С.Дэлэг: Махаа нэмүү өртөг шингээж экспортлох боломжтой

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалаар манай улс махаа экспортод гаргах талаар ярьсан нь эхнээсээ ажил болон хэрэгжиж буй. Энэ талаар олны дунд “махны” хэмээн алдаршсан доктор С.Дэлэгтэй ярилцлаа. Тэрбээр социализмын үед “Мах импекс” компанийн захирлаар ажиллаж байсан юм.  
 
-В.В.Путины айлчлалаар махны салбарт ямар гэрээ хэлцэл үзэглэгдэнэ гэж та харж байсан бэ?
 
-Монголын Ерөнхийлөгч махаа гаргамаар байна, гаалийн татварыг хөнгөлөлттэй болгож, квот хэмжээний асуудлыг авч үзэхийг санал болгосон. Оросын тал “Мах авч болно. Гэхдээ танай мал эрүүл байх ёстой. Мах үйлдвэрлэлийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаж байвал бид татгалзахгүй” гэсэн. Иймэрхүү хариулт ирэх байх гэж би таамаглаж байв. Махны үйлдвэрлэл 1990-иэд онд байсан түвшингээсээ буурсан. Үйлдвэрлэлийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлөөрөө өмнөхөөсөө дордоод байна. Би 1990-иэд онд “Мах импекс” компанийн захирал байсан. Мах яаж үйлдвэрлэдэг, төхөөрдөг гээд бүх үйл явцыг мэднэ. Малыг эхний ээлжинд технологийн дагуу бэлдэх ёстой. Дараа нь технологийн дагуу төхөөрч, хөргүүрт хадгалж, хөлдөөгөөд нийлүүлдэг байв. Харин одоо малын чанар, ариун цэвэр муудсан. Тухайлбал, социализмын үед малыг тарга тэвээрэгтэй болгох том ажил байв. Тарга тэвээрэг сайтай малын мах амттай болдог. Ингэхийн тулд малаа сайн маллах хэрэгтэй. Гэтэл одоо малаа маллаж чадахаа больсон байна. Малыг мотоцикль, машинаар хариулж байна шүү дээ. 
 
-Монгол мал маллагааны арга технологи дутагдаж байна гэсэн үг үү?
 
-Тийм. Үндэсний их баяр наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Малчин монголчууд малаа мотоциклиар бус мориор малладаг болъё. Сумын наадам, багийн хуралдаа мориороо очдог болъё” гэсэн. Энэ маш зөв зүйтэй санаачилга байсан. Нөгөөтэйгүүр малыг бэлчээрээр нь тууварлаж авчраад мах махан бүтээгдэхүүн болгодог байсан. Харин одоо малыг хөлөөр нь тууварлах бус машинаар ачиж оруулж ирж байна. Энэ нь малыг айдаст автуулдаг. Ийм байхад нь мал төхөөрвөл махны амт чанарт нөлөөлнө. Үүнийг мэддэг хүн алга. Мал төхөөрөхийн тулд сойх хэрэгтэй байдаг. Сойлтын технологи маш чухал. Одоо хэдэн цаг ямар нөхцөлд сойх ёстой талаар ойлголт байхгүй болж. Машинаар тээвэрлэж авчирсан малыг шууд төхөөрч байна.  Социализмын үед малыг зөв үе шаттай төхөөрдөг байсан. Одоо давсгыг нь хагалаад махаа гашууруулах нь наад захын жишээ болж. Монголчууд хийж чаддаг зүйлээ одоо чадахаа больчихоод байна. 
 
-Одоо эдгээрийг засахын тулд эхний ээлжинд ямар ажил хийх хэрэгтэй байна вэ?
 
-Манайхан ариун цэвэр, эрүүл ахуй гэхээр шүлхий, боом ярьчихдаг. Гэтэл төр засгаас энэ өвчний эсрэг ажил хийж байна. Ийм байдлаар махны салбар явахгүй. Том зүйл ярихаасаа өмнө Монгол хүн хийж чаддаг байсан зүйлээ мэддэг, чаддаг болох ёстой. Тэгж байж махны амт, ариун цэвэр, эрүүл ахуй нь сайжирна. Ингэсэн цагт монгол мах амттай гэсэн нэр хүндээ эргүүлэн олж авч чадна. Социализмын үед малын махыг гулуузаар хөлдөөдөг байсан. Одоогийн нөөцийн мах юугаараа хүнд гологдоод байна вэ. Хадгалах горим алдагдсанаас болж буй юм. Технологи нь буруу учраас тэр. 
 
-Ямар технологи мөрдөх үү?
 
-Монгол хүн үүц хийж, хаврын хатууд иддэг байсан. Үүцэн дотор жингийн хорогдол үүсэхгүй, хуурайшилт явагдахгүй. Одоо гулуузаар хийгээд Монгол орны өнцөг булан бүрээс ачиж, нийслэл рүү оруулж ирж байна. Энд махны ууршилт, чийгийн алдагдал маш хүчтэй явагдах болсон. Иргэд нөөцийн мах шүүмжлээд байдаг шалтгаан нь тун энгийн байгаа биз. Энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Социализмын үед “Мах импекс” хэдхэн газраас махаа авдаг байв. 
 
Манайхан махыг чанараар нь ангилж зарна гэдэг. Энэ маш зөв зүйтэй санаачилга. Даанч үүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлдэггүй. Чанараар нь ангилах ёстой. Гэтэл одоо хүзүү, сээр, нурууны мах ялгаагүй нэг л үнэтэй байна. Энэ байдлаас одоо гаргах ёстой. Бод малын махыг шулчих хэрэгтэй. Бог мал хорогдол ихтэй байдаг юм. Ангилсан махаа зузаан гялгар уутанд хийж, хөлдөөгөөд худалдаж болно. Махыг боловсруулдаг арга байдаг. Малаа төхөөрчихөөд махыг нь гэртээ ханандаа өлгөж, загсаадаг. Ингэснээр маханд хөшилтийн процесс явагддаг юм. Энэ маш чухал. Үүнд л махны технологи байгаа. Хөшилтийн процесс температураас ихээхэн хамааралтай. Зөв явуулбал амт, чанартай, шүүслэг мах болдог. Өөрөөр хэлбэл, махны хөшилтийн процессыг хурдан хийвэл булчингийн агшилт хүчтэй явагддаг. Үүнээс болж хатуу аргуу болно.  Одоо үүнийг анзаарахаа болчихжээ. Тэгсэн хэр нь махны амт, чанарын тухай ярих юм. Технологио мэдэж байж хэрэглэнэ шүү дээ. 
 
-Тэгэхээр ганц махны ч гэлтгүй бүх салбарт бодлогын залгамж чанар алдагдсанаас ийм зүйл болоод байна гэж ойлгож болох нь ээ?
 
-Миний харж байгаагаар бүх зүйлийг технологигүй удирдаж байна. Намын удирдлагаар удирдах болж. Махны технологи чухал бус намын шийдвэр нэгдүгээрт байна шүү дээ. Мах хөлдөөх, хөргөөх технологийн талаар ч мэдэхгүй байна. 
 
-Малын гоц халдварт өвчин манайд байсхийгээд гарч байна. Гэтэл гадныхан ариун цэврээс гадна мал, амьтны гоц халдварт өвчин гарсан бүсээс мах авахгүй гэх шаардлага тавьдаг. Үүнийг бас шийдвэрлэх ёстой байх?
 
-Мал, амьтны гоц халдварт өвчин гаргахгүй байх тал дээр ажиллах ёстой. Монгол Улс уудам газар нутагтай. Дорнодод нэг шүлхий гарсны төлөө Увс, Завхан аймгийг хамруулж болохгүй. Бүсчлэл тогтоохоор болсон. Өөрөөр хэлбэл, өвчин гараагүй бүсээсээ мах экспортод гаргах боломжтой байгаа. Гэтэл импортлогч тал “Танай мах ариун цэврийн шаардлага хангахгүй байна” гэдэг. Ариун цэвэр, эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан нөхцөлд махыг хэдий хэмжээгээр ч гаргах боломжтой. 
 
-Гэхдээ манайх өнгөрсөн хугацаанд бага хэмжээгээр мах экспортолж байсан. Одоо гаргах махаа гулууз хэлбэрээр бус нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож гаргах боломж бий юү?
 
-Одоо гулуузаар гаргаж байгаа. Оросууд ясгүй мах авах сонирхолтой байдаг. Нөгөөтэйгүүр бид бүтээгдэхүүнийхээ өөрийн өртгийг тодорхой хэмжээгээр бууруулах ёстой. Гулууз махны 23 орчим хувь нь яс байдаг. Гэтэл манайх Завханаас авчирсан гулуузныхаа үнэд ясны өртгийг шингээж худалддаг. Тэгэхээр махаа шулаад нэмүү өртэг шингээгээд сонирхолд нь нийцүүлээд экспортлох ёстой. 
 
 
 
С.Заяа