Төслийн удирдлага хөгжиж буй орнуудад

Төр засаг, хувийн хэвшил бүрт өөрсдийн гэсэн үйл ажиллагааны стратеги байдаг. Үүнийг амьдрал дээр буулгаж ирдэг арга нь төслийн удирдлага. Үүнтэй холбогдуулан өнөөдөр PMI Төслийн менежментийн хүрээлэн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш анхны олон улсын чуулга уулзалтаа “Хөгжиж буй эдийн засаг дахь төслийн менежмент” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. 
 
Олон улсын төслийн удирдлагын хамгийн том холбоо болох PMI нь  хоёр жилийн өмнөөс манай улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Олон улсын хэмжээнд төслийн менежментийн мэдлэг, ур чадварыг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус байгууллага нь дэлхийн хэмжээнд 700 мянга гаруй гишүүд, 270 салбартай.
 
Сүүлийн жилүүдэд Ази-Номхон далайн бүс нутаг дахь дэлхийн хөрөнгө оруулалтын урсгал эрчимтэй нэмэгдсээр байгаа. Үүнээс үүдэн хөгжиж буй эдийн засагтай орнууд хөрөнгө оруулалтыг хүртэхэд бэлэн үү? Томоохон хэмжээний төслүүдийг үр ашигтай удирдах чадамж бий юу гэдэг асуулт тулгарч буй. Тэр ч утгаараа энэхүү олон улсын хурал үр дүнтэй болж байна гэж зохион байгуулагчид үзэж байв. 
 
Томоохон төслийн хувьд анх төлөвлөснөөрөө дуусгаж чадалгүй цагаасаа хоцрох, төсвөө хэтрүүлэх нь нийтлэг гэж үзэх хүмүүс бий. Энэ талаар Их Британы Олимпын хорооны тэргүүн Жон Александр “ Би үүнтэй огт санал нийлдэггүй. Аливаа төслийн хөрөнгө оруулалтын шатанд сайтар бодож төлөвлөн, эрсдэлийг үнэлэхэд ихэнх тохиолдолд хангалттай цаг зарцуулдаггүй. Энэ нь эрсдэлийг үүсгэх тал бий. Төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол илүү төсөв, илүү цаг зарцуулахад бэлтгэлтэй байх хэрэгтэй ” талаар манай сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байсан. 
 
Мөн төслийн менежментийн арга зүй нь тухайн байгууллагын гол стратегийн зорилгуудыг биелүүлэхэд хамгийн чухал байдаг талаар PMI-Энэтхэг дэх салбарын захирал Раж Калади “Төслийн удирдлагыг амжилтад хүргэхийн тулд ямар ур чадварууд шаардагддагыг мэддэг байх ёстой. Төслийн удирдлагын хүрээнд зургаан стандарт байдаг. Эхнийх нь төслийн сайн удирдагч байхад ямар ур чадваруудыг эзэмшсэн байх ёстой вэ гэдгийг ойлгох,  хоёрдугаарт ажиллаж буй компани тань төсөл хэрэгжүүлэх туршлага, үйл явцыг хүлээж авах байдаг. Энэ хоёр хамгийн чухал. Төслийн удирдлага нь хүний нөөц, борлуулалтын гэх мэт бусад удирдлагатай нэгэн адил ур чадвар болон мэдлэг дээр суурилдаг” гэлээ. 
 
Мөн тус чуулга уулзалтад манай улсын болон олон улсын төслийн менежерүүд илтгэл тавьсан юм. Төсөл хэрэгжүүлэхэд учирч болох эрсдэл, хүндрэл зэргийг даван туулах, өөрчлөлт оруулах, төслийн удирдлагын аргачлалаа шинэчлэх боломжийг олгохын сацуу томоохон төсөл хэрэгжүүлэгчдийн туршлагаас хуваалцаж байгаагаараа ач холбогдолтой болж байна. 
 
Төслийн менежментийг хүлээж авах байдал, хэрэгжүүлэх арга барил хөгжингүй болон хөгжиж буй орнуудад харилцан адилгүй. Энэ талаар  “PMI” байгууллагын зүүн хойд Азийн төслийн менежмент хариуцсан зөвлөх Жак Сэе “Хөгжиж буй орнуудын захирлуудад төслийн менежер ямар аргаар, яаж ажиллах нь бус зөвхөн ямар үр дүн гаргах нь л сонин байдаг тал ажиглагддаг.
 
Тэгэхээр хөгжиж буй орнуудын төслийн менежерүүд төслийн удирдлага гэж юу болохыг мэддэг байх, мөн аливаа оролдлогуудыг зоригтой хийж чаддаг байх хэрэгтэй. Дараа нь стратегитай уялдаж буй эсэхийг сайн  мэдэрч ажиллах хэрэгтэй” гэдгийг зөвлөсөн юм. 
 
Төслийн менежментийн олон улсын бага хурал маргааш үргэлжлэх юм байна. 
 
 
 
 
 
 
 
 
 
А.Бүрэнжаргал