ОХУ мах импортлох зөвшөөрөл өгнө

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард манай улсад ажлын айлчлал хийсэн. Энэ үеэр манай тал мах махан бүтээгдэхүүн экспортлох санал тавьсан нь нааштайгаар шийдэгдэж байна. Учир нь, уг асуудлаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж тус улсад ажлын айлчлал хийхдээ уг асуудлыг хөндөн ярилцаж, тодорхой үр дүнд хүрчээ. 
 
Тус улсын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоров, Мал эмнэлэг хорио цээрийн албаны дарга А.С.Данкверт нартай уулзан Монгол Улсаас ОХУ-д экспортлож буй мах махан  болон хөдөө аж ахуйн уламжлалт зарим бүтээгдэхүүнд ОХУ-аас ногдуулж буй татварыг тэглэх. Махны экспортын хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчлөх, Монгол, Оросын засгийн газар хоорондын комиссын хөдөө аж ахуйн Ажлын хэсгийн анхдугаар хурлын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг асуудлаар ярилцжээ.
 
Энэ хүрээнд Монгол Улсаас ОХУ-д экспортлох зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тариф тэглэх боломжийг судлах хамтарсан Ажлын хэсгийг 2014 ондоо багтаан байгуулах хэлэлцээ хийх Монголын талын хүсэлтийг ОХУ-ын Засгийн газар нааштайгаар шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болжээ. 
 
Түүнчлэн экспортлох махны чанар, аюулгүй байдлын баталгааг хангасан тохиолдолд Монголын нийлүүлж чадах хэмжээгээр Оросын талаас махны импортын зөвшөөрөл, квот өгөх юм байна. Үүний зэрэгцээ Улаанбаатарт шинээр байгуулагдах Оросын Худалдааны төлөөлөгчийн газарт мал эмнэлгийн хорио цээрийн асуудал хариуцсан байнгын төлөөлөгчийг томилон ажиллуулах боломжийг судлахаа Оросын тал хэлсэн байна. 
 
Дашрамд дурдахад, манай махны үйлдвэрүүдийг С-гээс В ангилалд оруулах,  Монголын мах ангилах, нөөшлөх болон хиамны үйлдвэрүүдийг аттестатчлах зорилгоор нөөшилсөн мах экспортлох аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт, хүчин чадал, бараа бүтээгдэхүүний төрөл зүйл зэргийг багтаасан албан хүсэлтийг хойд хөршид хүргүүлэхээр болжээ. 
 
Мөн Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, малын эмч, байцаагч зэрэг 100 хүнийг ОХУ-д сургах юм байна. 
 
 
С.Аз