Аялал жуулчлалын салбарт Нийслэлээс 35 тэрбум төгрөг зарцуулна

Монгол Улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой өнөөдөр тохиож буй. Мөн Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд “Найрсаг Улаанбаатар” зөвлөлгөөн өнөөдөр боллоо. 
 
Тус зөвлөгөөнд нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, соёл урлаг, спортын үйлчилгээ үзүүлдэг 600 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр тус салбарын хөгжил, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 
 
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Өнгөрсөн жилийн хувьд манай улсад аялах жуулчдын тоо 15 хувиар буурчээ. Мөн жуулчдад таагүй ханддаг 10 орны тоонд орчихоод байна. Энэ байдлыг өөрчилж  “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд бид хоёр сая жуулчин хүлээн авах зорилтот ажлаа эхлүүлээд байна” гэлээ.
 
 
 
Нэг жилийн хугацаанд давхардсан тоогоор манай улсын 1.6 сая иргэн гадны орнууд руу аялалаар явдаг. Харин бид жилд дөрөв дахин бага жуулчин хүлээн авч байна гэсэн судалгааг Нийслэлийн аялал жуулчлалын газраас танилцуулсан. Тийм учраас эхний ээлжинд энэ балансыг тэнцвэржүүлэх, гадагш урсаж буй мөнгөн дүнг эргээд жуулчдаас нөхөх боломжийг эрэлхийлэн ажиллаж буйгаа тус салбарыхан энэ үеэр онцоллоо. 
 
Соёл, спорт,аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл “Манай улсын аялал жуулчлалын салбарын төсөв жилдээ дөрвөн тэрбумаас илүү гарч үзээгүй. Гэтэл Нийслэлээс аялал жуулчлал, соёл урлагийн салбарт 35 тэрбум төгрөг төсөвлөн хөгжүүлэхээр томоохон зорилт тавин ажиллаж байна. Энэ нь аялал жуулчлал, соёл урлагийн салбарын хөгжилд маш том хөрөнгө оруулалт болно” гэлээ.
 
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжил 140 орноос 99 дүгээр байранд орсон байна. Тиймээс тус салбарыг хөгжүүлэх шаардлага тулгарсаар буй. 
 
Нийслэлийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх суурь ойлголт нь хүмүүсийн харилцаанаас эхэлдэг бөгөөд энэхүү салбарт мөрддөг нэг ойлголт бий. Энэ нь жуулчдын эхний бөгөөд эцсийн сэтгэгдэл. Эхний сэтгэгдэл нь жуулчныг энэ улсад аялах өдрүүдийн сэтгэл зүйг бэлтгэдэг бол эцсийн сэтгэгдлээрээ тэр хүн дахин ирэх үгүйгээ шийддэг аж.. Мөн найз нөхөд гэр бүлдээ Монгол Улсад аялах тохиромжтой үгүй талаарх сурталчилгааг хийж байдаг аж. 
 
Түүнчлэн аялал жуулчлал хөгжих тусам сөрөг үр дагаврууд ч гарч ирдэг. Жишээлбэл, инфляци нэмэгдэх, шүүрэлт ихсэх /шүүрэлт гэдэг нь жуулчлалаар дамжин орж ирсэн мөнгө буцаад гадагш алдагдах үйл явц/ нийгмийн ёс бус үйлдлүүд олширдог.
Харин “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтын босгыг нэмэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, ижил төрлийн импортын бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх, жуулчид зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт хэрэглэх зэрэг арга хэмжээ авч аялал жуулчлалын салбар дахь шүүрэлтийг бууруулахаар зорьж байгаа аж. 
 
Харин эдийн засгийн давуу талын хувьд манай улсад ирсэн нэг жуулчин хоногт 190 ам.доллар зарцуулж буй судалгаа бий. Энэ нь нэг монгол хүний хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс хоёр дахин их тоо. Тиймээс дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр 2030 он гэхэд таван сая жуулчин хүлээн авснаар Улаанбаатар хотын ДНБ-ийг 2,5 дахин нэмсэнтэй тэнцэх, таван тэрбум долларын борлуулалтыг хийнэ.
 
Энэ нь манай улсын эдийн засаг 2,5 дахин нэмэгдэж, айл өрх бүр ажилтай орлоготой болох боломж юм гэдгийг Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга хэллээ.
 
 
 
 
 
 
А.Бүрэнжаргал