Монгол ОХУ-ын Засгийн газар хоорондын ХАА салбарын анхдугаар хурал боллоо

Москва хотноо өнгөрсөн онд зохион байгуулагдсан Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын 17 дугаар хурлыг зохион байгуулахаар болсон. Тус хурал өнөөдөр “Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны ажлын хэсгийн анхдугаар хурал” сэдвийн хүрээнд ҮХАА яаманд боллоо. 
 
Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны Гадаад хамтын ажиллагааны газрын орлогч дарга Цинамдзгвришвили А.Н. тэргүүтэй төлөөлөгчид болон Щелковский комбинат болон "Малын эрүүл мэндийг хамгаалах үндэсний төв"-ийн төлөөллүүд оролцлоо. 
 
Хоёр орны хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх шаардлага байгааг оролцогчид хэлсэн.  
Энэхүү анхдугаар хурал нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх Төрийн айлчлалын өмнөхөн зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой. Хурлыг цаашид жил бүр зохион байгуулахаар болсон. Монгол, ОХУ-ын хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдлын талаар талууд илтгэл тавьж, тус салбарын бодлогын талаарх мэдээллүүдийг солилцож, Монгол-Оросын хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх цаашдын төлөвлөгөөг танилцуулсан. 
 
Үүнд: 
 
Мал эмнэлгийн салбар дахь хамтын ажиллагаа
 
Мал эмнэлэг, малын халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр өөрсдийн Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар харилцан туршлага солилцох.  Монголын мал сүргийг эрүүлжүүлэхэд зориулан ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийлүүлсэн шүлхийн вакцин, ДУК машин өнгөрсөн жилүүдэд гарсан шүлхий өвчинтэй тэмцэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг Монголын тал онцолсон.
 
Хил дамнасан малын халдварт өвчинтэй тэмцэхэд хамтран ажиллах, Монголын мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг үргэлжлүүлэх асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Энэ талаар ойрын хугацаанд судалж үзэхээр тохиролцлоо. 
 
Таримал үр сортын үржүүлгийн салбар дахь хамтын ажиллагааны асуудал
 
Манай улсын цаг агаарын нөхцөлд тохирсон, эрт болцтой, өвчин, ганд тэсвэртэй улаан буудайн шинэ сортын үрийг гарган авах, нутагшуулах чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд талууд хамтран ажиллахаар болсон. Ингэхдээ хоёр талын  эрдэмтдийн баг энэ онд багтаан хөтөлбөрийг боловсруулан, 2015 оноос хэрэгжүүлж эхлэхээр тохиролцов.
 
Оросын тэргүүний техник технологийг газар тариалангийн салбарт нэвтрүүлэх асуудлаар Монголын талын тавьсан саналыг хүлээн авсан. Тодорхой асуудлыг шийдвэрлэх хүрээнд тус салбарын монгол мэргэжилтнүүдэд зориулан танилцах аялал болон сургалт зохион байгуулахаар талууд тохиролцов.
 
Бусад асуудал (Технологи дамжуулалт, хөрөнгө оруулалт, г.м)
 
Талууд хоёр орны хил залгаа аймаг, мужуудад байгаль цаг уурын хүндрэлээс болж ургац алдах, хүнсний хомсдол үүсэх зэрэг нөхцөлд таримлын үр, сорт, хүнсний  бүтээгдэхүүн зэрэг шаардлагатай зүйлсийг нэн яаралтай экспортлож, импортлох асуудлаар хамтарсан төсөл боловсруулахаар тохиролцлоо. 
 
Европоос Монголруу ОХУ-аар дамжин өнгөрч байгаа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Монголд оруулах асуудалд хүндрэл үүсэж буй талаар 
ОХУ  анхааралдаа авч холбогдох арга хэмжээг авахаар болсон. 
Ирэх 10 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Москва хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Хөдөө аж ахуйн сайд нарын уулзалт болон хөдөө аж ахуйн салбарын дахь инновацийн “Агро-Иннотек” үзэсгэлэн-яармаг Монгол Улс оролцохоо мэдэгдсэн.
 
 
 
 
 
А.Буянзаяа