Цалин, тэтгэвэр нэмэхэд 500 тэрбум төгрөг зарцуулна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль болон дагалдах бусад хуулиудын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “2015 онд эдийн засгийн байдал улам хүндэрхээр байна. Ийм үед 2015 оны төсөв чухам хэр төвшинд бүсээ чангалсан юм бэ. Одоо байгаа төвшин нь ямар байгаа вэ. Ажлын хэсгийн хуралдаанаар илүүдэл зарлагуудыг дахин танах талаар ярьж, хэлэлцсэн үү” гэхэд ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү “Ажлын хэсгийн хуралдаанд тийм санал гараагүй. Гэхдээ гишүүд одоо байнгын хорооны хуралдааны үеэр санал, дүгнэлтээ гаргаад, ажлын хэсгийн дүгнэлтэд оруулаад явах боломжтой” гэсэн юм. 
 
Мөн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “УИХ Засгийн газарт таван тэрбум ам.долларын бонд гаргах эрх олгосон. Тэгсэн хэр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулалгүйгээр хоёр жил боллоо. Мөн төсвөөс гадуур урсаж байгаа энэ их бондын мөнгөө төсөвтөө оруулж, тусгаач гэдэг. Тэгээд төсөвтөө тооцоолоод оруулж ирсэн. Гэтэл Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзээд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөн л хэлэлцэхийг хойшлуулчихаад байгаа. Энэ хэдий хүртэл үргэлжлэх вэ” гэв. Үүнд Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү энэ асуудлаар УИХ-ын төвшинд тодорхой ойлголцолд хүрвэл шийдэж болохгүй гэх газаргүй хэмээсэн. 
 
УИХ-ын гишүүд мөн энэ үеэр ирэх оны төсөв дээр төрийн албан хаагчдын тоо хэрхэн нэмэгдэж байгаа, тэдэнд олгох цалин хөлс хэрхэн нэмэгдэж байгаа талаар тодруулсан. Сангийн дэд сайд С.Пүрэв “Ирэх онд шинээр цэцэрлэг, сургууль ашиглалтад орохтой холбоотойгоор төрийн албан хаагчдын тоо 2500 орчмоор нэмэгдэнэ. Ирэх оны төсөв дээр 900 орчим тэрбум төгрөгийн зарлага нэмэгдэж байгаа. Үүний бараг 50-иас илүү хувь нь буюу 500 тэрбум төгрөг зөвхөн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зарцуулагдана.” гэсэн юм.
 
Дашрамд, Эдийн засгийн байнгын хорооноос гарсан ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Батхүү ахалж буй юм.  
 
 
С.Аз