Missha брэнд үйлчилгээний соёлыг хөгжүүлнэ

Өмнөд Солонгос улсын гоо сайхны алдартай Missha брэндийн бүтээгдэхүүнүүд манай улсад албан ёсоор орж ирээд нэг жил болжээ. Missha  нь дэлхийн 33 оронд салбартай, Солонгос улсдаа 600 гаруй нэрийн дэлгүүртэй бол дэлхий даяар мянга гаруй салбартай аж.
“Happy City” группээс энэхүү брэндийг оруулж ирээд нэг жилийн хугацаанд гурван салбар дэлгүүрийг нээн ажиллуулаад байна. Хамгийн сүүлд  гуравдах дэлгүүрээ Зайсангийн Оргил худалдааны төвд өнгөрсөн долоо хоногт нээжээ. Эдийн засгийн хүндрэлтэй үед үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь Misshа гоо сайханы бүтээгдэхүүн нь Монголын охид бүсгүйчүүдийн байнгын хэрэглээ болсонтой холбоотой аж. Дэлхийн олон орны гоо сайханы нэртэй брэндүүд манайд худалдаалагдаж байгаа бөгөөд ихэнхийг Солонгосын бүтээгдэхүүнүүд эзэлдэг. Гэхдээ Misshа нь брэндүүд дотроо тэргүүлэх байр суурийг баттай эзэлж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, чанарт ихэд анхаардгаараа онцлог.
 
Монгол цаг агаарын хувьд эрс тэрс хуурай уур амьсгалтай орон. Харин Misshа-гийн далайн гүний чийгээс гаргаж авсан бүтээгдэхүүнүүд монгол охид эмэгтэйчүүдийн нүүр царайд тохирч таардаг учраас борлуулалт нэлээд сайн байдаг талаар дэлгүүрийн худалдагчид нь хэлж байна.
 
Тус брэнд нь борлуулалтаараа Азийн орнуудад сүүлийн гурван жил тэргүүлж буй статистик мэдээ бий. “Happy City” группын ерөнхий захирал Д.Отгонсүрэнтэй товч ярилцлаа.

-Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд компаниуд үйл ажиллагаагаа хумиж, хэмнэлтийн горимд ажиллаж байгаа бол харин танайх өргөжүүлж байна.Борлуулалт сайн байгаа гэж ойлгож болох уу? 
 
-Манай компани энэ брэндийг оруулж ирэхийн тулд багагүй судалгаа хийсэн.Судалгаагаар хүмүүс Солонгосын нэртэй гоо сайханы чанартай бүтээгдэхүүнийг сонирхох, хэрэглэхийг хүсч буйг анзаарсан. Нэг үеийг бодвол монголчууд чанартай, маш сайн бүтээгдэхүүнийг сонирхох болсон байна. Биднийг анхны дэлгүүрээ нээх үед  ам.долларын ханш 1300 төгрөг байсан. Нэг жилийн өмнө шүү дээ. Харин одоо 500 гаруй төгрөгөөр нэмэгдчихсэн. Эдийн засаг хүндэрсэн үед гадаад худалдааны бизнес эрхлэх нь тийм ч амаргүй л дээ. Гэхдээ гурав дахь салбараа нээсэн нь тус брэндийн чанар, борлуулалт сайн байдагтай холбоотой. Монголчууд богино хугацаанд энэ бүтээгдэхүүний чанарыг таньж, байнгын хэрэглэгч болсон байна. Охид эмэгтэйчүүд төдийгүй монгол эрэгтэйчүүд гоо сайхандаа ихэд анхаардаг болсон шүү дээ. Манай дэлгүүрт эрэгтэйчүүдийн нүүр цэвэрлэгээ, нүүр царайгаа хэрхэн цэвэр сайхан авч явахад зориулсан бүтээгдэхүүнүүд бий.

-Missha гэхээр зөвхөн залууст зориулсан брэнд юм шиг сонсогддог. Бүх насныхан хэрэглэж болно биз дээ?
 
-Эрэгтэй, эмэгтэй бүх насныханд зориулсан брэнд. Залуус, дунд, ахимаг гэх мэт. 40-өөс дээш насныхны нүүрний тос нь хүн орхоодой, мөн алтны хольцтой, арьс чангаруулдаг гэх мэт тус бүрдээ онцлогтой бүтээгдэхүүнүүд бий.
 
-Гоо сайхны салбарын худалдагчдын цалин хөлс хэр байдаг вэ. Танайх хүмүүсээ нэлээд бэлтгэж, сургалтад хамруулж авдаг байдал ажиглагдаж байна?
 
-Бид үйл ажиллагаагаа өргөтгөсөөр цөөн ч гэсэн ажлын байрыг бий болгож байна. Цалингийн хувьд 600-1.2 сая төгрөгийн хооронд. Салбартаа цалингийн дээд хэмжээ гэж хэлж болно. Албан ёсоор оруулж ирж буй брэнд тул Солонгосын компаниас их анхаардаг, стандартууд тавьдаг. Үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө миний бие, ажилтнуудтайгаа Сөүл хотод урт, богино хугацааны сургалтуудад хэд хэдэн удаа хамрагдсан. Тэнд, бусад улсад үзүүлдэг үйлчилгээ, стандартыг мөрдөх ёстой. Тухайлбал, дэлгүүрийн өнгө үзэмж, бүтээгдэхүүнүүдийн байрлал, худалдагч нарын мэдлэг, биеэ авч явах байдал, үйлчилгээний соёл маш чухал.
 
-Гоо сайханы бизнесээр дамжуулан Солонгосын үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх нь манай улсын хувьд тун ач холбогдолтой?
 
-Бид үйлчилгээний шинэлэг стандартыг тодорхойлох зорилго тавин ажиллаж байна. Үйлчилгээний салбарын үйл ажиллагааг чанаржуулахын хамт үйлчилгээний соёлыг бий болгох, шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай. Дэлгүүрт орохоор худалдагч нь буруу хараад зогсчихсон, хүн орж ирж буйг тоосон шинжгүй, юм асуухаар тоомжиргүй хариулсан мэт болж, зан харилцааны доголдолтой харагддаг. Энэ бүхнийг өөрчлөх цаг болсон. Тиймээс бид өөрсдийн дэлгүүрүүд дээр үйлчилгээний соёлыг нэвтрүүлж үзүүлсний дараа томоохон компаниудтай хамтран ажиллах төлөвлөгөө бий. Тухайлбал, банкны ажилтны нүүр будалт ямар байхаас эхлээд гоо сайхан, үйлчилгээний салбарт гадны соёлыг нэвтрүүлэх, хөгжүүлэх зорилготой ажиллаж байна. 
 
 
 
 
 
 А.Бүрэнжаргал