Улаанбаатар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Иркутск хоттой хамтарна

Зүүн Хойд Азийн Хотын дарга нарын форумд нийслэлийн Засаг даргын урилгаар ОХУ-ын Москва, Якутск, Владивосток, Иркутск хотын удирдлагууд оролцсон. Форумын үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ОХУ-ын Иркутск хотын орлогч дарга, Эдийн засгийн хорооны дарга ноён Алмухамедов Алексей тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан билээ. 
 
Иркутск болон Улаанбаатар хот тодорхой төслүүд дээр хамтран ажиллах боломжтойг Алмухамедов Алексей онцолсон байна. Тэр дундаа өвлийн хүйтэн цаг агаарыг ашиглаж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бидэнд байнаг тэрбээр хэллээ. Харин нийслэлийн Засаг дарга эхний ээлжинд  Иркутск хоттой 3 чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ 
 
Үүнд, Иркутск хотын хуучны барилгуудыг уламжлалаа хадгалж, сэргээн засварласан туршлага, Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй хөтөлбөр, Иркутск хотын орлогч даргын хэлсэнчлэн Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд харилцан суралцаж туршлага судлах хүсэлтэй байна гэлээ. Уулзалтын төгсгөлд дээрх саналын дагуу хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж хамтран ажиллахаар талууд тохиролцсон байна.