Төрийн ажлыг иргэд хянана

Нэрнээсээ эхлээд содон сонин нэгэн хуулийн төслийг УИХ хаврын чуулганыхаа төгсгөлд баталлаа. Энэ нь төрийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, санхүүтэй холбоотой бүхий л ажил шилний цаана юу байгаа нь харагддаг шиг олон нийтэд ил тод байх хууль юм. Ингэснээр татвар төлөгчдийн мөнгө үр дүнгүй, дэмий зүйлд үрэгдэх, авлига хээл хахуулийг хязгаарлах боломж бүрдэж байгаа аж. Тодруулбал, төрийн байгууллагууд данс, тооцооны мэдээллээ хэдий хугацаанд иргэдэд нээлттэй, ойлгомжтой байдлаар мэдээлэх вэ гэдгийг хуульд тодорхой тусгаж өгчээ. Тухайлбал, өдөр тутмын гүйлгээ, зарлага, хөрөнгө оруулалтын мэдээлэл 24 цагийн дотор иргэдэд хүрсэн байх ёстой аж. Өнөөдөр хийгдэж буй гүйлгээнүүд маргааш гэхэд хаашаа, хэдэн төгрөг, ямар зориулалтаар шилжсэн эсэхийг тухайн байгууллага цахим хуудастаа нээлттэй мэдээлнэ гэсэн үг. Үүнээс гадна улсын төсвийн орлого, зарлага, зээл, тусламжаар хэрэгжиж буй хөтөлбөрүүд болоод аливаа өр, бондын зарцуулалт ч “шилэн дансанд”  орох учиртай. Мөн тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд аливаа гүйлгээ, шилжүүлгийг баталж, гарын үсэг зурахдаа “Шилэн дансны мэдүүлэг”-ийг бөглөж эхэлнэ.  Ингэснээр тухайн гүйлгээ, шилжүүлэг нь хариуцах эзэнтэй болж байгаа юм.  
 
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан уг хууль “Шилэн данс” гэдэг нэртэй. Төсвөөс санхүүжиж буй аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоо ил болсноор хэн гэдэг дарга хэдий хэмжээний мөнгийг юунд зарцуулав гэдгийг сонирхсон хүн бүхэн мэдэх боломж бүрдэж буйгаараа чухал ач холбогдолтой. Мөн төсвийн болоод орон нутгийн өмчөөс санхүүждэг байгуулагуудаас гадна төрийн өмчийн оролцоотой аж ахуйн болон улсын үйлдвэрийн газруудын төсөв санхүү ил тод болно. Ингэснээр үр ашиггүй зардал, маргаан, шахааны бизнес зэрэг байхгүй болно гэдгийг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлсэн. 
 
Манай улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу улсын төсөв арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө батлагддаг. Төсөв захирагч нь дараа жилийн нэгдүгээр улиралд багтаж тайлан гаргадаг ба үүнийг Үндэсний аудитын газар хянаад ирэх жилийн төсөв баталж байх үед танилцуулдаг. Харин одоо төсвийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгж орлого зарлагын гүйлгээ “шилэн дансны” тогтолцоонд шилжснээр тухайн байгууллагын дансны бүх гүйлгээ олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй болно гэсэн үг. Энэ нь татвар төлөгчдийн мөнгө болох төсвийн зарцуулалт, хяналтад шинэ эргэлт авчрах учиртай. Өнөөдрийн байдлаар 12-24 сарын дараа хяналтыг явуулж байгаа нь маргаан үүсгэдэг. Одоо авлига, төсвийн хяналтыг нэг байгууллага, албан тушаалтан биш ард түмэн хянаж чаддаг болно.
 
“Шилэн данс” гэх нэршлийг олон улсад сүүлийн 20 жилд эдийн засгийн салбарт хэрэглэж ирсэн байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банкнаас манай улсад “Шилэн данс” нэртэй төсөл хөтөлбөр хүртэл хэрэгжүүлж байжээ. 
 
Манайх ийм хуультай болсноор татвар төлөгчдийн хөрөнгө болон төрийн өмчийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд захиран зарцуулах нь хумигдах аж. Үүний зэрэгцээ авлига, хээл хахуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн. Хууль батлагдаад удаагүй байгаа ч төрийн байгууллагууд цахим хуудастаа “шилэн данс” гэсэн категори нээж, түүн дотроо төсөв санхүүгийнхээ зарцуулалтыг мэдээлдэг болжээ.  
 
Бидний татварын мөнгийг аар саархан зүйлд бус улс орны хөгжил цэцэглэлтэд хэрэгтэй ажилд зарцуулах боломж бүрдсэнд талархъя. Харин хуулийн хэрэгжилтийг ягштал биелүүлж хэвшихийг төрийн байгууллагуудаас хүсэх байна. 
 
 
С.Аз