Ургац хураалтын өмнөх их ажлын цагаар

Найр наадмын хөл татарч, намрын ажил ундарч буй энэ өдрүүдэд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваанаар ахлуулсан баг тариалангийн гол бүс нутагт болох Төв, Сэлэнгэ аймагт энэ сарын 19-20-нд ажиллалаа. Нэгэн цагт анжис тэрэг зүтгүүлэн байсан хөрст газарт өдгөө автомат техник хамаг ажлыг нугалан байна. Гэхдээ хүний оролцоо ч энд байсаар.

Ургацын урьдчилсан баланс тогтоох, хадлан тэжээлийн явц, бэлтгэл ажил хэр байгаатай газар дээр нь салбарын сайд танилцсан юм. Ургац хураалтын бэлтгэлд анхаарал хандуулахаас гадна энэ удаагийн томилолт тариаланчдын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх, зах зээлийн боломж бололцоог эрэлхийлсэн гэж хэлж болно. Томилолтын багт тус яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ариунболд багтсан байв.

Манай улсын хувьд нүүдлийн мал аж ахуйг хөгжүүлж ирсэн. Тиймээс газар тариалан, мал аж ахуй нэг зоосны хоёр тал юм. Гэхдээ тариаланчдын уур уцаарыг нэгэнтээ барсан нь мал, малчин хоёр болчихоод байна. Тариан талбайд мал дураар нэвтрэх нь багагүй хохирол учруулдаг гэнэ. Тиймээс мал, тариаланч хоёр жилийн жилд өөр хоорондоо тэмцэлдэн оршин тогтносоор байгаа нь энэ. Үүнийг шийдвэрлэх гарц нь эрчимжсэн мал аж ахуйг хойд бүс нутгуудад хөгжүүлэх явдал аж. Ингэснээр үүсээд буй асуудлыг нэг мөр шийдэх юм байна.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан “Энэ онд нийтдээ улаанбуудайн хувьд 293 мянган га-д тариалалт хийсэн. Улсын дундаж нэг га-гаас 15 гэж бодоход 430 -аад мянган тонн буудай хураан авах боломжтой гэсэн үг. 13 мянган га-гаас 190-200 мянган тонн төмс хураахаар байна. Энэ нь дотоодын төмсний хэрэгцээг хангах хэмжээ. Тариалалт эрт, орой хийсэн гэлтгүй тариан болц эрт гүйцэж байна. Тиймээс манай тариаланчид бэлтгэл ажлаа сайн базаах хэрэгтэй байна” хэмээн хэлж байсан юм.

Төв аймгийн Жаргалантаас цааш Сүмбэр сумын зүг давхиж явна. Булцайтлаа болж гүйцсэн тариан дундуур яваа минь энэ. Жаргалант сумын хувьд 6000 га нутаг дэвсгэртэй. Үүний 39 мянга нь газар тариалангийн зориулалттай. Жилд 30-33 мянгыг нь ашигладаг гэнэ. Энэ жилийн хувьд 18.5 мянгад нь үр тариа, төмс, хүнсний ногоо тариалсан байна. Үүнээс гадна 15 орчим мянган га-д уринш хийгээд авчээ.

Жаргалант төмс, хүнсний ногооны томоохон үйлдвэрлэгч. Энэ намар тус сум 2360 га-д төмс тариалсан байна. Улаанбаатарт кг нь 1000 төгрөгт хүрээд байсан Жаргалантын брэнд төмс талбай дээрээ кг нь 400 төгрөгийн үнэтэй байна лээ. Биднийг очиход түүвэр хураалт аль хэдийнэ эхэлсэн байв. Одоогийн байдлаар нийтдээ сумын хэмжээнд 2.4 тонн төмс борлуулаад байгаа аж.

Өнгөрсөн жил “Улсын аварга хамт олон” болсон “Сав” хоршоо гэхэд л нэг га-гаас 20.3 тонн төмс хураахаар урьдчилсан тов гарчээ. Энэ нь тариалалт сайн байгааг илтгэх аж. Тус хоршооны менежер С.Нямрагчаа "Манайх энэ жил 40 орчим га-д төмс, хоёр га-д байцаа, 1.5 га-д сонгино тариалсан. Энэ жилийн хувьд ногооны ургац сайн байна. Төмс, байцааны ургац хураалтаа хийгээд эхэлсэн. Их хураалтын өмнөх техникийн засвар 90 орчим хувьтай явж байна. Төмсөө аль болох хаягдалгүй хураадаг. Зоорь савны багтаамжаас болоод эрт худалдан борлуулалт хийдэг" гэлээ.

"Сав" хоршооны хувьд орон нутгаас 15 хүнийг түр ажлын байраар хангаж байгаа аж. Тус хоршоо зөвхөн төмс, хүнсний ногоо тариалахаас гадна чацаргана тарьж, ургацын дээжээ авсан байв. Үүний дараа "Болдтулга" компанийн ногооны талбайгаар орсон юм. Эднийх өмнө нь 50-100 га-д төмс тариалдаг байжээ. Энэ жилийн хувьд 40-50 га-д тариалж байгаа юм байна. 2012 онд болсон төмсний үнийн уналтаас болж нэлээд хохирол амссан тул ийн талбайн хэмжээгээ багасгасан аж.

"Болдтулга" компанийн менежер Г.Цэцэгбаяр "Энэ жил 800 орчим тонн төмс хураан авах урьдчилсан тооцоотой байна. Үүнээс ирэх жил тариалахаар 150 тонныг нь хадгална. Үлдсэн 650 тонн-ыг хадгалж, намрын зах зээлд борлуулна. Манайх 400 тонн төмс хадгалах зоорьтой. Энэ жилийн хувьд төмсний үнэ өсөх болов уу гэсэн горьдлоготой байна" хэмээн хэллээ. Тэрбээр 20 гаруй жил төмс, хүнсний ногоо тариалж байгаа аж.

Тэд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл талбай дээрээ ажиллаж байна. Амсхийх цаг болоогүй. Жаргалант сумын Засаг дарга Д.Ганболд “Манай сумын хувьд урьдчилсан байдлаар 20 мянган тонн төмс хураах тооцоотой байна” гэв. Хил залгаа Сүмбэр сумын хувьд 5600 гаруй га-д тариалалт хийсэн байна. Тус суманд 45 аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж.

Монголчууд атар газар эзэмшээд хагас зууныг элээж байна. Энэ хугацаанд арвин их ургац хураан авч байсан алтан үе бий. Алдагдал хүлээсэн таагүй он жилүүд ч байгаа. Тэгвэл өнөө жил урьдын бахдам түүх давтагдах бололтой. Энэхүү түүхэн мөчлөг ойртох тусам үндэсний үйлдвэрлэл сэргэж, дотоодод үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо толгой олширч, чанар сайжрах нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, та бид чанартай гурил, өөрийн орны хөрсөнд ургасан хүнсний ногоо авч хэрэглэнэ гэсэн үг.

Өнөө жил онцгой сайн ургац авах болов уу гэсэн итгэл улам биелэлээ олсоор байгааг энд дуулгая. Монгол Улсын гавьяат агрономич, ХААИС-ийн багш Б.Дорж “Тариа, ногооны салбартай ажил, амьдралаа холбоод 50 гаруй жил байна. Үүний 3-4 жил нь ургац өнөө жилийнх шиг байсан. Нэгж талбайгаас авах ургацын хэмжээ энэ жил нэлээд өндөр гарах байх. Буудайн ургац сайн байна” гэсэн юм.

Болц гүйцсэн тариан толгой салхины аясаар дохилзох нь намрын өнгө. Гэхдээ намар болгон харилцан адилгүй. Тиймээс уужран суух завдал үгүй. Нэг л өглөө хяруу дарайн мөнгөрч, мөндөр цохих эрсдэл энүүхэнд. Иймд байгаль, цаг уурын аятай цагаар бэлтгэлээ сайн базаах нь ургацаа бүтэн авахын эхлэл гэдгийг хашир тариаланчид эс андах. Гэхдээ хараахан болц нь гүйцэж амжаагүй талбай ч зам зуур цөөнгүй тааралдсан юм. Тэдгээр талбайд ирэх сарын эхний долоо хоногт ургац хураалтын ажил эхлэх юм байна. Үрийн сорт болон чийгшил, хавар хэдийд тарьсан нь намар  хэдийд тариан түрүү гүйцэх эсэхийг “хэлж” өгдөг аж.

Ирэх оны тариалалтад 50 орчим мянган тонн үр нөөцөлнө 

М.Ариунболд /Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч/

-Анхны ангилан хураалт Төв аймгийн Жаргалант болон Дархан-Уул аймгийн Хонгор суманд зэрэг эхэлж байна. Чанар сайтай буудай, төмс, хүнсний ногоо хураан авч, хүн ардаа эрүүл хүнсээр хангах нь бид бүхний үүрэг. Энэ жилийн хувьд нэгэнт ургасан ургацыг хаягдалгүй хурааж авах шаардлагатай байгаа. Болц эрт гүйцэж байна. Сүүлийн өдрүүдэд гарсан хурц нарны нөлөөгөөр тарианы болц болсон. Ирэх оны тариалалтад 50 орчим мянган тонн үр нөөцөлнө. Харин гурилын хэрэгцээнд 370 орчим мянган тонн буудай авахаар байгаа. Тариаланчид шууд хураалтаас илүүтэй ангилан хураалт хийх хэрэгтэй. Энэ нь илүү эрсдэл багатай.

100 хувь ангилан хураалт хийнэ

Р.Ууганбаяр /"Жаргалант харвест" компанийн гүйцэтгэх захирал/

-Манай компанийн хувьд 1800 га-д тариалалт хийж, Элит сортын 265 тонн үр тарьсан. Өнгөрсөн жил үр үржүүлэх, худалдан боловсруулах тусгай зөвшөөрөл авсан. Төв аймгийн үрийн 30 хувийг манай компанийн үйл ажиллагаа явуулж буй үтрэм хангадаг байсан юм билээ. Компанийн хувьд үйл ажиллагаа явуулаад таван жил болж байна. Төв аймгийн хэмжээнд ургац хураалт бараг эхэлчихлээ. Манайх 100 хувь ангилан хадлалт хийнэ. Ургац урьд жилүүдийнхээс 10-14 хоногийн өмнө ангилан хураалтад орж байна. Манайх 3000 тонн үр бэлдье гэсэн зорилт тавиад ажиллаж байгаа. Элит сортын үрийг аль болох үйлдвэрлэлд бус үрийн шинэчлэл хийхэд авч хэрэглэж байвал бусад аж ахуйн нэгжийн ургацын хэмжээ дээшилнэ.

Буудайн болц жигд сайн байгаа

Л.Даваасүрэн /Төв аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга/

-Төв аймгийн хэмжээнд 59 мянган га-д үр тариа тариалсан. Энэ жил 104 мянган тонн буудай хураан авахаар зорьж байна. Буудайн болц жигд сайн байгаа. Гэхдээ хавар эрт, орой тариалт хийснээс нэг талаар хамаарч болц гүйцэж байна. Манайх улсад төмс тариалалтаар тэргүүлж ирсэн. Энэ жил 61 мянган тонн төмс хураан авах урьдчилсан тооцоо бий. Байгаль, цаг уурын тааламжтай байдал энэ жилийн ургацын гарц сайн байхад нөлөөлж байгаа.

Улсын хэмжээнд энэ хавар нийтдээ 428.1 мянган га-д тариалалт хийснээс үр тариа 314.8 мянган га-д, үүнээс улаанбуудай 293 мянган га-д, 13 мянган га-д төмс, 7.9 мянган га-д хүнсний ногоо, 78.1 мянган га-д тосны ургамал, 12.7 мянган га-д тэжээлийн ургамал, 947 га-д эмийн ургамал, жимс, жимсгэнэ 495 га-д тус тус тариалсан. Тариалалтын дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 21.4 мянган га-гаар ахиу.

Өнөөдрийн байдлаар ургац хураалтын бэлтгэл ажлын хүрээнд техник засварын ажлын явц 75 хувьтай байгаа аж. Ургац хураалтын ажилд нийтдээ найман мянган тонн шатахуун шаардагдах тооцоо гарчээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн таван салбарын 146 мянган тоннын багтаамжтай элеваторт засвар үйлчилгээ, ариутгалтыг хийж буудай хүлээн авахад бэлэн болсон байна. Түүнчлэн төмс, хүнсний ногоо хадгалах нийт 182 мянган тоннын багтаамжтай 3100 гаруй зоорийн бэтгэлээ ч базаагаад байгаа аж. Гэсэн ч улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны зоорь дутагдалтай хэвээр байгааг ногоочид учирлаж байсан.

Үргэлжлэл бий...

 

Б.Баяртогтох