Аялал жуулчлалын салбарын саад

Хэн ч, хэзээ ч очихгүй байгаа тэр газар бол очиж үзэх ёстой газруудын нэг

Монгол Улсын иргэд эх нутгаа хаана ч байхгүй үзэсгэлэнт байгалийн тогтоцтой гэж харж, боддог. Монгол бол баялаг түүхтэй орон. Засгийн газар эдийн засгийн бодлогынхоо хүрээнд тус салбарт тун бага мөнгө, хүч зарцуулдаг нь харамсалтай.
Тогтвортой аялал жуулчлал нь тухайн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, зарцуулалтыг дэмжиж байдаг. Энэ нь тухайлбал, Монголын нүүдлийн уламжлал гэх мэт устан үгүй болж буй гайхам соёлыг хадгалан үлдэхэд тусалдаг эдийн засгийн идэвхжүүлэгч юм. Уул уурхайн салбар л гэхэд эсрэгээрээ хүн амын тун цөөн хэсэгт л өгөөжөө өгч байх жишээтэй. Байгалийн баялагт хэт их найдан дулдуйдах нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг чангалж, бусад салбарын өрсөлдөх чадварыг унагаж байдаг. Үүнийг товчхондоо Голланд өвчин гэж дэлхий даяар нэрлэдэг.

Ерөнхийд нь харахад аялал жуулчлалын салбар 2014 онд чирэгдсэн өнгө аястай байна. Засгийн газраас гаргасан мэдээллээс үзэхэд 2014 оны эхний долоон сард жуулчлалын визээр орж ирсэн аялагчдын тоо өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 8.5 дахин бага байж. Тэгэхээр энэ жил нийт 210.587 гаднын иргэн Монголд зочилсон гэсэн үг.


Гэсэн ч олон хүн Монголд хөдөлмөр эрхлэх болон бусад шалтгаанаар ирдэг учир дээрх тоо дангаараа итгэж болох бодит тоо болж чадахгүй.  “Женко тур Бюро” хувьцаат компанийн санхүүгийн тайлангаас үзэхэд тус компанийн орлого энэ жилийн эхний хагаст 22 хувиар буурсан байна. Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл үүнийг баталж, сүүлийн жилүүдтэй харьцуулахад аялал жуулчлал энэ жил нэлээд уналттай байгааг хүлээн зөвшөөрсөн. Харин долдугаар сар салбарын хувьд нэлээд амжилттай байжээ. Гэвч энэ хандлага нь зөвхөн долдугаар сарын дүр зураг аж. Зургаадугаар сарын хувьд тийм ч өгөөжтэй байгаагүй бол наймдугаар сард ч мөн сайнгүй байжээ.

Өөрөө өөртөө дайсан

Монголын аялал жуулчлалын үйлчилгээ ихэнх жуулчдад дутмаг сэтгэгдэл үлдээдэг. Засмал замуудын хувьд дутагдалтай байдаг нь аяллыг хэт удаашруулж, шөнө үзэгдэх орчин хязгаарлагдмал учир айдас  түгшүүрийг дагуулах нь бий.  Хэдийгээр Засгийн газар ирэх жил гэхэд хот, аймгуудыг засмал замаар холбохоор төлөвлөж буй ч аймгуудыг дайрсан аяллын маршрутад төдийлэн том нөлөө үзүүлэхгүй.


Засмал замын чанарын хувьд тун тааруу бөгөөд овгор товгор, нүх ихтэй. “Засгийн газар замуудад үнэхээр их ажил хийх хэрэгтэй байна” хэмээн “Нью жуулчин” компанид дөрвөн жил хөтөч хийсэн, одоогоор борлуулалтын менежер хийж байгаа У.Цэцэнбилэг хэлж байв.

Агаарын аялал тун найдваргүй байгааг тэрбээр мөн учирлалаа. Олон долоо хоногийн өмнө нислэгийн компанид захиалга өгч, суудал захиалсан ч нислэгийг байнга хуваарьт өдрөө цуцлагддагийг хэлэх жишээтэй.
Ц.Оюунгэрэл сайд болон борлуулалтын менежер У.Цэцэнбилэг хоёул аялал жуулчлалын компаниуд маркетинг сурталчилгаагаар дамжуулан чадамж өндөртэй жуулчдыг илүү татах хэрэгтэй гэж үзэж байна. Тийм учраас Аялал жуулчлалын яам салбарын төсвийн дийлэнх хувийг олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, худалдаа болох “ITB”-тэй хамтрахад зориулж байгаа бөгөөд энэ нь дэлхий даяар аялал жуулчлалын компаниудтай харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллахад чиглэж буй. 

Гэвч албан газруудын хаяг, тэмдэглэгээг англи хэл дээр байлгахыг хориглохыг оролдсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр нь тус салбарыг хохироож байна. Иргэдийн зүгээс дээрх харийн хэл дээрх хаяг, тэмдэглэгээ нь нийслэлийг  гаднын улс шиг харагдуулж байна хэмээн шүүмжилдэг. Харин Оюунгэрэл сайдын хувьд англи хэл дээрх хаягууд жуулчдад ихээхэн тус болдог учир энэ тал дээр эсрэг байр суурийг хүчтэй илэрхийлсэн гэв. 

Монголын аялал жуулчлалыг урагш хүчтэй чирдэг үйл ажиллагаануудын нэг “Монгол Ралли” авто аялал байсан ч хүмүүсийн сөрөг хандлагаас үүдэн Монголд ирэхээ бараг болжээ. Арга хэмжээг зохион байгуулагч “The Adventurist” тус жолоодлогын марафоныг 10 жилийн өмнөөс зохион байгуулж байгаа бөгөөд менежерийнх нь хэлж байгаагаар тэд үргэлж барианы цэгээ шинэ газар, оронд байлгадаг байна. Ирэх онд автомашин сонирхогч зоригтнууд Их Британиас эхлэн Европ, ЕвроАзиар хөндлөн давхиж, Монгол туургатнуудын  нэг, Оросын БНБУ-ын нийслэл Улаан-Үүдэд бариандаа орж ирэхээр болоод буй.
Тус арга хэмжээний хүрээнд Монголд үлдээсэн уралдааны машинуудыг зарж, хандивлахын оронд энэ жил анх удаа Монголоос буцаан татаж, Европ руу аваачна. Энэ нь “Нэг ч машин ардаа үлдээхгүй” гэсэн шинэ бодлого аж. Зохион байгуулагч Кэти Вэллингс “Бид хэзээ ч дахин Монгол руу машин импортлохгүй” гэсэн юм.

Дотоодын хэвлэлүүд “Монгол Ралли” уралдааныг олон нийтийн тухыг алдагдуулсан, хөгжиж буй оронд муу машинуудаа хаяад явах гэсэн гаднын залуу жуулчдын ядруу оролдлого хэмээн буруутгасан өнгө аястайгаар харуулж байсан. Гэтэл нөгөө талаас тус арга хэмжээний зохион байгуулагч Виллингс “Дээрх машинуудыг сэргээн засварлаж, асуудалгүй болгодог. Түүнчлэн бид зарах болон хандивлахаас өмнө техникийн үзлэгээр оруулдаг” гэсэн юм. Борлуулалтаас олсон орлого “The Adventurist”  компанийн дээрх арга хэмжээнд гаргасан зардлаас хэтэрбэл халамжийн газарт хандивладаг гэж тэрбээр хэлсэн.

Монголын Засгийн газартай үүссэн энэхүү төвөгтэй харилцаа нь тус арга хэмжээг зохион байгуулах нь ач холбогдол гэхээсээ илүүтэй асуудал болж хувирсныг зохион байгуулагч хэлж байгаа юм. Тиймээс оролцогчид заавал Монголд уралдаанаа дуусгах гэж энэ улсаар дамжих шаардлагагүй гэж бид үзсэн гэж тэрбээр онцолсон. Монголчуудын хувьд тус арга хэмжээнээс орж ирдэг байсан олон зууны машины гаалийн татвар, нэмүү өртгийн татвар, онцгой албан татвар, борлуулалтын татвар үгүй болсон гэсэн үг. Хамгийн муугаар бодоход уралдаанд оролцогсдын Монголд аялах хугацаандаа зарцуулах байсан доллар одооноос эхлээд байхгүй болсон.

Казинод шоогоо хаях уу

Аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл гаднынхныг татах шинэ сонирхлуудыг бий болгох үүднээс мөрийтэй тоглоомыг хуульчлахаар зорьж байна. Тэрбээр мөрийтэй морин уралдааныг зөвшөөрдөг болгох хуулийг УИХ дэмжинэ гэж найдаж байгаа гэлээ. Үүний зэрэгцээ казиногийн үйл ажиллагааг Монголд зөвшөөрөх ахин нэг хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байгаа аж.
“Мөрийтэй тоглоомыг хариуцлагатай талаас нь хуульчилж чадвал Монголын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө болно. Мөн энэ нь одоогийн эдийн засаг суурилж буй уул уурхайн салбараас ч том эдийн засгийн тулгуур салбарыг бий болгож чадна” хэмээн үл хөдлөх хөрөнгийн “Mongolia Growth Group” компанийн орлогч дарга Харрис Куппермэн хэлж байна.


Тэрбээр мөн мөрийтэй тоглоомыг хуульчилбал Монголын аялал жуулчлал Макаогийн өнгөрсөн арван жил дэх өсөлтийн шууд тусгал болно. Ганцхан Хятадыг аваад үзэхэд тэрбум үйлчлүүлэгч хажууд байна гэсэн юм.

Үйлчлүүлэгчдээ “Төөр, асуудалд ор” хэмээн уриалдаг “The Adventurist” компани ч Монголыг хараахан орхиод гарчихаагүй. Тэд тэртээх 13-р зууны үеийн Их Монгол улсын өртөө улаа ашиглан “хэл” залгуулж байсан түүхийг дуурайсан 1000 км үргэлжлэх морин уралдаанаа цаашид ч зохион байгуулсаар байх болно. Тус арга хэмжээний хүрээнд морьдоо түрээслэх малчин иргэдийг авч ажилуулдаг. Монголын морьтон соёлоос улбаалан тус арга хэмжээг монголчууд ч өөрсдөө ихээхэн сонирхдог.
Гэвч салбарын гол сорилт нь эхний ээлжинд Ц.Оюунгэрэл сайд болон аяллын компаниуд Монгол бол давтагдашгүй онцгой газар гэсэн “товойсон” тод өнгийг арилгачихгүйхэн шиг салбараа өөд нь татах явдал юм.

“Монголд юмс тодорхойгүй байдаг нь гаднын зочдын хувьд сэтгэл гонсойх, эмээн түгших гол шалтгаан болдог ч үүнийг нөгөө талаас нь харвал сайн тал бас бий” хэмээн Ц.Оюунгэрэл сайд учирлалаа.
Тэрбээр Монгол руу аялахаар зэхэж буй айлчин гийчид энэ орноос яв цав тодорхой байдлыг хүлээгээд хэрэггүй. Харин өдөр тутам тогтсон хуваариар амьдардаг хүмүүс энэхүү нэгэн хэвийн хэмнэлээ орхиод Монголд ирж үзэх хэрэгтэй гэж зөвлөж байна.