Чанар+Экспорт=Мөнгө

Эдийн засаг сайнгүй байгаа ч хөдөө аж ахуйн салбар өсөлттэй гарахаар байна. Урьдчилсан тооцоогоор энэ жил 400 гаруй мянган тонн улаанбуудай хурааж, 200 орчим мянган тонн төмс, 100 гаруй мянган тонн бусад төрлийн хүнсний ногоо, 80-100 мянган тонн тосны ургамал буюу рапс хураах төлөв гарчээ. Уг тооцоонуудаас харахад газар тариалангийн салбар энэ онд өсөлттэй гарахаар буйг Монголын Тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй хэлж байна. 
 
 Манайх хурааж авсан ургацаасаа экспортод гаргах боломж бий юү. Монголын газар тариалангийн салбар хагас зууны түүхтэй ч энэ салбар хөгжсөн орнуудтай харьцуулахад шинэхнээрээ. Шинэ цагийн бизнес эрхлэгчид ч газар тариалангийн талаар мэдлэгтэй болж байж энэ салбар руу орох шаардлага тулгарч байна. Бид 1990 оноос өмнө хураасан ургацаас дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаад зогсохгүй тодорхой хэсгийг нь экспортолж байсан түүх бий. /улаанбуудай, төмс гэх мэт/.  Дэлхий дахинд хүнсний ногооны 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд худалдаалагддаг байна. Харин манай хөрсөнд ердөө 30 гаруй нэр төрлийн ногоо ургадаг.  Тэгэхээр манайх ургуулж чадвал олон улсад эрэлттэй бүтээгдэхүүнийг тарьж, экспортод гаргах боломжтой аж. Мөн дэлхий нийтээр органик эрүүл хүнс гэх болсон энэ үед өөрийн орны онцлогт таарсан органик нэр хүндийг өсгөсөн бүтээгдэхүүний зах зээлд гаргах бололцоотой. Ингэхэд нэг л шалгуур үзүүлэлт байдаг юм байна.
 
Олон улсын стандартад нийцүүлэх нь хамгийн чухал
 
Монголоос экспортлогч тал хэдэн зуун мянган тонноор нь газар тариалангийн бүтээгдэхүүн авах санал тавьдаг байна. Гэтэл тийм хэмжээний бүтээгдэхүүнийг манай улс үйлдвэрлэхэд газрын болоод үйлдвэрлэлийн цар хүрээ хүрэлцдэггүй аж. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийг бизнес болгох техник тоног төхөөрөмжийн чадавхи эргэлтийн хөрөнгө, санхүүгийн асуудал үүсдэг байна. Нэг үгээр хэлбэл, бүтээгдэхүүний чанар шаардлага хангаж буй ч авах тоо хэмжээ нь хүрэхгүй байна гэсэн үг.
 
Тиймээс олон нэр төрлийг экспортлохоосоо илүүтэй 1-2 дагнасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр чиглэсэн зах зээл рүү зорьсон экспортыг эхний ээлжинд чухалчлах ёстой гэж салбарын яамнаас үзжээ. Энэ талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Ц.Рэнчинсэнгээ “Үр тарианы үйлдвэрлэлээс тосны ургамал Хятадын зах зээл рүү гарч байна. Япончууд төмс, гурвалжин будаа, Солонгос шар буурцаг, гурвалжин будаа авъя гэвэл олон улсын гэрээний стандартын шаардлага хангахгүй байх нь бий. Бид 2012 онд улаанбуудайг экспортлох тухай ярьж байсан. Тухайн үед дотоодод үйлдвэрлэж буй улаанбуудайнхаа дээжийг явуулж үзсэн. Гэтэл худалдан авагч талаас “Танай экспортод оруулах гэж буй улаанбуудай маш олон төрлийн сортын буудайны хольцтой байна. Үүн дотроос нэг сортыг нь дагнаад экспортолвол бид авах боломжтой” гэх хариу ирүүлсэн” гэв. 
 
Экспортолно гэдэг олон янзын холимог зүйлийг гаргах тухай асуудал биш аж. Улаанбуудайн 10 төрлийн сорт байлаа гэхэд дагнасан нэг сортыг нь экспортын зориулалтаар тарьж ургуулвал тэр нь худалдан авагчийн шаардлагад нийцдэг байна. Хорио цээр, аюулгүй байдал, хэрэглэгч зах зээлийн таалалд нийцүүлэх асуудал байдаг. Тиймээс өнөөдөр 100 хувь хувийн хэвшлийн мэдэлд байгаа газар тариалангийн салбараас эхний ээлжинд дотоодын хэрэгцээгээ хангах замаар хөгжүүлэхээр яам бодлогоо чиглүүлж байна. Үүний дараа хоёр, гурав дахь зах зээлд гаргахаа  бодлоготойгоор зохицуулах аж. Өөрөөр хэлбэл, тухайн улсын хэмжээний үйлдвэрлэл бус нэг бүс нутагт тариалж байгаа бүтээгдэхүүн зөвхөн экспортын чиг баримжаатайгаар тариалах бодлого байх ёстой гэнэ.
 
Тухайлбал, гурил үйлдвэрлэхийн тулд Дорнодоос Улаанбаатар руу будаа зөөхийн оронд тэнд тарьж ургуулсан бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд худалдах. Орлогоор нь татварын бүрдүүлэлт хийж, улс орныхоо эдийн засгийн чадавхийг бүрдүүлэх маягаар зорилтот бүс нутгийг сонгож дагнан хөгжүүлбэл экспортын чиглэлтэй хөгжих боломжтой аж. 
Жил бүр салбарын яам нэг төрлийн бүтээгдэхүүн дээр 10-20 нэрийн сорт туршиж үздэг байна. Өнгөрсөн онд бага хэмжээний төмс, малын хивэг хоёр хөрш рүү экспортолжээ. Энэ мэт жижиг экспортыг хийж чадаж байна. Харин экспортолно гэдэг стратегитэй том хэмжээний зүйл. Тарьж ургуулаад хураасан бүхэн экспортын бүтээгдэхүүн биш байх нь. Цаана нь хог ургамал, хольц, өвчин эмгэггүй байх гээд хүнс, ургамал талаас нь авч үзэх маш олон заалтууд байдаг байна. Үүнийг давж байж экспортлох тухай яригдах аж.  
 
Малын тэжээл экспортлох зах зээл байна. Харин...
 
“Газар тариалангаа бид цаашид экспортын баримжаатай болгож хөгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид таримлын төрлийг олшруулъя. Тосны болон буурцагт, тэжээлийн ургамлаа таримаар байна. Одоо манайхан буудай уриншийн сэлгээнээс татгалзах цаг болсон” гэдгийг Ч.Пэрэнлэй хэлсэн. Таримлын нэр төрөл олширвол  экспортод гарах бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэнэ. Үүнийг дагаад аж ахуйн нэгжийн олох орлого өсч үр ашиг нь дээшлэх сайн талтай гэнэ. Энэ жилийн хурааж авах рапсаас 90 гаруй тэрбум төгрөг олох тооцоог Монголын тариаланчдын холбооноос хийжээ. Үүнийгээ экспортын чигтэй болж буй газар тариалангийн салбарын нэг хандлага гэж тэд үзэж байна. Дараагийн асуудал бол манайх вандуй, эрдэнэшиш, буурцагт ургамал зэрэг тэжээлийн ургамал тарьж экспортод гаргах ёстой. Энэ нь хөрсний үржил шимийг сайжруулдаг онцлогтой аж. 
 
Манай улс жилд  гахай, шувууны тэжээлд 20 гаруй сая ам.долларыг зарцуулдаг. Үүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол төдий хэмжээний мөнгө хэмнэж байна гэсэн үг. Сүүлийн 1-2 жилд манай үйлдвэрүүд малын хивэг экспортолж байна. Тэгэхээр дотоодод хомсдол үүсээд, үнэ нь тэнгэрт хадаж буй юм. Хорголжин, багсармал тэжээл хийж Хятад, Буриадын зах зээлд гаргах боломж байгаа гэнэ. Үүнээс жилд хамгийн багаар бодоход 30-40 сая ам.долларын ашиг олж болох тооцоог мэргэжилтнүүд хийжээ. Цаашлаад тэжээлийн үйлдвэр хөгжөөд ирвэл эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Ингэхийн тулд эдгээр ургамлыг 100 мянгаас дээш га-д тарьж байж экспортод гаргах боломжтой болно. Харин одоо 5-10-хан мянган га-д тарьж буй юм. Хэрэв тариалангийн талбайг нэмэгдүүлээ гэхэд тэжээлийн ургамлыг хураах техник хэрэгсэл хэрэгтэй болно. 
 
Манайх “Атрын-III” аянаас хойш жилд 240-250 орчим мянган тонн төмс хурааж авдаг болсон. Үүнийг борлуулах зах зээлд байдаггүй байна. Дотоодын хэрэгцээнээс илүү гарсан төмсөө экспортолж чадахгүй учраас тариаланчид сүүлийн хоёр жилд төмс тариалах талбайгаа багасгаж буй аж. /дотоодын хэрэгцээ 160 орчим мянган тонн/ Үүнээс үүдэж төмсийг дахин боловсруулах үйлдвэр манайд хэрэгтэй байна. Цардуулаа түүхий эд болгож гаргавал экспортолж, мөнгө олох боломжтой аж. Монголыг дэлхийн зах зээл сонирхож буй энэ үед газар тариалангийн салбараа эргэлтэд оруулах ёстойг энэ салбарын мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хэлсэн. Гагцхүү төрийн дэмжлэг тодорхой бодлого үгүйлэгдэж байгаа аж. Тариаланчид бүтээгдэхүүнээ экспортод гаргая гэвэл төр татварыг нь хэдэн жилдээ харж үзэж яагаад болохгүй гэж. Нөгөөтэйгүүр импортоор орж ирдэг ижил төрлийн бүтээгдэхүүнд хязгаар тавих ёстой. Энэ нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хамгийн том хөшүүрэг болох юм.