Ард санхүүгийн нэгдлийн ТУЗ-ын даргаар Ж.Оюунгэрэл томилогдлоо

Ард санхүүгийн нэгдэл /Ард Холдингийн/ төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлааар ТУЗ-ын даргаар Жанчивын Оюунгэрэл, гүйцэтгэх захирлаар Чулууны Ганхуягийг ажиллуулахаар шийдвэрлэжээ.
 
Ж.Оюунгэрэл нь Петровис компанийн үүсгэн байгуулагч бөгөөд Монголын томоохон бизнес  эрхлэгчдийн  нэг.  Тэрбээр Москвагийн Губкины нэрэмжит Нефть, хийн дээд сургуулийг төгссөн мөн эдийн засгийн ухаанаар докторын зэрэгтэй. Тэрбээр нефть хангамжийн чиглэлээр экспедитор нягтлан бодогч, эдийн засагч, хангамжийн инженерээр ажиллаж байсан.  
 
Тэрбээр 1990 оноос хойш зургаан жил НИК ХК-ий гүйцэтгэх захирлаар ажилласны дараагаас Петровис ХХК-ий Ерөнхий захирлын албан тушаалд томилогдсон бөгөөд ТУЗ-ын даргаар мөн ажиллаж байсан байдаг.  Түүнд Улаанбаатар Британийн сургуулийг үүсгэн байгуулсан мөн ПетроМатад компанийн ТУЗ-ын дэд дарга, Монголиан майнинг корпорацийн ТУЗ-ын гишүүн  зэрэг олон байгууллагын удирдах түвшинд ажиллаж үзсэн ба ажиллаж байгаа туршлага бий. 
 
“Ард Холдингс компанийн үйл ажиллагаанд хувь нийлүүлэгч,  ТУЗ-ын гишүүнээр оролцож ирсний хувьд энэ компанийн ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байгаа. Монголын санхүүгийн салбарын хөгжилд түлхэж өгөхүйц далайцтай ажлын гараан дээр бид ирээд байыгаа бөгөөд манай хувь нийлүүлэгчид, ТУЗ болон удирдлагын багийн хамтын хүч хөдөлмөр амжилтад хүрнэ гэдэгт итгэл төгс байна” хэмээн Ж.Оюунгэрэл захирал онцоллоо. 
 
Харин Ч.Ганхуягын хувьд Хасбанк, Тэнгэр санхүүгийн нэгдлийн үндсийг тавьж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан төдийгүй Сангийн дээд сайдаар хоёр жил ажилласан туршлагатай билээ. Тэрбээр мөн Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх манлайлагч залуусын нийгэмлэгийн гишүүн юм.  Тэрбээр энэхүү томилгоотой холбогдуулан “Монгол хүн өөрийн бүтээсэн баялагтаа эзэн сууж, манай улс тивийн хэмжээнд өрсөлдөхүйц банк санхүүгийн төв болох цаг ирнэ. Ард Холдингс нэрийн дор хөрөнгө оруулагчид бидэнд итгэл хүлээлгэн Монголын санхүүгийн салбарын манлай группыг байгуулах даалгаврыг өглөө” гэж хэлсэн юм. 
 
Ард Холдингийн хөрөнгө оруулалтын багцанд Ард даатгал, Ард кредит. Монет капитал, Ард актив, Тэнгэр санхүүгийн нэгдэл буюу Хасбанк зэрэг банк санхүүгийн байгууллагууд багтдаг. Харин тус компанийн хөрөнгө оруулалтын санд Техник технологийн дээд сургууль, Тэнгэр санхүүгийн систем, Вайлд Дижитал Агентлаг мөн бүл нэмдэг.