Төсвийн алдагдал дөрвөн хувьд хүрэх нь

УИХ ирэх оны төсвийг энэ сарын 15 гэхэд батлах ёстой. Гэхдээ үүнээс урьтаад засгаа унагачихлаа. Тэгсэн ч гэсэн үүрэг гүйцэтгэгчтэй гүйцэтгэх засаглал асуудлаа УИХ-д оруулж батлуулах нь нэгэнт тодорхой байна. Учир нь, дараагийн Ерөнхий сайдыг хуульд зааснаар 30 хоногийн дотор томилох ёстой.  
 
Ямартай ч энэ Засгийн газар 2015 оны төсвийн төслийг боловсруулж дууссан. Энэ төслөөр ирэх онд улсын төсвийн орлого 7.1 их наяд төгрөг байхаар тооцоод буй. Мөн төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувь буюу 478 тэрбум төгрөг байх төсөөлөл хийгээд байна. Удахгүй УИХ-аар хэлэлцэх ирэх оны төсвийн төсөлд манай улсын ДНБ 23.9 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Өнгөрсөн онд манай улсын ДНБ 19.1 тэрбум төгрөг байв. Энэ жил 21.6 тэрбум хэмээн төсөөлсөн байдаг. Сангийн яамнаас хийсэн тооцоогоор эдийн засгийн өсөлт энэ жил 6.9 хувьтай гарна. Тэгвэл ирэх жил 7.1 хувьтай байхаар төсөөлөөд буй юм.
 
Эдийн засгийн хямралын нөлөөгөөр импорт энэ жил 779.2 сая ам.доллараар буурсан. Гэвч ирэх онд импорт 800 сая ам.доллараар нэмэгдэх төсөөлөл төсвийн төсөлд тусгажээ. Манай улсад одоогоор 370 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд ДНБ-ий 40 хувийг эзэлж байв. Гэтэл өнгөрсөн жил 16, энэ онд найман хувь болж буурсан тооцоог Төв банкнаас гаргаад байгаа. 
 
Нэгэнт орж ирэх мөнгөний урсгал татарсан нь төлбөрийн тэнцлийг хүндрэлд оруулсан. Энэ дарамт 2012 оны хагас жилээс хойш эхэлсэн гэх. Монголбанкнаас гаргасан тооцоогоор сүүлийн 20 сарын хугацаанд төлбөрийн тэнцлийн алдагдал ДНБ-ий 24 хувь буюу 2.8 тэрбум ам.долларт хүрчээ.  
 
Нөхцөл байдал ийм байгаа ч “Нээлттэй нийгэм форум”-ын судлаачид ирэх оны төсвийн төсөл, орлого, зарлагын талаар судалж, дүгнэлт хийсэн байна. Тэд энэ жилийн төсвийн тасалдал одоогоор 672 тэрбум төгрөг байна. Үүний 43 хувь нь НӨАТ, 41 хувь нь Ашигт малтмалын нөөц ашигласны татварын орлого аж. Цаашид гадаад нөхцөл байдал сайжрахгүй бол 800 тэрбумаас нэг их наяд төгрөгөөр улсын төсөв тасарна хэмээн үзжээ. 
 
Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчиж буй явдал юм. Учир нь, төсвийн алдагдал ДНБ-ий дөрвөн хувьд хүрэх гэнэ. Мөн уул уурхайн салбарын өсөлтийг энэ жил хэт өндөр үнэлж, төсөвт тооцсон нь том алдаа болсон. Тухайлбал, тус салбараас олно гэж тооцсон орлого 60 хувиар доогуур байгаа юм. Ашигт малтмалын зах зээл, Хятадын эдийн засгийн байдал зэрэг хүчин зүйлсийг тооцолгүй хэт өөдрөг төсөөлөл хийсэн гэж судлаачид үзсэн байна. Гэхдээ энэ төсөөллийг ирэх онд эдийн засгийн нөхцөл байдал сайжирна гэдэгт тулгуурлан хийсэн аж. 
 
Иймээс ирэх жилийн төсвийн орлогыг энэ оны тодотгосон төсвөөс 3.7, зарлагыг 4.5 хувиар нэмэгдүүлэн тооцож. Тэгэхдээ нийт орлогын 82 хувь буюу 5.9 их наяд төгрөгийг татварын орлогоос 17 хувь буюу 1.19 их наяд төгрөгийг татварын бус орлогоос бүрдүүлэх гэнэ. Судлаачид манай улсыг гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жил дараалан буурч, төлбөрийн тэнцэл, ханшийн дарамт, Хятадын эдийн засгийн удаашрал, ашигт малтмалын зах зээлийн байдлыг тооцоогүй байна хэмээн шүүмжилж байна. Ирэх онд эдийн засаг сайжрах төлөв ажиглагдахгүй байгаа аж. Тухайлбал, эдийн засгийн өсөлт огцом буурч инфляц нэмэгдэх аюул бий гэнэ. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, гадаад валютын нөөц хурдацтай шавхагдаж ханшийн дарамт нэмэгдэж буй. Үүнээс гадна төсвийн тэлэлт үрэлгэн байдал үргэлжилж буй аж. Тухайлбал, цалин, тэтгэвэр тэтгэмж, олон улсаас авсан зээлийн үйлчилгээний төлбөр ирэх жилийн төсөвт нэмэгдэж буй нь ихээхэн дарамт болно хэмээн “Нээлттэй нийгэм форум”-ын судлаачид дүгнэжээ. 
 
Түүнчлэн энэ оны төсвийн орлого 6.9 их наяд төгрөг хэмээн төсөөлсөн. Сангийн яамны мэргэжилтнүүдийн тооцоогоор төсвийн орлого одоо хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6.1 их наяд төгрөг болж буурах тооцоо гараад байгаа. Тэгэхээр 800 тэрбум төгрөгийн орлого тасалдах нь. 
 
 
С.Заяа