Ч.Улаан: Төсөвт тодотгол хийх шаардлагатай

Засгийн газар 2015 оны төсвийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг болон хотын удирдлагууд “Ирэх оны төсвийн хуулийг татаж авах хэрэгтэй. Ийм байдлаар төсвийн хуулийг УИХ баталвал эдийн засаг сайжрахгүй” хэмээн  мэдэгдээд буй. Тиймээс Засгийн газар хуралдаж, уг төслийг эргүүлэн татахаар болсон байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Улаанаас тодрууллаа. 
 
-Төсвийн тодотголыг хийх талаар өнгөрсөн хавар ярьж байсан. Ер нь, тодотгол хийх шаардлага байна уу?
 
-Шаардлагатай. Он гарсаар орлогын бүрдүүлэлт 88 хувьтай явж байна. Энэ нь орлого тодорхой хэмжээнд тасалдаж байгааг илтгэж буй. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбараас орох орлого бидний төлөвлөсөн хэмжээнээс нэлээд доогуур байгаа. Цаашид байдал засрах байх гэж найдаж байна. Нөгөөтэйгүүр мөчлөг дагасан бодлого хэвээр байна. Он гарсаар есдүгээр сар дуусч байхад санхүүжилтээ аваагүй газар олон байгаа. Тэд арав, арваннэгдүгээр сараас “Санхүүжилтээ авъя” гэж оволзоод эхэлнэ. Үүнээс үүдээд ачаалал ихэснэ. Тэгэхээр “Хийсэн ажлын санхүүжилт өгөхгүй байна” гэсэн гомдол санал тасрахгүй. Энэ нь эдийн засаг жигд бус, цаг үеэ дагасан байдалтай буйг илтгэж байна. Эргээд энэ нь эдийн засагт хүндрэл учруулдаг.
 
-Тодотгол хэдийд орох бол?
 
-Байдлаас харахад, энэ сардаа багтаж, яригдах байх. 
 
-Та бүх албан байгууллага хэмнэлтийн горимд шилжих ёстой гэж ярьж байсан. Таны толгойлж буй Сангийн яам хэчнээн орон тоотойгоор ажиллаж байна вэ?
 
-Бид батлагдсан орон тооноос нэгийг ч илүү гаргахгүйгээр ажиллаж байна. Сангийн яам  орон тоо цөөлөх, ажлын ачаалал нэмэгдүүлэх тодорхой санал гаргасан. Тухайлбал, Сангийн сайдын дэргэдэх ажлын албыг татан буулгасан. Энэ албаны эрхэлж байсан ажлыг яамны төрийн албан хаагчдын ачааллыг нягтруулах замаар гүйцэтгэж байна. Мөн урсгал зардлыг хэмнэх тал дээр онцгой анхаарч байгаа. Он гарсаар яам урсгал зардлаа 20 орчим хувиар хэмнэж. 
 
 
С.Аз