөлж. Тухайлбал, 2012 оны долдугаар сарын байдлаар Европийн 39, Ази-Номхон далайн бүс нутагт ес, Америк тивд 12, Ойрхи дорнод, Африкт 13, 2013-2014 онд таван улс хэрэгжүүлснээр нийт 78 орон ашиглаж байна. 
 
Энэ үйлчилгээг нэвтрүүлсэн орнуудын гол зорилго нь хэрэглэгчдэд дугаараа хадгалах үйлчилгээг сонгох боломжийг бүрдүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд оршдог байна. Өөрөөр хэлбэл, үүрэн холбооны операторууд хэрэглэгчээ дугаараар нь барьж тогтоох, дугаарын үнэ цэнийг хий хөөрөгдөхийн оронд үйлчилгээний чанараа улам сайжруулж, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн нэмэлт үйлчилгээ, аппликейшнийг бий болгон үнэ тарифаа уян хатан байлгах хэрэгцээ шаардлага амьдралаас урган гарч байна. 
 
Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол Улсад “Дугаартайгаа шилжих үйлчилгээ”-г нэвтрүүлэх боломжийн талаар суурь судалгаа хийжээ. Олон улсад дугаартайгаа шилжих үйлчилгээг нийт хэрэглэгчдийн таваас дээш хувь нь хэрэглэсэн тохиолдолд үр ашигтай гэж үздэг байна. Харин манайд дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор түүврийн аргаар хэрэглэгчдээс санал асуулга авч, судалгаа хийж. Судалгаагаар нийт хэрэглэгчдийн 33.5 хувь, түүний дотроос давамгайлагч операторын хэрэглэгчдийн 44 хувь нь дугаартайгаа шилжих үйлчилгээг  ашиглан оператороо солих шийдвэр гаргахад одоогоор бэлэн байгаагаа мэдэгджээ. Тиймээс уг үйлчилгээг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэн хуульдаа өөрчлөлт оруулан УИХ-аар батлуулж буй аж. 
 
Дашрамд дурьдахад, үүрэн телефон холбооны нийт хэрэглэгчдийн 12.21 хувийг дараа төлбөрт, 87.79 хувийг урьдчилсан төлбөрт хэрэглэгч эзэлж байна. 
 
 
С.Аз