Дон Дроммонд: Төсвөө хянаж, эдийн засгаа зохистойгоор хуваарил

Канадын эдийн засагч, Доктор Дон Дроммондыг эдийн засгийн ертөнцөд танихгүй хүн цөөн. Тэрбээр өөрийн эх орон буюу Канад улсын төрийн бодлогод үнэтэй хувь нэмэр оруулснаараа мөн эдийн засгийн асуудлуудад хурц шүүмжлэлүүд өгдөгөөрөө олонд зартай.  

Тэрбээр Канадын Худалдаа хөгжлийн банкны ахлах эдийн засагч, Татварын бодлого, хууль эрх зүйн яамны дэд сайдын албан тушаал хашиж байсан туршлагатай нэгэн. Тэрбээр өнөөдөр “Queen’s University” буюу Хатан хааны Их сургуульд орон тооны бус профессор багшаар ажиллаж байна. 

Дон Дроммонд дэлхий даяар эдийн засгийн асуудлаар сонирхолтой илтгэл тавьж, зөвлөмж өгдөг билээ. Энэ хүрээнд тэрбээр одоогоор Азийн таван орон, найман хотод уригдсан бөгөөд Дэлхийн эдийн засгийн хямралаас бид юу суралцсан талаарх сонирхолтой илтгэлийг Монголд тавихаар ирсэн байна. Тус эрхэм энэ үеэрээ “Өөрчлөгч” клубын эдийн засгийн сэтгүүлчидтэй мөн уулзалт хийж, тэдний асуултад цаг харамгүй хариулт өглөө.

 
Дон Дроммондын илтгэлийн гол үзэл санаал багцалбал “Байгалийн баялгаа экспортолдог, жижиг хэдий ч нээлттэй эдийн засагтай Монголд хилийн гаднах улсуудын эдийн засгийн хөгжил маш хүчтэй нөлөөлж байна. Өнгөрсөн жилүүд дэх дэлхийн эдийн засгийн хүндрэлүүдийн нөлөөллийг эс тооцбол, Монголын эдийн засгийн өсөлт нь түүхэнд бичигдэхээр гайхам байж ирлээ. Гэсэн ч сүүлийн үед төсөв, мөнгөний тэлэх бодлогын дүнд инфляци, төсвийн алдагдал болоод улсын нийт өр үлэмж хэмжээгээр нэмэгджээ. Дотоодын чанга бодлого болон гаднын тогтвортой орчин ялангуяа Хятадын нөхцөл байдлаас Монголын ирээдүйн эдийн засгийн тогтвортой хөгжил ихээхэн шалтгаална. Нөгөө талаас, Дэлхийн таатай эдийн засгийн нөхцөл байдал нь Дэлхийн эдийн засгийн хямралууд, асуудлаас гарч ирсэн хуучин болон шинэ сургамж, туршлагыг улсууд хэрхэн сайн шүүн тунгааж, ашиглаж байгаагаас мөн ихээхэн шалтгаалах юм” гэж байгаа юм. 
 
Тэрбээр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ манай улстай нэлээд төстэй гэдэг үүднээс нэн тэргүүнд Канадын эдийн засгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
 
Канадын төсвийн алдагдал ихэсч байсан ч богино хугацаанд өрөө дарж, эдийн засгаа сэргээж чадсан
 
Сүүлийн 20 жилийн хугацаанд Канадын хүн амын өрхийн орлогын зөрүү илт нэмэгдэж буй. Баян, ядуугын ялгаа ихэсч, дундаж давхаргынхны орлого тогтмол байдалтай байгаа. Энэ байдал нь зөвхөн Канад улсын хувьд бус Европын зарим орон болон Америк, Япон зэрэг оронд ажиглагдсаар байна. Ялангуяа баячуудын эгнээнд буй хүмүүсийн нэг хувь нь огцом баяжих хандлага байсаар байна. 
 
Канадын дундаж орлоготой иргэд жилийн 60 орчим мянган ам.долларын орлоготой. Канадын эдийн засгийг авч үзвэл Америк улсынхтай ойролцоо. Нэг онцлог нь уул уурхайгаас ихэнх хувь нь хамааралтай байдаг. Өнгөрсөн 2009-2011 оны хямралын үед Канад улс төсөвтөө удаа дараа тодотгол хийж, маш их өр тавьж байсан. Яг тэр үед төсвийн алдагдал ихэсч байсан ч богино хугацаанд өрөө дарж, эдийн засгаа сэргээж чадсан юм. 
 
Америк улс нь эрчим хүч болон бусад салбарын бүтээгдэхүүнүүдээ дотооддоо үйлдвэрлэх бодлого барьж байгаа. Энэ нь Канадаас авах газрын тос, экспортод тулгуурласан бусад бүтээгдэхүүний хэмжээ буурах шалтгаан болж буй. Гэвч бусад улстай харьцуулахад Канад эдийн засгийн хямралаас богино хугацаанд гарч чадсан. Тухайлбал, өрийн хэмжээ ДНБ-ий 25 хувийг эзэлдэг. Өмнө нь буюу 2008-2011 оны хямралын үед Канадын өр ДНБ-ий 60 хувьд хүрч байсан байдаг. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлээгүй бөгөөд хүндрэлээс гарч чадсан юм. Хямралын үед Канад улсын арилжааны банкууд болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл харьцангуй тогтвортой байж, бодлогын хүү болон үнэ ханш буурах бус харин ч өсөх хандлагатай байсан.
Манай улсын хувьд төсвийн алдагдал харьцангуй бага. Ерөнхийдөө, төсвийн алдагдал нь гадаад худалдаанаас ихээхэн шалтгаалдаг. Одоогийн байдлаар Хятадтай хийсэн худалдааны алдагдал АНУ-тай хийснээс даруй дөрөв дахин их байна. Төсвийн алдагдлаас гарахад хамгийн эхэнд бид илүү зардлаа танасанд бий. Бид жилд 20 хувийн төсвийн таналт хийж, алдагдлаа бууруулж чадсан. Түүнчлэн төсвийн алдагдалтай он жилүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн 14 хувиар өссөн ч иргэдийн цалингийн хэмжээнд өөрчлөлт ороогүй. 
 
Манай улсын баруун эргээс зүүн эрэг хүртэл бараа тээвэрлэдэг төмөр замын татвар хамгийн өндөр байдаг. Хямралтай үеэр татварыг зогсоох хүртэлх арга хэмжээ авч байлаа. 
 
Канадын хөрөнгийн зах зээл нь корпорацийн хэмжээнд хөгжиж буй. Харин хувь хүн оролцох тохиолдол түгээмэл биш байгаа. Учир нь хөгжилтэй орны иргэдийн дундаж цалингийн хэмжээ харьцангуй тогтвортой байгаа нь иргэд компанийн хувьцаа худалдан авч хөрөнгийн зах зээлд оролцох боломжгүйд хүргэдэг.
 
Канадын эдийн засагчийн Монголын эдийн засагт өгөх зөвлөмж
 
Сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүний  экспорт нэлээд өссөн байна. Гэвч нөгөө талаас дэлхийн эдийн засгийн өсөлт тогтворгүй байгаа учир эрдэс баялгийн үнийн дарамтад энэ улс байна гэж хэлж болно. Хятад, Монголын хувьд эдийн засгийн өсөлтөө хадгалахын тулд үнийн эх үүсвэр дээр зээлийг дэмжин, эдийн засгаа тэлэх арга хэмжээг авч болох. 
 
Хөгжсөн орнууд эдийн засгийн хямралд өртөхөөсөө өмнө ямар байсан дүр зураг яг одоогийн Монгол улсын бодит байдал болчихоод байна. 
 
Гэтэл энэ тал дээр дэлхийн орнуудад хангалттай түүх, сургамж бий. АНУ-ын хувьд л гэхэд энэ шатлалаар явснаар зургаан жилийн дараа эдийн засаг нь сэргэх хандлага ажиглагдаж ирсэн байдаг. Харин Япон улсын хувьд 1980-аад оны сүүлд үүссэн санхүүгийн хямрал нь одоог хүртэл намжиж амжаагүй байна. Тийм учраас төсвөө хянаж, зохистойгоор эдийн засгаа хувиарлах хэрэгтэй. Учир нь, одоогоор эдийн засгаа танах байдал нь богино хугацаандаа сөрөг үр дагавартай байх ч урт хугацаандаа олон давуу талыг авчирна. 
 
Монгол Улсын өрийн хэмжээ, төсвийн гадуурх зардал эрс нэмэгдэж байгаа нь тухайн улсын хувьд эдийн засаг хямрах нөхцлийг бүрдүүлэх талтай. Зээлийн арга хэмжээ нь  эргэн төлөгдөх мөчид багагүй хүндрэлийг бий болгодог талаар олон улсын жишээ их бий. 
 
Манай улсын хувьд гадаад өр Канад доллараар тооцогддог. Харин Монгол Улсын хувьд гадаад мөнгөн тэмдэгтээр тооцогдож байдаг нь төлбөрийн тэнцлийн хувьд эмзэг байдлыг үүсгэж байна. Тухайлбал,  Канад долларын ханш унасан ч бид улсынхаа мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх учраас эрсдэл харьцангуй бага. 
 
Хятад экспортлогч орноос шууд хэрэглээнд суурилсан эдийн засгийг бүтээнэ гэдэг боломжгүй
 
Хятад улсын хувьд экспортод түшиглэсэн эдийн засгийн өөрчлөлтийг хийхээс илүү дотоодын үйлдвэрлэлд анхаарсан бүтцийн өөрчлөлт хийх сонирхолтой байна. 
 
Одоогийн байдлаар тус улсын ард иргэдийн цалин, ДНБ-ий эзлэх хувь харьцангуй бага байна. Бусад улсын хувьд харьцуулахад Хятад улс экспортод тулгуурласан эдийн засагтай орон байх болов уу гэсэн таамаг бий. Хөгжилтэй орны жишгээс харахад эдийн засаг нь иргэдийн хэрэглээнээс хамааралтай бол Хятад улсын эдийн засаг экспортын хэмжээгээр үнэлэгдэх нь гарцаагүй. Учир нь экспортлогч орноос шууд хэрэглээнд суурилсан амжилттай эдийн засаг бий болгоно гэдэг боломжгүй гэж харж байна.
 
Хятад улсын хувьд эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд зээлийн асуудалд түлхүү анхаарлаа хандуулж байгаа. Энэ нь өнөөгийн хөгжсөн орнуудын өмнөх дүр зураг гэдгийг тэрбээр хэллээ.
 
 
 
 
Бэлтгэсэн: Б.Энхцэцэг, А.Бүрэнжаргал