Э.Алтанзул: Өмч хувьчлалаас 153 тэрбум төгрөг ирэх оны төсөвт төвлөрнө

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Э.Алтанзултай ирэх жилийн төсвийн төслийн талаар тодрууллаа. 
 
-Ирэх онд эдийн засгийн нөхцөл байдал муу хэвээр байна. Учир нь, дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ өсөхгүй гэх таамаг бий. Тэгэхээр төсвийн орлого дахиад  л тасарч мэдэх юм. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
 
-Энэ оны төсвийг харьцангуй өндрөөр төсөөлсөн. Тодруулбал, 31 сая тонн нүүрс, 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортод гаргахаар тооцсон юм. Гэтэл өнөөдрийн байдлаар төлөвлөсөн хэмжээний нүүрс экспортолж чадахгүйд хүрсэн.  Зэсийн баяжмалын экспорт төлөвлөсөн хэмжээнээс давж байна. Тэгэхээр давсан нь буурснаа нөхөөд нийт орлогын дүнгээ барих боломжтой.  Ирэх онд ч ийм төсөөлөл гарч буй юм. 
 
-Ирэх жилийн төсөвт өмч хувьчлалаас олох орлого эрс нэмэгдсэн байна лээ. Энэ талаар тодруулбал?
 
-Ирэх онд төсөвт 163 тэрбум төгрөгөөр өмч хувьчлалын орлого нэмэгдэхээр төсөөлж байгаа. Тухайлбал, “МИАТ” ХК-ний 49, “Хөтөлийн цемент шохой” ХК, Хөрөнгийн биржийн 49 хувийг хувьчлалаас нийт 153 тэрбум төгрөг төсөвт төвлөрнө. Дээр нь улсын хэмжээнд ашиглагдахгүй актлагдсан 70 гаруй үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж 10 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон. УИХ-аас төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийн жагсаалт батлах учиртай. Одоогоор энэ жагсаалтыг батлаагүй байна. Иймд эдгээр асуудал хэрхэн батлагдахыг хэлэх боломжгүй юм.  
  
-Төсвийн орлогоо багаар тооцож хатуу бодлого баримтлах ёстой гэсэн зөвлөгөөг гадаад, дотоодын эдийн засагчид, манай улстай  хамтран ажилладаг  олон улсын байгууллагууд зөвлөж байгаа. Ирэх жилийн төсвийн орлогыг бууруулж тооцох уу? 
 
-Ирэх оны төсөвт эдийн засгийн бодит өсөлтөө харгалзан үзэж татварын орлогоо багаар тооцсон. Хамгийн гол нь татварын бус орлого нэмэгдүүлэхийг зорьж буй юм.  Нэгэнт тэлсэн зах зээлийг бид аль болох хүчтэй савлуулахгүйгээр зарлагаа санхүүжүүлэх ёстой. Иймд төсвийн орлогыг шууд бууруулах боломжгүй. Аажим аажмаар бууруулах учиртай. Ирэх оны төсвийн төслийн гол онцлог нь энэ юм. Мөн төсөвт тодотгол хийх нөөц судалгааг хийгээд байна. 
 
 
 
С.Аз