Цалин, тэтгэмжийг 500 биш 800 тэрбумаар нэм

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 60 хувиар,  цалингийн доод хэмжээг хоёр дахин нэмэх саналыг Улсын их хурал, Засгийн газарт дахин хүргүүлэхээр болжээ.  Уг саналыг МҮЭХ өнгөрсөн долдугаар сарын 29-нд хүргүүлж байсан аж. 
 
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэхийн тулд ирэх онд 500 тэрбум төгрөг төсөвлөж байгаа. Гэхдээ энэ мөнгө хангалтгүй. Тиймээс цалин, тэтгэвэр нэмэхэд 500 биш 800 тэрбум төгрөг шаардлагатай гэж манай холбооны зүгээс үзэж байгаа. Энэ хөрөнгийг бий болгох үүрэг УИХ-д бий. Жишээ нь, одоо улсын олон сангууд бий. Энэ сангуудад менежментийн өөрчлөлт хийж, цалин, тэтгэвэр нэмэх нөхцлийг бүрдүүлж болно  шүү дээ. Түүнээс биш цалин нэмнэ гээд ажил олгогчдыг татвараар дарамталж бас болохгүй” гэв. 
 
Боловсрол, эрүүл мэндийн салбарынхан төсвийн хүндрэлийн улмаас ирэх саруудад цалингаа авч чадахгүй байж магадгүй гэх мэдээлэл гарсан. Хэрвээ энэ үнэн бол төр үүргээ биелүүлж чадахгүй байгаа хэрэг. Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Боловсрол эрүүл мэндийн салбарынханы ажлын ачаалал өдөр ирэх тусам ихэсч байна. Төрийн анхаарах ёстой эдгээр салбарт ажиллагсад зээлээс зээлийн хооронд цалингаа хүргэж амьдардаг байсан бол одоо зээлээ ч төлж чадахгүй байдалд хүрчихээд байна. Ер нь боловсрол, эрүүл мэндийн салбар гэлтгүй ажил хийдэг хүмүүс өдгөө хүнд байдалд орчихоод байна. Тиймээс одоо Засгийн газар сандал, ширээ ярихын оронд ажил хийж баялаг бүтээж байгаа хүмүүсээ яаралтай дэмжих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол эдийн засаг жинхнээсээ элгээрээ хэвтэнэ” гэв. 
 
Төрийн эрх баригчид ажилтан, албан хаагчид, иргэдийнхээ саналыг огт сонсохгүй байгаа нь өнөөгийн хүндрэлийг бий болгосон гэдэгтэй Үйлдвэрчний эвлэлийн холбооныхон санал нэгтэй байна. Тиймээс төсөв хэлэлцэхээс өмнө яаралтай гурван талт зөвшилцлийг хийж, иргэдийнхээ саналыг төсөвтөө тусгах хэрэгтэйг тэд хэлсэн юм. Хэрвээ МҮЭХ-ны уг саналыг хүлээж авахгүй бол зарим тэмцлийн арга хэлбэрт шилжинэ гэдгээ санууллаа.
 
Э.Зоригт