Импортоор улаанбуудай оруулж ирэх гэж байна

Манай улс энэ онд 466.6 мянган тонн үр тариа, үүнээс 439.8 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, 100.2 мянган тонн хүнсний ногоо, 47.8 мянган тонн тосны ургамал, 41.2 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар төлөвлөөд байгаа. 
Энэ нь дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахуйц хэмжээ гэдгийг салбарын яамнаас мэдэгдээд буй.
 
Гэсэн ч Засгийн газраас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд зээл авсан зарим гурилын үйлдвэр салбарын яамны өгсөн зөвшөөрлөөр хойд хөршөөс эхний ээлжинд 10.0 мянган тонн буудай импортоор оруулж ирэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан бусад гурилын үйлдвэр дотоодоос буудай худалдан авахаа хойшлуулж зогсоохоор болоод байгаа аж. 
 
Уг явдал манай тариаланчдын буудайн борлуулалтын үйл ажиллагаа зогсоход хүрч, улмаар үтрэм дээр их хэмжээний тариа нөөцлөгдөж, цаашид хадгалахад хүндрэлтэй нөхцөл бүрдэж буй гэнэ. Улмаар ирэх жилээс улаанбуудай тарьж, эх орныхоо гурилын хэрэгцээг хангахад хүндрэл гарч болзошгүй нөхцөл байдал ч үүсээд байгаа аж. Иймээс импортын улаанбуудайг хилээр оруулахыг зогсоож, дотоодын зах зээлээ хамгаалах хүсэлтийг Монголын тариалан эрхлэгчдийн холбооноос тавьж байна. 
 
Энэ талаар тус холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтод хандан дэмжлэг хүссэн албан бичиг илгээжээ. Албан бичигт “Энэ онд манай тариаланчид идэвх зүтгэлтэй ажиллаж 400.0 мянга орчим тонн улаан буудай хураан авах нөхцөл бүрдэн ургацын балансаа тогтоогоод байв. Харамсалтай нь гаднаас буудай импортоор авахаар болсон байна. Энэ талаар шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол тариаланчид тодорхой хэмжээнд эсэргүүцэл үзүүлж, эрс шийдэмгий үйлдэл хийх тухайгаа бидэнд мэдэгдсэн. Та бүхэн ойрын хугацаанд холбогдох арга хэмжээг авч өгнө үү” гэжээ. 
 
Тариаланчдын тавьж буй хүсэлтийг судалж үзэээд УИХ дахь МАН-ын бүлгээс Н.Энхболд, Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа, Су.Батболд, Ж.Эрдэнэбат нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй Газар тариалангаа хамгаалах бүлгэм байгуулсан аж. 
 
 
С.Аз