Орос жуулчид ресторанд “хайртай”

Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчих гэрээ энэ сарын 14-нөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Хоёр улсын иргэд нэг удаа харилцан визгүйгээр 30 хүртэлх хоногын хугацаатайгаар зорчих эрхтэй болж буй. 
 
Визгүй зорчих журам хэрэгжиж эхэлснээр хоёр улсын хооронд аялал жуулчлалын болон хувийн зорилгоор зорчигчид нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Энэ хүрээнд  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харъяа байгууллагууд хамтран “ОХУ-ын жуулчид ба Улаанбаатар хот” уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. 
 
Дэлхийн хамгийн их жуулчинтай улсын жагсаалтад тус улс сүүлийн хоёр жилд долдугаар байраас тав руу орж урагшилсан бөгөөд жилдээ 4.8 сая ам.долларыг аялалд зарцуулдаг аж. 
ОХУ-ын иргэд жилд 40 хоног амардаг бөгөөд энэ нь дэлхийн хамгийн урт амралттай улсад тооцогддог аж. Энэ нь бусад улс оронд аялах боломжид нөлөөлдөг байж болох. 
 
Тухайн улсын жуулчдын хувьд хөдөө орон нутгаар аялахаас илүү хот сууринг чухалчилдаг онцлогтой. Тодруулбал нийт аялагчдын 56 хувь нь тухайн улсын ресторанд хамгийн их мөнгө зарцуулдаг бол жуулчдын ихэнх нь соёл урлагийн үзвэрт өндөр ач холбогдол өгдөг талаар Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга хэллээ. 
 
Мөн манай улсад ирж буй жуулчдын 93 хувь нь Улаанбаатар хотоор дамжин өнгөрдөг. Тийм учраас Нийслэлийн зүгээс ОХУ-ын жуулчдад зориулсан цахим хуудас, аяллын хөтөлбөр бүхий товхимол, үйлчилгээний ажилтнуудад зориулсан Орос-Монгол ярианы дэвтэр, хөтөч бэлтгэх ажлыг хийж эхлээд байгаа аж. 
 
Түүнчлэн Улаанбаатар хотын онцлогийг харуулсан цуврал нэвтрүүлэг бэлтгэж, ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд, Читийн телевизүүдээр гаргахаар бэлтгэж байгааг нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ. 
 
 
 
 
А.Бүрэнжаргал