Гадаадад аялж буй монголчуудын дундаж зардал 1622 ам.доллар

Монгол улсын төлбөрийн тэнцлийн статистикт  “Гадаадад аялж буй Монгол иргэдийн зардлын түүвэр судалгаа”-г энэ оны эхний хагас жилийн байдлаар гаргажээ. 
 
Энэхүү судалгаагаар гадаадад аялсан Монгол иргэдийн дундаж зардлыг аялсан улс, зорчсон хоног бүрээр, мөн БНХАУ-д аялж буй иргэдийг гарч буй хилийн боомт тус бүрээр тооцоолсон байна. Монгол иргэдийн хувьд зорчсон улс, хугацаанаасаа хамаарч зарцуулсан зардлууд нь харилцан ялгаатай.  Түүврийн судалгаанд монгол иргэд дунджаар 1622 ам.долларыг гаднын оронд зорчихдоо зарцуулдаг гэсэн үр дүн гарчээ.  Энэ нь 2005 оны судалгааны дундаж зардлаас 3.1 дахин өндөр үзүүлэлт ажээ. 
 
 
Мөн жуулчдын 80-аас дээш хувь нь өөрөө аяллаа зохион байгуулдаг бөгөөд аялах үедээ төлбөр тооцоогоо бэлэн мөнгөөр хийдэг байна. Олон улсын тээврээс бусад зардлын хувьд хамгийн өндөр нь  буюу 30 орчим хувийг дэлгүүрийн худалдан авалт эзэлж байна. Гадаадад аялж буй иргэдийг аяллын үндсэн зорилгоор нь авч үзвэл 44 хувь нь амралт, аялал жуулчлалын зорилгоор, 32 хувь нь албан томилолт, бизнесийн зорилгоор, 12 хувь нь эрүүл мэндийн үзлэг, долоон хувь нь боловсрол, таван хувь нь ажил эрхлэлтийн зорилгоор гадаадад аялж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. 
 
 
Аялсан улс орон бүрээр ангилсан дүнг Хүснэгт 1-д үзүүллээ. Энд, АНУ, Канад улсад аялсан жуулчид хамгийн  их, ОХУ-д аялагчид хамгийн бага зардал гаргасан байна. Манай улсаас ОХУ-д аялагчдын  ихэнхи нь Буриад улс руу Байгаль нуур үзэх, Итгэлт Хамбад бараалхах зорилгоор явдаг нь  компаниудаас авсан судалгаанд ажиглагдсан. Иймээс тус улсад зарцуулах дундаж зардал бусад улстай харьцуулбал бага дүнтэй гарчээ.  Түүнчлэн гадаадад  аялагчдын дийлэнхи буюу 97 хувь нь 30-аас бага хоногоор аялдаг болох нь харагджээ
 
Монгол иргэдийн гадаад улс орнуудад аялахдаа зарцуулсан дундаж зардлыг тодорхойлох, аяллын үйлчилгээтэй холбоотойгоор гарч буй валютын урсгалыг тооцоолох үндсэн зорилготойгоор Монголбанк, Аялал жуулчлалын үндэсний төв, нийслэлийн Аялал жуулчлалын газрууд хамтран тус судалгааг зохион байгууллаа.