Ц.Рэнчинсэнгээ: Валютын ханшийн савлагаа дотоодын гурилын хэрэгцээг нэмэгдүүлж байна

-Рапс их тарьснаас тариаланчид ургац алдаж эхэлж байна-
 
Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ринченсэнгээтэй энэ салбарын өнөөгийн байдал цаашдын ирээдүй, хэтийн төлөвийн талаар ярилцлаа.  
 
-Атрын-III аян зогссоноос хойш газар тариалангийн салбар уруудсан гэх яриа олны дунд түгээмэл байдаг. Уг салбарыг хариуцаж буй хүний хувьд та энэ асуудалд хариулт өгөхгүй юү?
 
-Уруудаагүй. Монголын хүн ам жил бүр өсч байна. 2008 онд манайх хэдэн хүнтэй байв, өнөөдөр хэд болов. Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ гэдэг. Тэр үеийн тоог өнөөдрийнхтэй харьцуулахад үйлдвэрлэлийн болоод ургацын хэмжээ буураагүй. Харин манай дотоодын хэрэглээ жил бүр өсч байна. Үүнийг дагаад үйлдвэрлэл жигд өсч чадахгүй байгаа. Учир нь, үржил шимтэй хөрс, энэ бизнесийг авч явж буй хүмүүс нэг хэмжээндээ зогсчихсон. Шинэ атар газрыг эргэлтэд оруулахаар хоёр жилээс нааш ургацын үр дүн харагдахгүй. 2014, 2015 оноос гарч эхлэх жишээтэй. Иймээс зарим хүний дунд тийм ойлголт үүссэн байх. 
 
-100 мянган улаанбуудай импортлохоор болсон. Үүний ихэнх нь орж ирсэн байх. Гэтэл гурилын үнэ нэлээд өслөө. Энэ юунаас болов?
 
-Гурилын үнэ өссөнийг би буруутгаж чадахгүй байгаа юм. 100 мянган тонн улаанбуудай импортлохоор байсан ч гадаад зах зээл дээр олдоц муу байсан учраас бид 10-20-хон мянган тонныг оруулж ирсэн. Бид нөөцтэй байя гэж 100 мянга гэсэн юм. Бодит байдал дээр 20-30 орчим мянган тонн буудайн хэрэглээний зах зээл байсан. Ам.долларын ханшийн савлагаанаас үүдэлтэй импортоор орж ирдэг гоймон зэрэг гурилан бүтээгдэхүүний хэрэгцээ буурсан. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэлийн хэрэгцээ өсөх шаардлага зүй ёсоор гарлаа. Өөрөөр хэлбэл, дотоодын талх, гоймонгийн үйлдвэрлэл илүү байх ёстой болж байна. Тодорхой хэлбэл, дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих хэрэгцээ шаардлага валютын ханшийн савлагаанаас үүдээд бий болж буй юм. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэл хөгжихөд түүхий эдийн хомсдол гарч болзошгүй. Тиймээс гурилаа сайн бэлтгэхийн тулд гурил бус будаа импортолъё гэсэн бодлого барьсан. Манай дотоодын буудайг хоолонд хийдэг орцоор нь тооцоод үзэхэд хангалттай байгаа юм.
 
-Энэ жил хэдий хэмжээний ургац хурааж авахаар төлөвлөсөн бэ?
 
-Хэрэглээ харьцангуй болсон. Иргэдийн өдөр тутмын хэрэглээнд хэрэглэдэг бүтээгдэхүүн маш олон болж. Зарим нь манай зах зээлд хүчтэй нэвтэрсэн байсан. Энэ хумигдаад ирэхээр дотоодын үйлдвэрлэлээс нэхэх шаардлага гарч ирнэ. Тэгэхээр буудайн хэрэгцээ өмнөх жилүүдийнхээс илүү өсөх магадлалтай. Тэр хүлээгдэж буй хүсэлтийг хангаж чадах уу гэвэл чадахгүй ч байж болох. Яагаад гэвэл манай талбайн хэмжээ хүрэлцэхгүй. Тиймээс бид тэнгэр хангайдаа залбирч байна. Бид өнгөрсөн жилийнхээс 20-аад мянган га-гаар илүү талбайд буудай тариаллаа. Талбайн хэмжээ өсөхийн хэрээр үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэх байх. Энэ сарын 15-наас улсын хэмжээнд ургац хураах ажилд орно. Одоогийн байдлаар боломжийн дүр төрх харагдаж байгаа. Гэхдээ аливаа зүйл хэд ч хувирч болно. Сайныг нь л хүсч байна. Бидэнд гашуун туршлага бий. 2009 онд ургац арвин байсан. Гэтэл ургацаа хураагаад 10-хан хувьтай болж байхдаа нийт хураан авах ургацынхаа 50 хувийг цасанд даруулж байв. Энэ мэт цаг агаарын гэнэтийн зочин айлчлахыг үгйүсгэхгүй. Тиймээс тариаланчид маань бэлтгэлтэй байх ёстой. 
 
-Улсад тушаасан тонн буудай тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал өгдөг хэвээрээ юу?
 
-Өгнө. Бид хураан авсан улаабуудайнхаа тонн тутамд мөнгөн урамшуулал олгодог хуультай. Өнгөрсөн хавар тонн улаанбуудайг 460 мянган төгрөгөөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өр авлагад авахаар тогтоосон. Гурилын үйлдвэрийн худалдаж авах үнийг бид зарладаггүй. Хувийн хэвшил тарианланчидтайгаа өөрсдөө гэрээ хийдэг.   
 
-Тариаланчид рапс их тарьж байна. Энэ нь хөрсний үржил шимд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ улаанбуудай бага тарьснаас бидний идэх гурилын үнэ нэмэгдэж байна. Үүнийг хазаарлах бодлого яамны зүгээс авч эхэлсэн үү?
 
-Хувийн бизнес учраас төдийлэн хориг тавихгүй байгаа. Гэхдээ аймгуудын удирдлагуудтай хамтран гэрээ байгуулж, шахалт үзүүлж байна. Гэсэн ч бидний хүссэн хэмжээнд хязгаарлагдаж чадахгүй байгаа. Өнгөрсөн жил 77-78 мянган га-д рапс тарьсан. Энэ онд ч мөн тийм хэмжээний талбайд тарьчихлаа. Үүнээс болж манай тариаланчид түрүүчээсээ ургац алдах хэмжээнд хүрч байна. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн бизнесийн ашгийг хараад үндсэн үйлдвэрлэлийнхээ урт хугацааны дархлааг алдах зүйл рүү түлхэж байна. Яам тариаланчдад онолын талаас нь зөвлөж байгаа. Рапс тариалангийн талбайн эргэлтийн тавны нэгээс хэтэрч тариалагдах учиргүй. Таримал нь өөрөө тийм онцлогийг шаарддаг юм. Тиймээс нэг тарьсан талбайд таван жилийн дараа рапс тарьж болно. Ургамлынх нь биологийн онцлог талаас нь хэлээд байхад манай тариаланчид хүлээж авахдаа хойрго. Үүнээс болоод алдагдал хүлээж, их хэмжээгээр талбайгаа бохирдуулж байгаа. Тарьсан ургацаа бүрэн хурааж авч чадахгүй талыг нь талбай дээрээ хаяж байна. Өөрөөр хэлбэл, тэнд зориулалтын техник, технологи байх ёстой. Түүнийгээ хэрэгжүүлэлгүй буудайн үйлдвэрлэлд тохирсон технологиороо рапс тарихаар өөрийнхөө талбайг бохирдуулахаас эхлээд эдийн засгийн ихээхэн алдагдал хүлээж байна. Яваандаа 1-2 жилийн дараачаас энэ асуудал цэгцрэх байх. 
 
-Тэгэхээр тариаланчдыг мэргэшүүлэхэд яам нэлээд анхаарах ёстой байх нь ээ? 
 
-Яам том талбайд тариалалт хийхээсээ илүүтэй тасралтгүй авч явах хүмүүсээ чадавхижуулахад анхаарч байна. Энэ утгаараа таримлын төрөл бүрээр маш олон сургалт хийж байгаа. Үр дүн нь эхнээсээ гарч байна. Их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтраад боловсон хүчин бэлтгэж байна. Газар тариалангийн үйлдвэрлэл бол сэтгэлийн хөөрлөөр хийдэг зүйл биш. Мэдлэгт суурилсан ажил. Тиймээс мэдлэгтэй байж үйлдвэрлэл хөгжих ёстой. Зах зээлийн нийгэмд хүний хүчин зүйл хэрэгтэй. Сайн чадавхитай хүний нөөц байж зах зээл нийгэм хөгжинө. Надад 100 сая төгрөг байя гэж бодъё. Гэтэл би нэг трактор аваад дуусна. Тэгвэл үүнийг лизингээр аваад үлдсэн мөнгөөр нь хүнээ сургаж, өндөр цалин өгье гэвэл хоёр жилийн дараа өртгөө нөхөх болоцоотой гэж бодох ёстой. Энэ мэтээр алсын тооцоотой ухаан энэ салбарт хэрэгтэй байгаа. 
 
 
С.Заяа