Н.Алгаа: Хөрөнгө оруулагчдад итгэл үнэмшил төрүүлэх ёстой

Уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” чуулга уулзалт ирэх пүрэв, баасан гаригт болно. Энэ талаар Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаагаас тодрууллаа.
 
-Энэ удаагийн чуулга уулзалтад хэчнээн аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлсэн бэ?
 
-Монголд шинээр хөрөнгө оруулах иргэн, аж ахуйн нэгж цөөхөн байх нь. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдад илүү итгэл төрүүлэх үүднээс дотооддоо цэгцэлж чадаагүй зүйлээ түлхүү ярих шаардлага байгаа. Тухайлбал, алт, нүүрсний салбар болоод төрөөс баримтлах бодлого, хууль эрхзүйн өөрчлөлтийнхөө эерэг зүйлүүдийн хэрэгжилтийн талаар дотооддоо ярих ёстой. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин хөрөнгө оруулагчдад итгэл үнэмшил төрүүлэх учиртай юм. Тиймээс энэ удаагийн чуулган цомхон хэрнээ ажил хэрэгч уулзалт болох байх. 
 
Чуулганд оролцохоор 60 гаруй иргэн, аж ахуйн нэгж бүртгүүлээд байна. Мөн энэ үеэр 30 гаруй компани өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах юм. 2003 онд анх зохион байгуулагдаж байх үетэй ойролцоо хэмжээний оролцогчтой байх нь. 
 
-Чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ?
 
-Худалдааны яармаг гэрээ хэлцлийн үр дүнд болдог. Ийм хурлууд оролцогчдод бодит мэдээллийг л өгдөгөөрөө онцлогтой. Монголд Засгийн газар, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтарч ажилладаг, зөвшилцөж, шийдвэр гаргаж, түүнийгээ урт хугацаанд мөрддөг бааз суурь бий болоосой. Үүний эхлэлийг тавих зорилготой. Ашигт малтмалын тухай хууль, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн хүрээнд төр, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулсан Эрдэс баялгийн бодлогын зөвлөл байгуулах. Ямар зарчмаар үйл ажиллагаа явуулах талаар хамтарсан санамж бичигт гарын үсэг зурахаар ярилцаж байна. Энэ хэрэгжвэл уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар дээшилнэ. Мөн бодлогоо тогтвортой явуулахаас гадна улс төржихгүйгүйгээр хамтарч ажиллах боломж бүрдэнэ. Хилийн цаана байгаа мөнгө гадаадын болон хамтарсан эсвэл дотоодын хөрөнгө оруулалттай компаниар дамжин орж ирнэ. Тэгэхээр мөнгө орж ирэх бүх бололцоо сувгаа нээх ёстой.   
 
 
 
С.Заяа