Нам инфляци горилох жил

 Монголбанк инфляцийн зорилтот шинэ түвшингээ тодорхойлжээ. Тэд хяналтаас аажмаар гарч буй инфляцийн эсрэг мөнгөний бодлогоо чангатгах нь. Ингэснээр 13 хувьд хүрээд буй инфляцийг ирэх оны эцэст долоон хувиас хэтрүүлэхгүй гэв. Өнгөрсөн жил энэ оны инфляцийн түвшинг найман хувиас доошгүй байхаар тэд зурагласан. Гэвч инфляци одоогийн эрчээрээ явбал оны төгсгөлд 14 хувьд хүрч мэдэхээр байгаа. Харин Төвбанкны өөрсдийн тооцооллоос үзэхэд оны эцэст 12.1 хувь буюу одоогийнхоос 0.9 нэгжээр буурахаар байна. Тэгвэл “Мандал Женерал Даатгал” компанийн шинжээчдийн харж буйгаар оны эцэст дээрх тоо 13-17.5 хувьд хэлбэлзэх төлөвтэй.

Инфляцийг бараг л хоёр дахин бууруулна гэж Төвбанк “Төрийн мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл”-дээ тусгажээ. Төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй тус байгууллага сүүлийн 10 жилд инфляцийг онилсон мөнгөний бодлого хэрэгжүүлж ирсэн гэж хэлж болно. Гэвч инфляци “зурхай”-гаа оноогүй нь их. Энэ нь мөнгөний бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж буй зарим ажил үр дүнгээ өгөхгүй байгааг илтгэх.

Мөнгөний бодлого улс орны эдийн засгийн хөгжлийг удирдах макро эдийн засгийн бодлогын нэг хэсэг төдийгүй Засгийн газрын шууд нөлөөллөөс тусдаа байж зах зээлийн механизм дээр суурилан хэрэгждэг онцлогтой.

Гадаад валютын орох урсгах нэмэгдэхгүй, нөөц хэмжээ буурсаар буй. Гадаад валютын албан нөөцийн хэмжээ 1.3 тэрбум ам.доллар болж оны эхнээс 40 хувиар буураад байна. Энэ нь импортын 12.1 долоо хоногийн хэрэгцээ хангахаар байгаа аж. Иймээс мөнгөний нийлүүлэлтийг нэмж тэлэхээс Төвбанк зайлсхийж байгаа бөгөөд үүнийгээ 2015 оны мөнгөний бодлогод дурьджээ. Өөрөөр хэлбэл “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т ирэх онд Монголбанк тэргүүлэх үүрэгтэй оролцохгүй гэсэн үг.

Хоёр жилийн турш хэрэгжүүлсэн уг хөтөлбөрт олгох санхүүжилтээ цаашдаа багасах аж. Харин орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийг авч үлдэх юм байна. Бусад хөтөлбөрийн зээлийг бууруулах замаар эдгээр хөтөлбөрөөс үе шаттай гарах зарчим Монголбанк баримталж байгаа. Тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Төвбанк Засгийн газартай хамтран таван дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Монгол Улсын эдийн засгийн “эрүүл мэнд”-ийг илчлэх төлбөрийн тэнцэлд үүссэн хүндрэл энэ оны туршид үргэлжилж байгаа. Сүүлийн 1.5 жилийн хугацаанд төлбөрийн нийт тэнцэл 2.8 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. Энэ нь ДНБ-ий 23 хувьтай тэнцэх хэмжээ бөгөөд сар бүр дунджаар 150 сая ам.долларын алдагдал хүлээж байна. Үүнээс гадна энэ оны эхний найман сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ ДНБ-ий ердөө найман хувьтай тэнцэх болов. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн өмнө ДНБ-ий 40 гаруй хувьд хүрч байсан ГШХО 70 хувиар буураад байна.

Улсын зээлжих зэрэглэл уруудсан, томоохон төслүүдийн хэрэгжилт он дамнан удааширч байгаа нь мөнгөний бодлогын үр дүнд ч сөргөөр нөлөөлж эхэлсэн. Мөнгөний бодлогын үндсэн зорилт бодитой харагдахгүй байгаа нь олон нийтэд эргэлзээ төрүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлогод итгэх иргэдийн хүлээлт суларч байгааг МУИС-ийн Бизнесийн сургуулиас жил бүр гаргадаг “Хэрэглэгчийн итгэл индекс” судалгааны тайланд тэмдэглэжээ. Тус тайланд “Төвбанк бодитой зорилт дэвшүүлж, түүнийгээ биелүүлэхгүй бол инфляцийг удирдах боломж улам хомсдох эрсдэлтэй”-г өгүүлсэн нь бий.

Шинэчлэлийн Засгийн газарт “тонгоруулсан” Монголбанк эрсдэлийн “өрөг” дээр нүүгээд эхэлсэн. Ирэх жилийн хийх эхний нүүдэл нь УИХ-д оруулж ирсэн 2015 оны мөнгөний бодлого. Эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах нь уг бодлогын үндсэн зорилт. Түүнчлэн санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засаг дунд болон урт хугацаанд тэнцвэртэй бөгөөд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэх нь оноогдсон үүрэг. Харамсалтай нь Монголбанкинд ганцаарчилсан “тоглолт” хийх боломжийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд засаг болоод цаг үе нь олгосонгүй. Тэд ч өөрсдөө эрсдэлийг сөрж, урагшаа давшилт хийсэнгүй.

Ирэх жил Төвбанкны хувьд эдийн засгаа тогтворжуулах гарааны жил. Бодит хүндрэлтэй илүү нүүр тулах бэрх үе тохиохыг ч үгүйсгэх аргагүй. Үүнийг алдагдал багатай туулах хүнд “даалгавар”-ыг УИХ-аас өгч магадгүй. Гэхдээ экспортын түүхий эдийн үнэ сэргэхгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, “Оюутолгой” төслийн гүний уурхайн хоёр дахь шатны санхүүжилт шийдэгдээгүй тохиолдолд мөнгөний бодлого “гар мухардах” талтай. Хэдий мөнгөний бодлогын хүүг нэмээд ч асуудал төдийлэн намжихгүй нь илэрхий.

Сангийн сайд асан Ч.Улаан “Засгийн газар ирэх онд иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2.5 дахин нэмэгдүүлнэ” гэж мэдэгдсэн. Энэ тохиолдолд инфляцийг нэгэн оронтой тоонд оруулна гэдэг амаргүй. Төвбанк инфляцийг бууруулахаас гадна ажилгүйдлийг аль болох бага түвшинд байлгах ёстой. Тиймээс зөвхөн инфляци хэмээх өндөр үзүүлэлттэй тулалдах нь Монголбанкны хувьд илүү гарлагатай байж болох юм. Одоо ам.долларын ханш 1860 орчим төгрөгтэй тэнцэж байгаа. Үүний эсрэг Монголбанк тодорхой зорилтот бодлого хэрэгжүүлэхгүй гэдгээ үргэлж хэлдэг. Цаашдаа ч тэд ханш уян хатан тогтох ёстой гэсэн зарчмын байр сууриа хадгалсаар байх нь. Нам инфляци горилох жилийн төрийн мөнгөний бодлогыг УИХ  ирэх өдрүүдэд дахин хэлэлцэнэ.

 

"Мongolian Economy" сэтгүүл #076/ 2014.11.1-ны дугаараас