ҮХААЯ улаанбуудай оруулж ирэхийг зөвшөөрчээ

Манай улсад 1990-иэд оноос хойш уналтад ороод байсан газар тариалангийн салбар “Атрын-III” аяны хүрээнд сэргэж эхэлсэн. Тиймээс манайх гурилынхаа хэрэгцээг дотоодоосоо хангадаг болоод байв. Энэ онд л гэхэд 420.0 мянган тонн улаан буудай хураан авч, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй экспортод гаргах боломж бүрдээд байгаа юм. 
 
Гэтэл намрын тариа хураалтын үеэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам тонн тутамд олгох урамшууллыг олгохгүй, хямд үнэтэй импортын улаан буудай оруулж ирэхээ мэдэгдсэний зэрэгцээ 49.0 мянган тонн улаан буудайг ОХУ-аас импортлох зөвшөөрлийг таван компанид олгожээ. Компаниуд эхний 10.0 мянган тонн буудайг хилээр оруулж ирсэн байна. Үүнээс үүдэлтэйгээр гурилын үйлдвэрүүд дотоодод тариалсан улаан буудай авахгүй, хойд хөршөөс хямд үнэтэй буудай импортлох нь ашигтай гэж үзэж байгаа аж. 
 
Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн Үндэсний үйлдвэрлэл, тариаланг дэмжих бүлгэмээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ. Ингэхдээ гурил болон буудайг их хэмжээгээр импортоор оруулж байгаа үйл ажиллагааг яаралтай зогсоож, хариуцлагагүй шийдвэр гаргасан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаарджээ. 
 
 
С.Аз