Жуулчдын тоог 5 саяд хүргэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр батлагдлаа

Тусгайлан боловсруулсан хөтөлбөр хэрэгжүүлснээр нийслэл хот 2020 онд жуулчдын тоог 2 саяд, 2030 он гэхэд таван саяд хүргэнэ гэж үзэж буй. Мөн нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэхээр зорьж байгаа.
 
Тэгвэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэн баталжээ. Энэхүү хөтөлбөр нь “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг”-т суурилж байгаа бөгөөд 3 үе шаттай. 
 
Хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, зохицуулалтыг оновчтой болгох, гадаад, дотоодын жуулчид Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөл, алжаал тайлах тав тухын орчныг бүрдүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээнүүд нэвтрүүлэх аж.
 
 Мөн Улаанбаатар хотыг аялал жуулчлалын зорих газар болгон гол зах зээлд сурталчлах, бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж хотын соёлыг дэлгэрүүлэхэд чиглэсэн ажлууд хийгдэнэ гэж холбогдох мэргэжилтнүүд төлөвлөжээ. 
 
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд жил бүрийн нийслэлийн төсвийн 5 хувийг буюу 35 тэрбум төгрөгийг зарцуулж байхаар НИТХ-аас шийдвэрлээд байна. 
 
Цаашид Улаанбаатар хот 2020 он гэхэд метротой болох төлөвлөгөөтэй байгаагаас гадна 2030 оны Азийн наадамд өрсөлдөх эрх авахын тулд аялал жуулчлалын салбарын суурь хөрсийг бэлдэх шаардлагатай гэж НЗДТГ-аас онцолсон.